Covid-19 халдвар дотоодоос илэрсэн дуулианаар худалдаачид хүнсний бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж болзошгүй нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ төрийн төмөр нүүр үзүүлэх цаг ирсний сануулга болж байна.
Учир нь хэн ч энэхүү халдварт өвчнөөр далимдуулан, ашиг хонжоо хайж, бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөх ёсгүй. Иргэд ч хүнсээ базаах нэрээр зах, худалдааны төвүүдэд ачаалал үүсгэж, гурил, будааг шуудайгаар нь, махыг гулуузаар нь бөөндөх шаардлагагүй. Онцгой нөхцөлд байгаа хүнсний бүтээгдэхүүнээ хуваагаад л хэрэглэх ёстой.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллээр хүнсний гол долоон нэр төрлийн бүтээгдэхүүн болсон гурил, будаа, махны нөөц сайн байна. Гагцхүү иргэд ухамсартай л худалдан авалт хийвэл хомсдол үүсэхгүйг албаныхан санууллаа.
Хүнсний захуудад өнөөдрөөс махны үнэ өсч эхэлсэн тухай гомдлыг ирүүлсэн байна. Дээрх дуулианы мөрөөр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар “Хүчит шонхор” худалдааны төвд ажиллахад хонины ястай мах 1 кг нь 6000 төгрөгөөр худалдаалагдаж байсан нь өмнөх өдрүүдийн ханш аж.
Мөн нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангахад зориулж өнөөдөр нөөцөөс 50 тонн мах гаргаж, зах зээлд нийлүүлэхээр болжээ. Иймээс нийслэлчүүдийн хувьд махны хомсдол үүсэх вий гэж сандрах хэрэггүй юм.
Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлээс эхэлж хөдөөгийнхөн идшээ бэлтгэж эхэлдэг. Малчид ч малаа борлуулж, төв суурин газрынхныг өвлийн идшээ бэлтгэхэд нь нэмэр болдог. Товчхондоо, Монгол Улс махны нийлүүлэлт дээрээ зохицуулалтаа зөв хийж чадвал үнийн зохиомол хөөрөгдөл, хомсдол үүсэхгүй байх бүрэн боломжтой. Мал сүргийн тоо эдүгээ 80 гаруй саяыг давсан нь махны нөөцийг дотоодоосоо хангалттай бүрдүүлэх эх үүсвэр байгаа гэсэн үг юм.
Covid-19 халдварын дуулианаар үнийг нь өсгөж, ашиг хонжоо хайгчид нь маск борлуулагчид байдаг. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сард “Монос” нь N95 маскыг 2500, 3600, 5700 төгрөгөөр ялгаатай худалдаж байсан нь тогтоогдож, торгуулсан.
Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 9-т заасны дагуу давамгай байдалтай аж ахуй нэгж нь давамгай байдлаа ашиглаж хориглосон үйл ажиллагаа явуулсан бол тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн орлогын дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр торгоно гэсэн заалтыг үндэслэж, торгууль ногдуулсан байдаг юм. Гэвч энэхүү торгууль бусдад нь сургамж болсонгүй юу, эсвэл энэхүү мэдээлэл баттай бус уу, эмийн санд маск нэг ширхэг нь 600 төгрөгөөр худалдаалагдаж байхад гадаа гудамжинд 250 төгрөгөөр маск зарж байгаа иргэдийг цагдаа нар нь хөөж тууж буй тухай иргэд цахим хуудсаараа дамжуулан жиргэж эхэлсэн нь маскны үнэ бодитой юу, эсвэл хөөрөгдөв үү гэдгийг ШӨХТГ мөн шалгах шаардлагатай болж байна.
Нэг үгээр хэлбэл, одоо л ШӨХТГ шуурхай ажиллаж, Covid-19-ийн дуулианаар далимдуулж, үнэ хөөрөгдөхийг завдагсдад цаг алдалгүй сануулга өгч, шаардлагатай тохиолдолд торгууль ногдуулж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах саналыг хүргүүлэх болохоо урьдчилан мэдэгдэх хэрэгтэй байна.
Нөгөө талаас зөвхөн худалдаачдаар тогтохгүй үйлдвэрлэгчид ч онцгой нөхцөл байдлыг далимдуулахгүй, ажиллах нь чухал болж байна.
Covid-19 цар тахлаас сэргийлэх боломж нь иргэн бүр маскаа зүүж, гараа угааж, аль болох гадуур явахгүй, хөл хорионы дэглэмийг мөрдөх нь хамгаас чухал байна.
Монголчуудын ухамсартай, хариуцлагатай байх цаг үе одоо л ирсэн шүү. Дэглэмийг хэр сайн мөрдөж чадна, тэр хэрээр халдварыг газар авахуулахгүй барьж, хохирол багатай даван туулна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