Баруун аймгууд руу зорчигч тээвэрлэхийг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

Баруун аймгууд руу зорчигч тээвэрлэхийг зогсоолоо

Цаг агаарын гамшигт үзэгдэл бүх нутгаар тохиож болзошгүй тухай мэдээлэл олон хоногийн өмнөөс цацагдсан. Зарим нутгаар агаарын температур нэмэх хэмд хүрсэн болохоор сэрэмжлүүлэг мэдээг хүмүүс  төдий л ойшоогоогүй. Гэвч цаг агаарын гамшигт үзэгдэл баруун зүгийн аймгуудад хэдийнэ эхэлжээ. Баян-Өлгий, Увс, Ховд зэрэг аймгуудад цаг агаар муудаж, цасан болон шороон шуурга шуурч эхэлжээ. Өнөөдөр 13:40 минутын байдлаар Говь-Алтай аймагт цасан шуургатай, Баянхонгор аймгий хойд сумдаар цас орж, шуургатай, Завханы Тосонцэнгэл суманд явган шуургатай, Дархан, Сэлэнгэ аймгуудад бүрхэг, салхитай, Өвөрхангай аймагт шороон шуургатай байгаа талаар мэдээлэл авлаа. Тиймээс  Баян-Өлгий аймгийн чиглэлд зорчигч тээвэрлэхийг зогсоожээ. Одоогийн байдлаар Өлгий-Ховд, Өлгий-Цагааннуур чиглэлийн зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хаагдаад байгааг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Өнөө шөнө  Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговийн нутгаар, маргааш өдөр Төв, Хэнтий, Дундговийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, өнөө шөнө Өмнөговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр, маргааш өдөр Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэн цаг агаарын гамшигт үзэгдэл тохионо гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Иймд иргэд та бүхэн цасан шуурганы үеэр хол, ойрын замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган замд гарах, аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй урьдчилан сэргийлэх мэдээг дагаж мөрдөхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон  анхаарууллаа. Мөн хүчтэй салхи шуурганы үеэр авто тээврийн хэрэгсэл зорчиход зориулсан авто замын хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, шатахуун дуусах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлах арга хэмжээ авч ажиллана.

Малчдын хувьд малаа ойр бэлчээж, нөмөр, нөөлөг газар бараадуулах, их салхи шуурганаас урьтаж хаших, салхи шуурганы үед өвс, тэжээл өгч бэлчээрт гаргахгүй  байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж