Томуугаар жилд 400 хүн амиа алддагийн 150 нь хүүхэд

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

Томуугаар жилд 400 хүн амиа алддагийн 150 нь хүүхэд

Томуугаар жилд 400 хүн амиа алддагийн 150 нь хүүхэд

Сүүлийн жилүүдэд уушгины хатгалгаагаар өвчлөгчдийн тоо өсч, нас баралтын шалтгааны 10 дугаарт бичигдэх болсон билээ. Дэлхий нийтээр цар тахалтай онцгой нөхцөлд томуугийн дэгдэлт өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад манай улсад бага байгаа аж. Харин бага насны хүүхдүүдийн ханиад, томуугийн өвчлөл, уушгины хатгалгаа болох эрсдэл улирлын чанартай өндөр байгааг эмч, эмнэлгийн ажилтнууд анхааруулж байна. Бид энэ удаа хүүхдүүдийн дунд томуугийн дэгдэлт ямар байгаа, эмнэлгийн байгууллагууд урьдчилан сэргийлэх зөвлөгөөг хэрхэн өгч ажиллаж буйг сурвалжиллаа.

Жил бүрийн өвөл дүүргийн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, арга ядахдаа коридорын шалан дээр хүүхдүүдээ хэвтүүлдэг дүр зураг уламжлал болоод удаж байна. Хэдийгээр улирлын томуу жил бүр гардаг боловч үүнийг тоохгүй байж болохгүй. Тухайлбал, Монгол Улсад хатгалгаа өвчний оноштойгоор жилд 70 мянган хүн эмнэлгийн байгууллагад ханддагаас 50 мянга нь 0-5 хүртэлх насны хүүхэд байна. Мөн тус шинж тэмдгээр жилд дунджаар 400 хүн нас бардаг багөөд 140 орчим нь тав хүртэлх насны хүүхэд байдаг аж. Гэхдээ томуу нь урьдчилан сэргийлэх боломжтой өвчин. Хамгийн үр дүнтэй арга нь вакцинжуулалт болохыг эмч нар онцолж байв.

УЛИРЛЫН ВИРУС ХҮҮХДЭД ХҮНД ТУСЧ БАЙНА

Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны “Хасагт-Эрдэнэ” Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-ийн эмч Б.ТУУЛ:

-Манай ӨЭМТ нийт 32094 хүн амд үйлчилдэг. Шилжилт хөдөлгөөн ихтэй дүүрэг. Үндсэндээ 24832 хүнд үйлчлэх ёстой. Гэтэл 5-6 мянга нь түр оршин суугчийн эрүүл мэндийн асуудлыг орхигдуулах боломжгүй. Аравдугаар сарын дунд үеэс томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байна. Тэр дундаа бага насны хүүхдүүдийн хувьд дэгдэлт өндөр байна. Томуугийн вирус агаар дуслын замаар тархаж байгаа учраас иргэд маск зүүж хэвших хэрэгтэй. Мөн гадаад орчинд томуугийн вирус хадгалагддаг учраас гарын ариун цэврийг сайтар сахих нь чухал. Сүүлийн жилүүдэд улирлын вирус дэлхийн хэмжээнд хүүхдэд хүнд тусч байна. Хэрэв хүүхдийн ханиад, томуугийн суурь өвчлөл байсаар байвал хатгалгаа болох эрсдэлтэй. Уушгины хатгалгаа ихэсвэл хүүхдийн эндэгдэл нэмэгддэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдээ өвдсөн тохиолдолд дур мэдэн эмчилж болохгүй. Ихэнх тохиолдолд эмчид хандахаас татгалзаж, эмийн санд очоод ханиаданд ямар эм хэрэгтэй вэ гэж асуугаад л авчихдаг. Гэтэл тухайн хүүхдийн өвчин янз бүр байдаг тул хэдийд эмчид хандах, ямар тохиолдолд антибиотик хэрэглэх вэ гэдгийг ээж, аав нар мэддэг байх нь чухал. Ханиалгаж эхэлсэн л бол эмчид хандах ёстой. Эцэг, эхчүүд эсрэгээрээ ханиалгаад удчихсан хатгалгаа болчихсон үед нь хандаж, асуудлыг хүндрүүлж байна. Мөн олон нийтийн болон эмнэлгийн байгууллагад орж ирэхдээ маск зүүх, хувийн ариун цэвэр сахих шаардлагыг хүлээж авахгүй байна. Ингэснээр тэд сонор сэрэмжээ алдаж байгаа юм.

