АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг дэлхий нийтээрээ чих тавин хүлээсний эцэст Ардчилсан намаас нэр дэвшигч, ногоон эдийн засгийг дэмжигч Жо Байден ялалт байгуулаад байна. Дэлхийн эдийн засгийн томоохон хэсгийг дангаараа бүрдүүлдэг энэ улсыг ирэх дөрвөн жилд хэн удирдах вэ гэдэг нь том жижиг гэлтгүй улс орон бүрийн анхаарлын төвд байв.
Олонхийн санал авч, ялалт байгуулаад буй Жо Байдены хувьд албан ажилдаа ормогцоо одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан шийдвэрийг залруулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисийн гэрээнд эргэн нэгдэхээ мэдэгдээд байгаа. Тэрбээр ерөнхийдөө байгаль орчинд ээлтэй, ногоон эдийн засгийг дэмжин ажиллаж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тууштай тэмцэхээ амласан.
Дэд бүтэц, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний салбарыг өргөжүүлэхэд ойролцоогоор хоёр их наяд ам.доллар зарцуулахаа амласан бөгөөд 2050 он гэхэд 100 хувь ногоон эрчим хүчийг ашигладаг болох бодлого баримтлахаа мэдэгдсэн. Мөн 2030 оны эцэс гэхэд таван сая ширхэг цахилгаан автомашин цэнэглэх станц барьж, АНУ даяар 500 сая нарны зай хураагуур суурилуулахаа амласан юм.
Дээрх бодлого нь Хятадын эдийн засагт шууд нөлөөлөхөөр байгаа юм. Хятадад зарим нэг хориг арга хэмжээг хэрэгжүүлэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг явуулах бодлого нь Хятадыг нүүрсний хэрэглээгээ багасгахыг шаардах юм. Монголчуудын дунд Байден нүүрсийг хязгаарлах бодлого баримтлах нь Монгол Улсад хохиролтой гэсэн яриа ихээр гарсан. Гэхдээ их гүрний бодлого Монгол шиг жижиг улс орнуудад шууд нөлөөлөхгүй ч алсдаа нүүрсний салбарын ирээдүйд нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна.
Эсрэгээгээ АНУ-ын засаг захиргаа сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж ажиллах нь төмөр, ган, хагас дамжуулагч, зэсийн салбарт эерэгээр нөлөөлөх юм.
Байдены ногоон эдийн засгийг дэмжих бодлого нь Хятад мэт нүүрсний хэрэглээ өндөртэй улс орнуудад сөргөөр нөлөөлөх ч ногоон экспортын бодлогыг хэрэгжүүлэхийг алсын хараагаа болгосон Өмнөд Солонгос, Сингапур зэрэг улсуудад том давуу талыг олгож байна. Тухайлбал, нарны энерги, цахилгаан аккумлятор зэрэг эко үйлдвэрлэл эрхэлдэг Өмнөд Солонгосын компаниудад ногоон гэрэл асааж байна гэж тус улсын бизнес эрхлэгчид харж байна. Мөн хагас дамжуулагчийн экспортын бараг 20 хувийг эзэлдэг АНУ-ын Ерөнхийлөгчөөр Байден сонгогдсон нь Өмнөд Солонгосын хувьд маш том боломж юм.
Шинэ Ерөнхийлөгч ирэх дөрвөн жилд баримтлах бодлогоо албан ёсоор зарлах цаг нь болоогүй байгаа ч худалдааны тодорхойгүй байдлыг бууруулах, холбоотнуудтай олон талт худалдааны харилцаагаа сэргээх чиглэлээр ажиллахыг хичээнэ гэж эдийн засгийн шинжээчид үзэж байна. Жо Байденыг ялалт байгуулсны дараа Азийн хөрөнгийн зах зээлд нааштай нөлөө үзүүлж эхэлжээ. Тухайлбал, Японы Никкэй индекс найман хувиар, Өмнөд Солонгосын биржүүд мөн хувийн өсөлттэй байгаа аж.
Түүний ирэх дөрвөн жилд баримтлах бусад бодлогуудаас дурдвал, Европын орнууд, Азийн орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийн худалдааны байгууллагын олон улсын худалдаанд баримталж байсан бодлогуудаа засч эхэлнэ. Мөн Хятадтай бүх шатанд өрсөлдөх Трампын бодлогыг үргэлжлүүлэхгүй ч Обамагийн үеийнх шиг ойртохгүй. Дотооддоо ААН –н орлогын албан татварыг 21-с 28 хувь хүртэл өсгөж, 400 мянган доллараас дээш орлоготой иргэдийн орлогын албан татварыг нэмж, дундаж давхаргыг дэмжсэн бодлого баримталж, эрүүл мэнд, боловсрол, технологийн салбарыг дэмжинэ. Мөн ААН-д өрсөлдөөнийг дэмжих хүчтэй бодлого баримтлахгүй гэжээ.