“ПАРЛАМЕНТ -30” Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Анхны ардчилсан сонгуулиар Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, Б.Чимид гуайн хамт Үндсэн хуулийн эхийг барьсан, Улсын Бага Хурлаас эхлээд 2020 он хүртэлх 8 удаагийн парламентад завсаргүй сонгогдсон, Улсын Их Хурлын дарга, дэд даргаар ажиллаж байсан Д.Лүндээжанцангийн талаар түүний хамтран зүтгэгч, дотнын анд Ж.Бямбадоржийн бичсэн нийтлэлийг толилуулж байна.
Жамсрангийн Бямбадорж нь 1990-1992 онд Улсын Бага Хурлын гишүүн, 1992-1996, 1996-2000, 2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн, 2000-2004 онд Улсын Их Хурлын дэд даргаар ажиллаж байв.
Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгууль болж, анхдугаар чуулганаа 2020 оны зургадугаар сарын 30-ны өдөр хийв. Энэ өдөр Улсын Их Хурлын эрхэм гишүүн Данзангийн Лүндээжанцангийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болов. Энэ эрхэм Улсын Бага Хурал байгуулагдсан цагаас эхлэн тасралтгүй 30 жил парламентын гишүүнээр сонгогдон ажилласан цорын ганц Монгол Улсын иргэн болж, түүхэнд үлдэв. Энэ түүхэн амжилт дахин давтагдахгүй нь ойлгомжтой боллоо. Яагаад ганцаараа түүхэнд мөрөө ингэж үлдээв. Энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлэхийг хичээв.
Лүндээ бид хоёр улс төрд орохоосоо өмнө танилцсан, ивээл жилтэй найзууд. Би найзуудаа хоосон магтах, эсхүл муулах огтхон ч дургүй. Харин үнэн дүр төрхийг нь л гаргаж хүнд ярихыг эрхэмлэдэг. Байнгын ажиллагаатай парламент үүсэн байгуулагдсаны гучин жилийн ойг тэмдэглэж байгаа энэ үед парламентын тулгын чулууг нь тавилцсан найзынхаа талаар өөрийн үнэлэмжээ хуваалцахаар шийдлээ. Ер нь Лүндээ яагаад сонгууль болгонд, тэр дундаа эрх барьж байсан намын, Улсын Их Хурлын даргатай 2016 онд өрсөлдөөд ялдаг байна аа. Лүндээд сонгогчдыг худалдаж авах мөнгө, зүрх байхгүй, намын дарга биш, сонгогчидтойгоо нэгбүрчлэн уулзаад явах боломжгүй, тэгвэл яагаад. Ид шидтэн юм болов уу, бас үгүй. Лүндээг Монголын ард түмэн хэн болохыг нь мэдэж, түүнд итгэдэг байсан л хэрэг. Тэр хэн бэ?
Монгол Улсын толгой хуульчдын нэг
Манай Лүндээ онол, практикийг жинхэнээр нь хослуулж чаддаг улстөрч дөө. Тэрбээр хууль зүйн шинжлэх ухааны цөөхөн докторын нэг. Олон арван бүтээлийн эзэн билээ. Тэгвэл нөгөө талаасаа Монгол Улсын шинэ үеийн төрийн байгуулалт, хууль хяналтын чиглэлийн бүх хуулиудыг боловсруулах, батлахад гол үүрэгтний нэг байсан билээ. Шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үед Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн өөр нэгэн төсөл боловсруулан оруулж, хөөрхөн үймүүлээд л авсан даг. Хэн ч хүлээж авахгүй, инээдмийн юм байсан бол би “хөөрхөн үймүүлээд авсан” гэдэг үгийг хэлэхгүй. Хэдийгээр тэр төслийг Ардын Их Хурлын чуулганаар албан ёсоор хэлэлцүүлээгүй ч санаа авмаар, зайлшгүй тусгачихмаар олон зүйл энэ төсөлд байсан болохоор л тэгж хэлж байгаа юм. Тэр үеийн нам, төрийн удирдлагууд үүнийг нь анзаараад Үндсэн хуулийн төсөл хэлэлцэхэд Д.Лүндээжанцанг Б.Чимид гуайн адилаар Үндсэн хуулийн эхийг баригчаар томилж ажиллуулсан байх. Одоо харин энэ тухай ярьдаг, бичдэг хүнгүй болсон юм уу даа.
Онол, практикийн олон арван ном бүтээл туурвисан, мянга мянган шавь төрүүлсэн Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор хүнийг толгой хуульч гэхгүй юм бол өөр ямар хүнийг хэлэх вэ дээ.
Яах аргагүй Монголын мэргэшсэн парламентч
Миний муу найз чинь Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын сул гишүүн, Байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь олонхийн намын бүлгийн ахлагч, Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын дарга гээд бүх л албыг нь хашсан хүн шүү. Намын удирдлагын зүгээс Сайд болгох санал тавихад “Үгүй. УИХ-ын гишүүнээрээ байна аа” л гэдэг байсан. Хэлснээрээ ч байлаа.
Хууль хэлэлцэхэд маш өвөрмөц арга барилаар ханддаг нөхөр дөө. Төсөлд орох саналаа хэлж, бичиж өгчихөөд байгаа байхгүй нь мэдэгдэхгүй таг болчихно. Санал нь тусгагдчихвал тэгээд л болоо. Дэмжигдэхээргүй бол маш үндэслэлтэйгээр тайлбарлана, харин гишүүдтэй маргалдана гэж үгүй, бүр болохгүй бол алиа марзан өнгөөр дуугарна, холион бантан болгоно, тэгээд л санал нь дэмжигдэнэ. Өнөөдрийг хүртэл батлагдсан олон зуун хуульд Лүндээгийн санал тусаагүй нь байхгүй л болов уу. ”Холион бантан болгоно” гэхээр хүмүүс гайхаж мэднэ. Жишээ дурдъя.
Улсын Бага Хурал 1992 оны хавар УИХ-ын болон УИХ-ын сонгуулийн хуулийг хэлэлцэж байв. Хуулийн ажлын хэсгийн ахлагч нь Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан. Хуулийн хэлэлцүүлэг байсхийгээд л гацна, зарим нь хурал хаяна. Ингэж явсаар батлах дөхөж явтал “Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох, эсэх асуудлаас” болоод хоёр өдөр хурал гацав. Гишүүд ч залхсан байдалтай харагдана. Лүндээ “За гишүүд ээ, би нэг санал хэлье. Ерөөсөө Ерөнхий сайд л гишүүн байг, бусад сайд нар гишүүн биш байна” гэв. Гишүүд санал нэгдээд цаашаа явсан юм. Гэхдээ энэ заалт хэлэлцүүлгийн явцад хасагдсан, хасагдахыг нь ч Лүндээ мэдэхийн дээдээр мэдэж байсан, хурлыг гацаанаас гаргах тухайн үеийн л арга байв.
Энд Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеийн нэгэн түүхэн агшныг эргэн саная. Улсын нэрийн талаар бөөн маргаан болж, хурал удаашрав. Ихэнх депутатууд “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэдэг нэрийг өөрчлөхгүй гэж зүтгэсэн хэрэг. Гэтэл мань Лүндээ “Ард гэдэг үгийг нь хасаад Бүгд Найрамдах Монгол Улс” гэж нэрлэх санал гаргаж, тэр нь дэмжигдээд анхны хэлэлцүүлэг дуусаж, дараагийн хэлэлцүүлэгт шилжиж билээ. Үндсэн хууль батлагдахдаа Монгол Улс болсон. Ийм л хүн шүү дээ.
Жирийн л сайхан монгол эр хүн
Данзангийн Лүндээжанцан бурханлиг сайхан сэтгэлтэй, нөхөрсөг бас шооч, хэнийг ч муу хэлнэ гэж үгүй, хэнтэй ч чи, би-дээ тулж хэрүүл хийдэггүй, тэгсэн атлаа хэн нэгэнд тал засаад давхиад байдаггүй хуульч, багш, дарга, яруу найрагч, шатарчин, онигоочин, сайн хань, аав… Лүндээтэйгээ 30 гаран жил нөхөрлөж яваа болохоор өөртэйгээ холбоотойг л өгүүлэхийг хичээв.
Хүнээс нэг их илүү харагдах гээд байдаггүй. Тэгсэн атлаа амлавал заавал хэрэгжүүлнэ. 1994 оны намар шиг санагдана. Хэсэг гишүүд салхинд гарсан юм. Залуучуудыг барилдуулах юм болоод явчихлаа. Надад чөргөр Лүндээгээс өөр хаях хүн тэнд байсангүй болохоор “За би Лүндээг амлаж байна” гээд чангахан хэлээд орхив. Гэтэл манай хүн “Энэ удаа би чамайг хаяна” гэж байна. Ухас гээд бариад авсан чинь хатуу гараар хааш нь ч хөдөлгөлгүй зогсчихлоо шүү. Тэгснээ “Чиний бензинийг дуусгана аа” гэж байна. Мэх ч хийдэггүй, би ч мэх хийж чаддаггүй. Гучаад минутын дараа миний хамаг хүч барагдаж, суугаад өгөв. Ганц энэ ч биш. Шатраар надад нэг ч удаа бууж өгч байгаагүй. Бид хоёрын дотны нөхөр Цэндийн Нямдоржид харсаар байтал худлаа хожигдож л байсан, надад бол үгүй, ёстой муухай. Нямка бид хоёр Лүндээг шатраар хэзээ ч барахгүй л дээ.