Томуугийн сайн дурын вакцинжуулалтад зургаан сартайгаас есөн настай, цэцэрлэг, сургууль, гэрээр байгаа хүүхдүүдийг хамруулсан. Одоогийн байдлаар нийт хүүхдүүдийн 78 хувь нь тус вакцинд хамрагдаад байна. Вакцинд хамрагдалтын хувьд хүүхдийн асран хамгаалагч зөвшөөрсөн тохиолдолд хийх заалттай. Энэ удаагийн вакцинжуулалтад зарим хүн хүүхдээ хамруулах зөвшөөрөл олгоогүй. Үүнийг бид сошиалаар тарсан ташаа мэдээлэлтэй холбоотой гэж дүгнэж байна. Вакцин хийлгэсэн хүн ханиад томуу хүрлээ ч хөнгөн тусдаг.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр, энэ сарын 10-ны байдлаар, амбулаторийн 98.572 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчний 3986 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.5 хувь, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 0.2 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Хэрэв нийт үзлэгийн 5.0 хувь хүрвэл эрүүл мэндийн салбар цагийн зохицуулалт хийж, бэлэн байдалд ажилладаг. Мөн нийт өвчлөгчдийн 33.2 хувийг 0-1 нас, 24.1 хувийг 2-4 нас, 12.1 хувийг 5-9 нас, 5.2 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжид нийт 920 дуудлага ирснээс 39.5 хувьд нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээ үзүүлжээ.

Энэ сарын 10-ны байдлаар, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн  652 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний 118 буюу 24.0 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд байгаагаас 92.4 хувь нь хүүхдүүд байгаа аж. Хүнд өвчтэй хүмүүсийн 22 буюу 17.6 хувийг амьсгалын замын өвчин эзэлж байна.

САЙН ДУРЫН ВАКЦИНЖУУЛАЛТАД ХАМРАГДСАН ХҮН ЦӨӨН БАЙНА

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны “Энхсүндэр” Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Б.ХАЖИДМАА:

-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, дархлаажуулалтад хамрагдах нь хамгийн зөв арга юм. Өмнөх жилүүдэд сайн дурын дархлаажуулалтын хамрах хүрээ бага, нас нь хязгаарлагдмал ч хамрагдсан хүмүүсийн тоо 90 хувьтай байсан бол энэ жил 70 гаруй хувьтай тэнцэж байна. Энэ нь нэг талаар вакцин хийлгэх нь сөрөг талтай гэсэн мессежийг нийгэмд хүргэж байгаатай холбоотой. Амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, амны хаалт тогтмол зүүлгэж хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байгаа.

Манай улсад томуу, томуу төст өвчний үндэсний төв гэж байдаг. Томуу, томуу төст өвчин гол төлөв жилийн эцсийн 35 дахь долоо хоног буюу есдүгээр сарын эхэн үеэс ихсэж эхэлдэг. Харин оны эцэс болон дараа жилийн эхний долоо хоногт буюу 50-10 дахь долоо хоногт дээд цэгтээ хүрнэ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын сүүлээс хоёрдугаар сар хүртэл ханиад хамгийн оргил цэгтээ томуугийн дэгдэлт хүрдэг гэсэн үг. Үүнээс цааш харьцангуй буурдаг. Томуу, томуу төст өвчний дэгдэлт хамрын ханиадаар эхэлдэг. Томуугийн А, В хүрээний вирус жил бүр өөрчлөгддөг хэдий ч энэ нь зүй тогтол ёсоороо байдаг л вирус. Тэгэхээр томуу өөрөө маш хүнд явцтай учраас урьдчилан сэргийлж, авах ёстой арга хэмжээнүүдээ эрт авах хэрэгтэй. Уушгины хатгалгаагаар өвдөөд эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн тоо эрс ихэсвэл үүнийг дагаад хүүхдийн эндэгдэл нэмэгддэг. Нэг удаа хатгалгаа туссан хүүхэд дахин уушгины хатгалгаагаар өвдөх магадлал мөн өндөр байдаг. Учир нь эхний удаагийн онош дээр асран хамгаалагч нь гам барихгүй, хүүхдээ анхаарахгүй бол дахин сэдэрдэг.

