Улсын онцгой комисс шөнө яаралтай хуралдаж, Монгол Улс COVID-19 халдварыг дотооддоо алдсан талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор иргэд үүрээр 24 цагийн эмийн сангуудыг зорьж, ачаалал үүсгэсэн гэдгийг эм зүйчид хэлж байв. Амны хаалт, гар ариутгагч, нэг удаагийн бээлий асуусан хүмүүс эмийн сангаар үйлчлүүлж, хайрцаг хайрцгаар нь худалдан авч харагдана.
Бүтэн 24 цагаар ажилладаг ихэнх эмийн сангуудын амны хаалт, гар ариутгагч дуусч, “Үдээс хойш ирнэ” гэдэг хариултыг өгч байлаа.
Үнийн хувьд нэг ширхэг амны хаалтыг 500 төгрөгөөр худалдаалж байна. Цөөн хэдэн эмийн санд амны хаалт 300 төгрөгийн үнэтэй худалдаалж байсан ч “Маск, ариутгагч дууссан. Удахгүй ирнэ” хэмээн үйлчлүүлэгчдээ хүлээлгэж байсан юм.
“Би гадуур гарахдаа амны хаалтаа тогтмол зүүдэг. Хүмүүс нэг хэсэг амны хаалтаа зүүж, гараа ариутгахгүй явлаа шүү дээ. Манай гэр бүл амны хаалтаа өмнө нь нөөцөлчихсөн байсан. Миний анзаарснаар амны хаалтны үнэ дор хаяж, 100-200 төгрөгөөр нэмэгдчихсэн байх шиг байна. Би бөөний үнээрээ 150 төгрөгөөр амны хаалт худалдан авч байсан. Гадуур хүмүүс амны хаалт олдохгүй байна гэж ярих юм. Би одоо гар ариутгагч авах гээд л эмийн сангаар үйлчлүүлж явна” хэмээн Л.Баасандорж ярилаа.
Хөл хөдөлгөөн ихтэй Багшийн их сургуулийн ойролцоох эмийн сангаар үйлчлүүлж буй иргэд гар ариутгагч худалдан авахаас гадна нэг удаагийн маск асууж байв. Эмийн сангаар үйлчлүүлж байсан Б.Цэнд-Аюуш “Маскаа сайн зүүгээд, гараа сайтар угааж урьдчилан халдвараас урьдчилан сэргийлж байна. Өнөөдрөөс амны хаалтны эрэлт нэмэгдсэн байна. Өмнө нь 100-300 төгрөгийн үнэтэй байсан бол 500-600 төгрөг болж. Цаашид бүр нэмэгдэхээс нь өмнө амны хаалтаа дахин нэмж авлаа” гэв.
Харин эмийн санч эмэгтэй “Маск нэг ширхэг нь 500 төгрөгөөр худалдаж байна. Манай эмийн сан амны хаалтны үнийг нэмээгүй. Өмнө нь ийм үнээр зарж байсан. Иргэд ихэвчлэн амны хаалтыг 50 ширхэг буюу хайрцгаар нь 25 мянган төгрөгөөр худалдан авч байна. Амны хаалтны нөөц хангалттай байгаа” гэлээ.
Дахин нэг эмийн сан руу ороход 5-6 хүн амны хаалт, гар ариутгагч, спирттэй хөвөн зэргийг худалдан авч байлаа. Эмийн санч “Манай эмийн сан 24 цагаар ажилладаг. Хүмүүс үүрийн 04.00 цагаас эхлэн амны хаалт, гар ариутгагч худалдан авахаар ирж, зарим нь бүр бухимдаж байсан. Өглөөний 09.00 цагт ачаалал арай багасч, хөл хөдөлгөөнгүй болж байна” гэдгийг хэлсэн юм.
Тус эмийн сангаар үйлчлүүлж байсан залуу “Маск 500 төгрөгөөр худалдаалж байна. Харин гар ариутгагч, спирт дуусчээ. Бид өнгөрсөн өвлөөс хойш харьцангуй туршлагатай болсон учраас амны хаалтаа өмнө нь бөөндөж, худалдан авчихсан байсан. Одоо албан байгууллагадаа спирт худалдан авч байна” гэв.
Зарим иргэд гар ариутгагчийг 5, 10 нь амны хаалтыг ганц хоёр хайрцгаар нь худалдан авч байв. “Манай эмийн санд санитол 100 мл 6000 төгрөгийн үнэтэй, том нь 11 мянган төгрөгийн үнэтэй. Гэхдээ одоогоор дуусчихсан байна” гэдгийг эмийн санч бүсгүй хэлсэн юм.
Цааш Багшийн их сургуулийн нүхэн гарцанд хэсэг хүмүүс маск бөөндөж авахаар бөөгнөрчээ. Худалдагч эмэгтэй "Нэг ширхэг маск 300 төгрөгийн үнэтэй. Бөөний үнээр 6000 мянган төгрөг, хүүхдийн маск 3000 төгрөгийн үнэтэй. Удахгүй маск нэмж ирнэ” гэдгийг хэлж байлаа. Нэг удаагийн амны хаалтаас гадна шүүлтүүртэй амны хаалт 7000-12 мянган төгрөгөөр худалдаалж байв.
“Би амны хаалт, гар ариутгагч худалдан авч байна. Өмнө нь 300 төгрөгийн үнэтэй байсан бол ширхгийн үнэ 500 төгрөг болжээ. Би 30-50 ширхэг амны хаалт худалдаж авах гээд хүлээж байна. Гадуур маскны эрэлт их, олдоц муу байна” гэдгийг Ц.Адъяа хэллээ.
ШӨХТГ: ХОРИН САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Дотооддоо коронавирусийн халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан амны хаалт, гар ариутгагч зэрэг халдвар хамгааллын бүтээгдэхүүний үнэ болон бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан ШӨХТГ-ын дарга мэдэгдэл хийжээ. Үүнд, цар тахлын онцгой нөхцөл байдалтай үед дараах арга хэмжээг яаралтай авч ажиллахыг шаардаж байна. Зөрчлийн тухай хуулийн 10.7 зүйлийн 4.7 дахь хэсэгт "хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж, 9 дэх хэсэгт давуу байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэжээ.
Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН
Холбоотой мэдээ