Мэндийн Зэнээ гэж нэгэн эрхэм хүмүүнтэй бид хоёр мөн ч их “үздэг” байв даа. Хүн харахад Зэнээ бид хоёрт их л муу юм шиг. Ачир дээрээ хамгийн дотно найзууд байсан юм. Муу Зэнээгээ бурхны оронд морилоход нь өдөржингөө дэргэд нь байж, Лүндээ маань бурхны ном цээжээрээ уншаад, нэгэнт найдваргүй нь тодорхой болоход би эмчид нь “За одоо аппаратыг нь салга даа” гэж хэлж, салгуулснаас минут хүрэхгүй хугацааны дараа муу Зэнээ минь амьсгал хураасан даа.
Лүндээгээ бурхны номд гаргуун, бас шидтэй юм шиг байдал үзүүлснийг нь би 20 жилийн тэртээ дүүгээ, 13 жилийн өмнө ханиа хорвоогоос халихад биеэрээ харсан шүү. Сургуульд орохоосоо өмнө төвд үсэг сурч, бурхны олон номыг цээжээрээ уншиж, түмэнд буян болдог Лүндээгээ би мэднэ, бас шүтнэ ээ.
Ер нь нийслэлийн 28 дугаар дунд сургууль гэж гайхмаар эрдмийн уурхай байжээ. Энэ сургуулийг миний мэдэхээс манай Лүндээгээс гадна Гандантэгчэнлин хийдийн их хамба, Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутат, гавж Д.Чойжамц, УБХ-ын гишүүн П.Улаанхүү, УИХ, Засгийн газрын гишүүн, сайд асан Ч.Улаан, Р.Раш, Засгийн газрын гишүүн, сайд асан Г.Нямдаваа, эдүгээгийн Засгийн газрын гишүүн, сайд Л.Халтар гээд зөндөөн алдартнууд төгссөн байдаг юм.
Монгол эр хүнд сайн хань заяавал юунд ч хүрч, ямар ч амжилт гаргаж болдгийг биеэрээ мэдэрсэн, харсан хүн билээ, би. Лүндээгийн “арын албаны дарга”, халамжит хань, гэр орноо, арын амьдралаа авч явж чаддаг эмэгтэй, охин хүү хоёроо өсгөж, сайн хүн болгон хүмүүжүүлсэн ээж бол миний дүү Д.Оюунцэцэг. 97, 98 оны алдад тэр үеийн гишүүд Германаас оруулж ирсэн хуучин машин худалдан авч машинтай болцгоосон юм. Лүндээ ч хоцроогүй нэг муу Ауди-200 авав. Аваад нэг их удаагүй байсан, оройхон Лүндээ утасдаад “Саппорогийн тойрог дээр гэрлэн дохио хүлээгээд зогсож байсан чинь цагдаа намайг зогсоогоод, буруутгаад байна. Би гэрлээ асаагаагүй, яаж асаадгийг нь ч мэдэхгүй юм. Ямар шөнө явж үзсэн биш” гэх нь тэр.
Маргааш нь Лүндээ тойрог руугаа Өвөрхангай яваад арав гаруй хоноод ирэв. Ирэхээр нь “Лүндээ найз нь чиний машиныг барьж үзье” гэв. “Байхгүй Оюунаа зарчихсан байна лээ” гэв. Ингээд Лүндээ энэ насандаа машин барих боломжоо алдах нь тэр. Одоо бодоход ухаалаг ханийн хийх ёстой л үйлдэл байж.
Лүндээ архи дарс уулгүй насыг элээж яваа цөөхөн хүний нэг. Нэг удаа Вьетнам улсад айлчлалаар явахад нь би найздаа “За өвгөөн, оройд ганц хундага архи ууж байгаарай. Хордлогод амархан ордог юм гэнэ лээ шүү” гэж захиж захиж явуулав. Лүндээ миний үгэнд ороод архи авч явна гэж хаашаа харсан юм байх вэ дээ. Гэтэл очоод удалгүй хордлогод орж, үхэх сэхэхийн ирмэг дээр хүрсэн байна. Тэр ч битгий хэл хамт явсан хүмүүстээ “Миний шарилыг чандарлаад авч яваарай” гэж үнэнээсээ захиж байсан гэдэг. Бурхны үнэнч шавь Лүндээ одоо ч архи уугаад байдаггүй.
Төрийн хүний, монгол хүний, найз нөхөр хүний нандин үлгэр дуурайл гэвэл Монголын парламентын амьд түүх Данзангийн Лүндээжанцан мөнөөсөө мөн.
Эцэст нь эрхэм Таныг Данзангийн Лүндээжанцанг Монголын шинэ дээд амжилтын номд бүртгэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохыг урья. Энэхүү зөгнөл биелэх өдөр удахгүй тохионо гэдэгт итгэлтэй байна.
УБХ, УИХ-ын гишүүн асан Ж.БЯМБАДОРЖ
Холбоотой мэдээ