ХҮҮХЭД ЭЦЭГ, ЭХИЙН АНХААРАЛ СУЛРАХААР ӨВДДӨГ

Баянзүрх дүүргийн ХӨСТ-ийн хүүхдийн их эмч Б.БАТЦЭЦЭГ:

-Хүйтний улирал эхэлж байгаа энэ үед хүүхдийн ханиад, өвчлөл харьцангуй тогтвортой байна. Өнөөдрийн байдлаар нийт 177 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдүүд ханиад томуу гэхээс илүүтэй хүүхдийн хоол боловсруулах замын өвчлөлөөр өвдсөн. Одоогийн байдлаар томуугийн дэгдэлт эхлэх болоогүй. Хэрэв томуу эргэлтэд орвол суурь өвчлөл дээр хатгалгаа болох магадлал өндөр байдаг. Өнгөрсөн жилийн туршлагаас харахад хөл хорионы дэглэмд шилжвэл түүнд дасан зохицож амьдрах боломжтой туршлага бидэнд бий. Томуу, томуу төст өвчнөөр голдуу 0-5 настай хүүхдүүд өвчлөн, хэвтэн эмлүүлж байна. Мөн нэг нас хүрээгүй нярай хүүхдүүд дийлэнх хувийг эзэлж байна. Ханиад хүрээд, маргааш нь хатгалгаа болчихдог тохиолдол удахгүй гарах магадлалтай. Хүүхэд эцэг эхийн анхаарал сулрахаар өвдчихдөг. Нийгэм, эдийн засгийн байдал хэцүү байгаа ч хүүхдэдээ тавих анхаарлаа сулруулмааргүй байна. Хүүхдийн дархлааг дэмжихийн тулд зөв хооллох хэрэгтэй. Мөн цагаан идээ түлхүү хэрэглүүл. Аарц, чацаргана, аньс, ааруул, сүү зэргийг өгч зангих хэрэгтэй. Тиймээс томуугийн халдвараас урьдчилан сэргийлэх гол зорилго нь дархлааны системийг бүрдүүлэх. Учир нь томуугийн дэгдэлтийн үед дархлааны тогтолцоо нь тогтвортой бус бага насны хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүст уушгины хатгалгаа хүнд хэлбэрээр тусах магадлал өндөр байдаг. Амьсгалын замын цочмог халдвар томуу, томуу төст өвчний ид дэгдэлттэй энэ цаг үед хамгийн гол нь томуугийн халдвараас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалан, мэргэжлийн зөвлөгөө, тусламж авах хэрэгтэй. Мөн амны хаалтаа зүүж, гараа тогтмол угааж, ариутгах нь нэн тэргүүнд анхаарах зүйл билээ.

ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ, БАТАЛГААТАЙ ГЭЖ БОДОЖ, ХҮҮХДЭЭ ТОМУУГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНД ХАМРУУЛСАН

Сүхбаатар дүүргийн иргэн М.ЭГЭЛЗАЯА:

Би бага насны хоёр хүүхэдтэй. Том охин маань цэцэрлэг дээрээ сайн дурын дархлаажуулалтад хамрагдсан учраас ханиад хүрэх нь харьцангуй гайгүй юм шиг санагдаад байна. Шинжлэх ухааны үндэслэлтэй, баталгаатай гэж бодож, хүүхдээ томуугаас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулсан. Хэрэв хүүхдүүдэд маань ханиалгах, халуурах шинж тэмдэг илэрвэл би шууд эмнэлгийн байгууллагад ханддаг. Өмнөх жилийн өдийд охин маань ханиадаа хүндрүүлсний улмаас хатгалгаа болсон байсан. Тэр үед гам барьж чадаагүй. Түүнээс болоод хатгалгаа нь дахин сэдэрсэн үйл явдал тохиолдож байлаа. Харин энэ жил дахиж тийм алдаа гаргахгүйн тулд хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд сайн анхаарч байна гэв.

Нас баралтын тэргүүлэх шалтгааны тоонд ороод буй уушгины хатгалгаа хэрэв Covid-19-ийн дэгдэлттэй нэг мөчлөгт таарвал нийгмийн эрүүл мэнд бүхлээрээ сүйдэх аюултай болохыг эмч нар хэлж байсан юм. Тиймээс 0-5 насны хүүхэдтэй эцэг, эх хүүхдэдээ асаргаа, сувилгаа хийн, анхаарал сайн тавих хэрэгтэй байна. Хэрэв таны хүүхэд ханиалгаж эхэлбэл яаралтай эмчид хандах нь зөв шүү.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж