Трамп төрийн эргэлт хийж, иргэний дайн дэгдээж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

Трамп төрийн эргэлт хийж, иргэний дайн дэгдээж чадах уу?

Трамп төрийн эргэлт хийж, иргэний дайн дэгдээж чадах уу?

АНУ-ын түүхэнд анх удаа сонгуульд албан ёсоор, улаан цайм ялагдсан Ерөнхийлөгч эрх мэдлээ хүлээлгэн өгөхөөс татгалзаж байна. Энэ нь мэргэжлийнхэн болон ажиглагчид төдийгүй энгийн иргэдэд хүртэл Трамп ямар нэгэн байдлаар төрийн эргэлт, цаашлаад иргэний дайн дэгдээхийг санаархаж, өөрийн засаглалыг авч үлдэхийн тулд дэмжигчдээ хүчирхийлэлд уриалан дуудах гэж байж магадгүй гэсэн түгшүүр төрүүлээд буй юм.

Энэ нь хэдий айдас хүйдэстэй санагдаж байгаа ч өмнө нь огт тохиолдож байгаагүй тул төсөөлөхийн аргагүй юм. Тэр тусмаа АНУ өөрөө бусад улс оронд өрнөж буй ардчилсан үйл явцад үргэлж хөндлөнгөөс оролцдог бөгөөд цаашлаад төрийн эргэлт өдөөх, ард түмний эрх баригч намдаа итгэх итгэлийг сулруулахыг санаархдаг билээ. Жишээлбэл, АНУ-ын ашиг сонирхол өнгөрсөн жил Боливид дээрх байдлаар нөлөөлсөн билээ. Тиймээс яг энэ зүйл АНУ-д эргээд өөрсдөд нь тохиолдоно гэж бодохоор санаанд багтамгүй. Өмнө нь АНУ 2000 онд ширүүн, маргаантай сонгууль үзэж байсан туршлагатай. Америкийг үүсгэн байгуулсан эрхмүүд ч тийм зүйл болно гэдгийг урьдаас мэдэж байсан гэдэг. Тухайлбал, Америкийн эхэн үеийн түүхэнд Жорж Вашингтон ард түмэндээ суудлаасаа буухыг хүсдэггүй Ерөнхийлөгчийг хэзээ ч бүү сонгоорой хэмээн захиж байсан аж.

Гэтэл одоо Дональд Трамп ялагдлаа үл хүлээн зөвшөөрч, суудлаасаа буухаас татгалзаж буй анхны түүхэн Ерөнхийлөгч болж байна. Тиймдээ ч зарим хүмүүс түүнийг төрийн эргэлт хийх гэж байна хэмээн эмээж байгаа юм. Сонгуулийн үр дүн гарч эхэлснээс хойш Трамп “Зарим сонгуулийн саналын хуудсыг хүчингүй болгож байна” гэх мэтээр ор үндэсгүй жиргээ бичих болсон билээ. Мөн тэрбээр сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзаж, нотлох баримтгүйгээр шүүхэд зарга үүсгэн тэмцэхийг оролдож байгаа юм.

Сонгуулийн өмнө ажиглагчдын таамаглаж байсан нь биеллээ олж, Трамп суудлаасаа буухыг үнэхээр хүссэнгүй. “Байден сонгуульд төлөөлөгчдийн олонхийн саналыг авлаа ч Трамп хүлээн зөвшөөрөхгүй байвал энэ асуудлыг дуусгах ямар ч жишиг, журам, хууль бидэнд байхгүй. Сонгуулиас болж өмгөөлөгч нар эцэс төгсгөлгүй заргад орооцолдсон маш олон жишээ олон улсад бий” хэмээн ажиглагч Бартон Геллман ярьжээ.

Сонгуулийн үр дүн тодорхой болоод долоо хонож байхад байдал өөрчлөгдсөнгүй. Цаашид юу болох вэ? Трамп цаашид хэрхэн хөдлөх, юу хийх талаар маш олон таамгуудыг хүмүүс ярилцаад эхэлжээ. Гэхдээ түүний хязгаарлагдмал эрх мэдлийн хүрээнд тэдгээрийн чухам аль нь боломжтой вэ? энэ талаар мэргэжлийнхэн байр сууриа дараах байдлаар илэрхийлжээ.

Төрийн эргэлт гарахгүй байж магадгүй ч иргэд Трампын ор үндэсгүй мэдэгдлүүдээс болоод ардчилалд итгэх итгэлээ алдаж магадгүй

Зарим улстөрчид болзошгүй төрийн эргэлт бус Трампын худал үгс ард иргэдийн ардчилалд итгэх итгэлийг сулруулах вий гэдэг нь хамгийн том түгшүүр хэмээн үзэж байна. Ард түмний итгэл сулрах нь цаашдаа улам даамжирсаар ирээдүйд төрийн эргэлт болох урт замын эхлэл, суурь болдог аж.

Улс төр судлаач Хенри Фаррелл "Вашингтон Пост" сонины нийтлэлдээ “Трампын ор үндэсгүй худал үгс америкчуудын ардчиллыг зэврүүлж дууслаа” хэмээн бичжээ. Тэрбээр тус нийтлэлдээ Трампын худал нэхэмжлэлүүдэд итгэж байгаа хүмүүс бол ардчилалд огт итгэхээ больсон хүмүүс хэмээн тодорхойлсон байна. Үүнийг сүүлийн үед хийсэн санал асуулга ч баталж буй. Тухайлбал, Politico/Morning Consult-ын зохион байгуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд Бүгд найрамдахчуудын 70 хувь нь Ерөнхийлөгчийн сонгуулийг чөлөөт, шударга болсон гэдэгт итгэхгүй байгаагаа мэдэгдсэн нь санаа зовмоор өндөр тоо юм.

Фаррелл “Тэд сонгуулийг урьдаас будлиантуулсан тул үр дүн илэрхий байсан хэмээн бодоцгоох болно. Муугаар бодоход энэ нь биднийг цаашид ардчилал нуран унахад хөтөлж болзошгүй юм. Хэрвээ хэсэг хүмүүс ардчиллыг хэн нэгэн өөрсдийнх нь эсрэг системтэйгээр луйварддаг хэмээн итгэвэл хэзээ ч ардчилалд захирагдахаа больж, өөрсдийн итгэл үнэмшилд таарсан өөр тогтолцоонд шилжихийг хүснэ. Тийм хүмүүсийн тоо олширсоор байвал ардчиллаас өшөө авах, хариу цохилт хийх, төрийн эргэлт өдөөх эхлэл болох юм” хэмээн бичжээ.

Мөн улс төрийн шинжлэх ухааны эрдэмтэн Адам Пржеворски “Сонгуулийн үеийн зөрчилдөөнийг хүчээр зохицуулах нь асар их эрсдэлтэй. Хүчирхийлэл болон өөр өртөг өндөртэй мөргөлдөөнөөс улс төрийн аль ч хүчин зайлсхийдэг. Гэхдээ сонгуулийн маргаан хэтэрхий өндөр, эсвэл сөрөг хүчин дүрмийн дагуу ялах ямар ч аргагүй болсон үед дээрх тогтолцоо түр хугацаанд зөрчигдөх нь бий” хэмээн ярьсан байна.

Төрийн эргэлт болохгүй. Учир нь шүүх америкчуудыг аварна

Шүүх засаглал, эрүүгийн эрх зүйн тогтолцоо, улс төр судлаач Эли Мистал The Nation агентлагт “Тийм ээ, Трамп сонгуулийн үр дүнг хэрэгсэхгүй болгохоор тэмцэж байгаа ч төдийлөн амжилт олохгүй байна. Үүний гол учир нь Трампын гаргасан аль ч гомдол, нэхэмжлэлд сонгууль будлиантай болсон, сонгогчдыг залилан мэхэлсэн гэх нотлох баримт хангалтгүй байгаа юм. Трамп Пеннсилвани муж дахь өөрийнх нь ажиглагчид шуудангаар ирсэн саналуудыг тоолох үйл явцыг харах боломж олдоогүй хэмээж буй ч энэ нь худлаа гэнэ. Учир нь Трампын ажиглагчид тухайн үед санал тоолох өрөөнд орох эрхтэй байсан гэдгийг өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрчээ. Улмаар Трампын зарга өөрчлөгдөж, ажиглагчид нь санал тооллогыг баттай харах хэмжээнд ойртох эрхгүй байна хэмээн гомдоллох болсон. Тиймээс шүүх тэднийг илүү ойртож болно хэмээн зөвшөөрөл өгсөн юм. Гэвч  сонгуулийн үр дүнд огт ялгаа гарсангүй” хэмээн бичиж нийтлүүлжээ.

Мисталын тайлбарлаж байгаачлан Трампын аль ч нэхэмжлэлийн дагуу нэгэнт тоологдсон саналуудыг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм. Учир нь тэр бол шүүхийн хийх ажил биш аж.

Тэрбээр Трампын кампанит ажил будлиантай сонгууль гэх нэрийг барин Америкийг 70 хоногийн турш тодорхойгүй байдалд байлгаж, үймээн самуунд хөтөлж магадгүй хэмээн эмээж буй юм байна.

Тэрбээр “Сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн эдгээр үйл ажиллагаанууд нь Трампын кампанит ажилд асар их мөнгө олох боломж юм. Хэрвээ ард түмний илгээж байгаа хандивыг нарийвчлан харвал 60 орчим хувь нь Трампын сонгуулийн сурталчилгааны өрийг тэглэхэд зарцуулагдах бололтой” хэмээн бичжээ.

Гэхдээ Мисталын хүлээн зөвшөөрч байгаачлан Трамп үнэхээр төрийн эргэлт хийж, цэргийн хүчээр өөрийгөө засгийн эрхэнд үлдээхийг оролдвол иргэний дайн дэгдэх бүрэн боломжтой ажээ.

Харин Salon агентлагийн тоймч Аманда Маркоттегийн байр суурь дээрээс авч үзвэл Трамп үнэн хэрэгтээ генералуудын дэмжлэгийг авч чадахгүй тул “алиалагч мэт” худлаа дүр эсгэж буй аж.

Төрийн эргэлт бол нэг асуудал. Тэгвэл иргэний дайн?

Ойролцоогоор 71 сая америк Трампын төлөө, 76 сая нь Байдены төлөө саналаа өгсөн гэдгийг санах хэрэгтэй. АНУ 2016 онтой харьцуулахад ийнхүү хуваагдсан байна. Гэхдээ судалгаанаас үзвэл ийм хуваагдмал байдал нь иргэний дайны хангалттай өдөөгч болж чадахгүй. "Вашингтон Пост" сонинд тайлбарласнаар ард түмний зөрчилдөөн дээр төрийн сул дорой байдал нэмэгдэж байж иргэний дайн дэгдэх шалтгаан болдог байна. Тухайлбал, тухайн улсад ядуурлын түвшин өндрөөс гадна зэвсэгт бослогыг хянах цэргийн хүч, хууль эрхзүй сул байгаа үед иргэний дайн гардаг аж.

Эх сурвалж: SALON

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
17
ТэнэглэлТэнэглэл
11
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж