НЭМЭЛТ: 11.00 цаг
🔴 ШУУД | Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг УОК-ын дарга Я.Содбаатар танилцуулж байна
Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг УОК-ын дарга Я.Содбаатар танилцуулж байна
Posted by News.mn on Tuesday, November 10, 2020
Засгийн газар өнөөдөр хуралдаж, хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл хийлээ. УОК шөнө хуралдаж, тодорхой шийдвэрүүд гаргасан бөгөөд өнөөдөр 08.00 цагт Засгийн газар хуралдсан юм. Монгол Улсад коронавирусийн халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Улсын онцгой комиссын дарга Я.СОДБААТАР:
-Covid-19 дэлхий нийтэд гараад 10 сар болж байна. Өнгөрсөн арван сарын хугацаанд бид дотооддоо халдвар алдахгүй, салбарууд бэлэн байдлаа хангаж, бэлтгэлээ хангасан. Одоо бид урьдчилсан сэргийлэх ажлын үе шат дуусч, халдвар дотоодоос гарсан учраас нүүр тулан тэмцэх цаг ирлээ. Тиймээс бүх байгууллагууд ажлын уялдаагаа хангаж, ард иргэддээ өвчнөөс сэргийлэхэд хамтдаа сэргийлнэ. Хамгийн чухал нь бодитой, зөв мэдээллийг авах нь чухал шүү.
"ТУСГААРЛАЛТЫН ДАРАА ТАНДАЛТААР COVID-19 ХАЛДВАР АВСАН НЬ ТОГТООГДСОН"
Эрүүл мэндийн сайд Т.МӨНХСАЙХАН:
-Тухайн иргэн аравдугаар сарын 14-нд олон улсын тээврийн монгол жолооч Сэлэнгэ аймагт өгсөн эхний шинжилгээ нь сөрөг гарсан учраас 21 хоногийн хугацаанд "Энхсаран" сувилалд тусгаарлагдсан. Тусгаарлалтад байсан хугацаанд 3 удаа шинжилгээ авсан. Бид арваннэгдүгээр сарын 10-нд дахин шинжилгээ хийхэд эхнэрийнх нь хамт коронавирусийн халдвар илэрсэн. Одоогоор 24 ойрын хавьтлыг тусгаарлаж, шинжилгээ авах ажил үргэлжилж байна. Хоёр цагийн дараа шинжилгээний хариу гарна. Бид эрсдэлийг тооцоолж, эмнэлгийн ор болон бусад бэлтгэлээ хангаж, бэлэн байдалд ажиллаж байна. Ард иргэд халдвараас маш сайн урьдчилан сэргийлж, үүргээ ухамсарлаж, гараа ариутгах, зай барих, амны хаалт зүүх энгийн дэглэмүүдийг сайтар сахивал халдварт өвчин тусахгүй байх магадлалтай. Тиймээс урьдчилан сэргийлж, шаардлагагүй бол эрүүл мэндийн байгууллагыг зүглэхгүй байх ёстой. Ямар нэг ханиах, халуурах шинж тэмдэг илэрвэл зөвлөгөө мэдээлэл авч, эрүүл мэндийн байгууллагын холбогдох утсанд холбогдоорой.
"АЛТАНБУЛАГ БООМТЫГ ТҮР ХУГАЦААГААР ХААЛАА"
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.БЯМБАСҮРЭН:
-Засгийн газрын хуралдаанаас Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг 2020 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийг хүртэл зогсоох, Зорчигчийг зөвхөн гадагшаа гаргахдаа УОК-ын шийдвэрээр гаргахаар болсон. Цагааннуур боомтоор зөвхөн шатахуун тээврийн жолоочийг нэвтрүүлэх, мөн ОХУ-тай хиллэдэг боомтуудыг арваннэгдүгээр сарын 23-аас үргэлжлүүлэн түр хугацаагаар хаах шийдвэр гаргалаа.
ЦЕГ-ын дарга Ж.АМГАЛАН:
-Коронавирусийн халдвар дотооддоо илрүүлж, нийслэлийн хэмжээнд тандалт судалгаа хийхээр хязгаарлалт хийхээр нийслэлээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосон. Улаанбаатар хот руу орох хөдөлгөөн нээлттэй байгаа. Гарах хөдөлгөөнийг зогсоосонтой холбоотойгоор хүнс тээвэрлэх, эмнэлэг үйлчилгээ, буяны ажил зэрэг хүндэтгэх үзэх шалтгаантай хөдөлгөөнийг нэвтрүүлнэ. Бүх авто замуудад цагдаа, МХЕГ-ын ажилтнууд ажиллаж байна. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс энэ эрсдэлээс урьдчилан сэргийлж, бодитой, эх үүсвэртэй мэдээллийг бусдад түгээж ажиллах нь чухал байна.
"ОЛОН НИЙТИЙГ ХАМАРСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООСОН"
Хотын дарга Д.СУМЪЯАБАЗАР:
-Иргэд маскаа зүүгээд, гараа угаагаад маш тайван байх хэрэгтэй. Иргэд хэт их тайвширсан байсан учраас маскаа зүүж, гараа угаах аяныг дахин эхлүүлэх шийдвэр гаргаж байсан. Хүнсний зохиомол үнэ ханш үүсгэж, сандарч тэвдэх хэрэггүй. Хүнсний бүх төрлийн нөөц хангалттай байгаа учраас иргэд ухамсартай хандах хэрэгтэй байна. Яарч, сандарч, тэвдсэнээр асуудал шийдэгдэхгүй. Нийслэлийн Онцгой комисс боон бусад холбогдох байгууллага бүгд бэлэн байдлын зэрэг шилжиж, ажлаа хийж эхэлсэн. Иргэн хүний хариуцлагатай байдал, үүргээ ухамсарлах нь их чухал. Нийслэлийн онцгой комисс шөнө хуралдаж, Засаг даргын захирамж гарсан. Захирамжид, олон нийтийг хамарсан, үйлчилгээний газруудыг гурав хоногийн хугацаанд хаах шийдвэр гарсан. Согтууруулах ундаа худалдаж байгаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд хэвийн явах нь 07.00.22.00 цаг хүртэл ажиллаж, тодорхой цагаар ажиллахгүй, иргэдэд үйлчлэхгүй байна. Нийтийн тээвэр 06.00-09.00, 17.00-21.00 цагийн хооронд иргэдэд үйлчлэхээр захирамжид тусгасан.
"COVID-19-ИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ"
Ийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Халдвар авсан иргэнийг яаж илрүүлсэн бэ?
-Тусгаарлах байрнаас гарснаас хойш байнгын тандалт хийгддэг. Үүний дагуу тандалт хийгдсэн. Тухайн иргэн ам бүл дөрвүүлээ, хоёр хүүхэд нь цэцэрлэгийн насны хүүхэд. Бүгд шинжилгээгээ өгсөн. Яг одоо тандалт хийж байгаа бөгөөд ямар байдлаар халдвар авсныг тогтоож байна.
-Тухайн иргэний явсан маршрут гарсан байсан. Мөн нийтийн тээврээр зорчсон, тоглолт үзсэн гэсэн мэдээлэл яваад байгаа. Тэгэхээр энэ маршрутын дагуух хүмүүс шинжилгээ өгөх шаардлагатай юу. Яг хэзээ халдвар авсан гэж үзэж байгаа вэ?
-Энхсаран амралтын газар халдвар хамгааллын дэглэм алдагдсан байж болзошгүй гэж үзсэн учраас тандалтын шинжилгээ хийж байсан. Халдвар авсан иргэн хаанаас халдвар авсан бэ гэдгийг нь яг одоо тогтоохоор ажиллаж байна. Ялангуяа тухайн иргэн өмнө нь халдвар авсан байсан уу эсвэл Энхсаран сувилалд авсан уу гэдгийг бид тогтоохоор ажиллаж байна. Одоогоор хавьтагч нарыг тогтоох ажил үргэлжилж байна. ДЭМБ-аас өгсөн заавар зөвлөмж, аргачлалаар хавьталд орсон хүмүүсийн маршрутыг тогтоодог. Энэ дагуу хавьтал тогтоох ажлыг хэд хэдэн удаа ЭМЯ, Цагдаагийн байгууллага, ТЕГ хамтран хийж, туршлагажсан гэж хэлж болно. Өнгөрсөн шөнө 12 цагийн орчимд маршрутыг тогтоох ажлыг эхлүүлсэн. Эхний байдлаар ойрын хавьтал 24 хүнийг тогтоож шинжилгээ авсан, бусад хавьтагч нарыг олж ирлүүлэх, тандалтын ажил үргэлжилж байна. Одоогоор бусад хавьтагч нарыг тогтоох ажил үргэлжилж байна. Нуугаад байх зүйлгүй. Тиймээс хэвлэлээр мэдээлэгдсэн маршрутаар тухайн өдрүүдэд явж таарсан иргэд сайн дураараа аюулгүй байдлаа анхаарч коронавирус илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь зүйтэй.
-Зах, худалдааны төвүүдээс үнийн хомсдол үүсч, хүмүүсийн бөөгнөрөл үүсээд эхэллээ. Мөн маскны үнэ нэмэгдэж эхэллээ?
-Одоогоор хүнсний хомсдол үүсэхгүй, 45-60 хоногийн бүх төрлийн хүнсний нөөц байгаа учраас иргэд айж сандрахгүй, зохиомол хомсдол үүсгэхгүй, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх нь маш чухал байна.
-Орны хүрэлцээ, бэлэн байдал хэр хангагдсан бэ?
-Орны хүрэлцээг үе шаттайгаар хангаж байгаа. ХӨСҮТ-д эмчлүүлэх шаардлагагүй зарим өвчтнийг дүүрэгт нь шилжүүлж байгаа. Мөн Цэргийн төв эмнэлэгт 230 энхийг сахиулагч тусгаарлалтад байгааг энгийн буудал руу шилжүүлэх боломжтой. Эндээс 500 ор гарна. Яармагт шинээр баригдсан 300 ортой хүүхдийн эмнэлгийг мөн бэлдсэн. Нийтдээ 1000 орчим ор бэлэн байгаа.
–Эмч нарын хамгаалалтын хувцасны нөөц хангалттай байж чадах уу?
-Хамгаалах хувцас хэрэгслийн гурван сарын нөөц байгаа. Манай дотоодын үйлдвэрлэгчид ч чанартай хамгаалах хувцас үйлдвэрлэж байгаа учраас санаа зовохгүй байна. Эмч, сувилагч нар таарсан хувцсаа өмсвөл халдвар хамгаалал алдагдахгүй байх боломжтой.
-Зах, худалдааны төвүүдээс үнийн хомсдол үүсч, хүмүүсийн бөөгнөрөл үүсээд эхэллээ. Мөн маскны үнэ нэмэгдэж эхэллээ?
-Одоогоор хүнсний хомсдол үүсэхгүй, хүнсний хангамж хэвийн байгаа. Ард иргэд энэ өдрүүдэд их хэмжээгээр хүнсээ нөөцөлж зохиомол хомсдол үүсгэх шаардлагагүй. Өмнө нь хоёр ч удаа хөл хориог тодорхой хугацаанд авч байсан. Худалдааны төвүүд үнэ өсгөх асуудалд холбогдох байгууллагаас хяналт тавьж ажиллаж байна. Ард иргэдийг тайван байгаарай гэж хүсч байна. 45-60 хоногийн бүх төрлийн хүнсний нөөц байгаа учраас иргэд айж сандрахгүй, зохиомол хомсдол үүсгэхгүй, үнийн хөөргөдөл үүсгэхгүй байх нь маш чухал байна.
-Цар тахлын үед авч хэрэгжүүлэх бэлэн байдлыг хангаж чадсан уу?
-Засгийн газраас “Хариу арга хэмжээний төлөвлөгөө”-г баталсан. Энэ төлөвлөгөөний дагуу хэн, юу хариуцах уу, ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх үү, дотоодод цар тахлын дэгдэлт ямар түвшинд байх уу, аль байгууллага хэрхэн ажиллах, төрийн байгууллагууд хэрхэн мэдээллээ солилцох зэрэг шат шатны байгууллагуудын бүх авах арга хэмжээг уг төлөвлөгөөнд баталсан. Тиймээс тэвдэх, сандрах шаардлагагүй. Шөнийн 12.00 цагийн орчимд шинжилгээний хариу нь гарч 02.00 цагт УОК хуралдаж, нийслэлээс гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан. Үнийн зохиомол хөөргөдөл бий болгож, нийгмийг эмх замбараагүй байдал руу уриалан дуудаж бодит бус мэдээлэл түгээх энэ бүхэнд мөн хариуцлага тооцох асуудлыг УИХ-аас баталсан Цар тахлын тухай хуульд тусгасан. Энэ хуульд урьдчилан сэргийлэх түвшинд ямар байх, дотроо халдвар илэрвэл хэрхэх үү зэрэг энэ бүхнийг нарийвчлан оруулсан. Үнийн зохиомол хөөргөдөл үүсгэвэл хариуцлага тооцох хуулийн заалттай. Хүнсний хангамж хангалттай байгаа. Маскны хангамж ч мөн бий. Дотооддоо үйлдвэрлэх боломжтой.
-Тусгай үүргийн нислэгүүд хэвийн үргэлжлэх үү?
-Өнөөдрийн Токиогийн чартер нислэг үйлдэгдсэн. 160 гаруй хүн ирнэ. Тэднийг хүлээж авах байр сав нь бэлэн бий. Цаашид гаднаас иргэдээ татаж авах асуудалд хязгаарлалт хийнэ. Арваннэгдүгээр сард үйлдэгдэх нислэгүүд батлагдсан. Гаднаас ирэх иргэдийн нөхцөл байдал мөн дотоод дахь байдлаа харж байгаад шийдвэрүүд гарна.
-Оношлуурын нөөц ямар байгаа вэ?
-Оношлуурын хангалттай нөөцтэй. Одоогоор дутагдах зүйлгүй. Цаашид гадны зарим орноос оношлуур татаж авахаар гэрээ хэлцэл хийгдэж байна. Ирэх долоо хоногт ирэх байх.
-Сайн дураараа шинжилгээ өгөх иргэдэд үнэ төлбөртэй юу?
-Үнэ төлбөргүй шинжилгээ өгнө.
-Эхний хавьтлын 24 хүнээс гадна бусад хавьтлын хэчнээн хүн байгаа вэ, урьдчилсан байдлаар?
-Одоогоор нарийн тоог хэлэх боломжгүй. Удахгүй нэгдсэн тоо нь гарна.
ШУУРХАЙ: ХАЛДВАР АВСАН ЖОЛООЧИЙН МАРШРУТЫГ ГАРГАЖЭЭ
НЭМЭЛТ: 07.30
Алтанбулаг боомтоор орж ирсэн, тусгаарлалтад 21 хоног байж байгаад гарсан олон улсын тээврийн жолооч болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илэрсэн. Тэгвэл урьдчилсан байдлаар халдвар авсан хүний явсан маршрут, зураглалыг гаргасан байна. Ингэхэд дээрх иргэн эхнэрийн хамт УБ паласт тоглолт үзсэн, эхнэр нь шатахуун түгээгчээр ажилладаг гэсэн мэдээлэл байна.
Тайлбар: коронавирусийн халдвар авсан жолоочийн маршрут /урьдчилсан байдлаар/
Сануулахад, өчигдөр Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан бүх иргэнийг ХӨСҮТ- рүү шилжүүлж дууссан байна. Учир нь дээрх жолооч Энхсаран сувилалд тусгаарлагдаж байжээ. Мөн жолоочтой ойрын хавьтал болох 16 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авч байна.
НЭМЭЛТ: 05.55
Мөн Улсын онцгой комиссын гурав хоногийн хугацаанд иргэдийн хэрэгжүүлэх, халдвар хамгааллаас сэргийлэх чиглэлээр
- Нийслэлээс гарах хөдөлгөөнийг хааж, орох хөдөлгөөнийг нээлттэй.
- Улаанбаатараас бусад аймагт шатахуун түгээх, эмнэлгийн тусламж үзүүлэх, хүнс тээвэрлэх, буяны ажил зэрэгт явахаар бол Улаанбаатараас гаргах, ингэхдээ тодорхой асуумж, журмын дагуу гарах
Халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьталд орсон иргэдийн судалгааг гаргаж, 16 хүнийг тогтоож шинжилгээ авч байгаа юм байна. Цаашид олон маршрут гарч, үзвэр үйлчилгээний газраар явсан зэрэг нэг бүрчлэн асуумж авч,
Хяналтад байгаа иргэдийн гэр орныг хамгаалалтад авч эхэлжээ.
Мөн иргэд хүнсийг бөөнөөр авах, эх сурвалжтай, мэдээлэл авч, ташаа мэдээлэл түгээхгүй байх шаардлагатайг ЦЕГ сануулж байна.
ШУУРХАЙ: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ХОТООС ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ 3 ХОНОГ ХААЛАА
НЭМЭЛТ: 05.50 цаг
Улсын онцгой комисс шөнө яаралтай хурал зарлаж, нийслэлээс орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, 3 хоногийн хугацаанд сургууль, цэцэрлэгийг хаах шийдвэр гаргасан байна. Улсын онцгой комисс дөнгөж сая хуралдаж, дууссан бөгөөд олон улсын тээврийн жолооч 21 хоног тусгаарлалтад байж байгаад гэтрээ гарсан бөгөөд өөрөөс нь болон гэр бүлийн хүнээс нь коронавирусийн халдвар илэрсэн нь батлагджээ. Тиймээс хариу арга хэмжээ авах төвөлөгөөний дагуу нийслэлд хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, ойрын хавьтлыг судалж, тандалт судалгаа хийж эхэлжээ.
Тодруулбал, Улсын онцгой комиссын шийдвэрт, Коронавиусийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлээс хот хоорондын зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгсэл, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдрийн 02.00 цагаас арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 23.00 цаг хүртэл, Нийслэлийн бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг мөн 3 хоног түр зогсоохоор болжээ.
Мөн нийтийн тээвэрт өглөө, орой ажлын цагаар тодорхой зохицуулалт хийхээр болсон байна. Тодруулбал, өглөө 06.00-10.00 цаг, 17.00-21.00 цагийн хооронд буюу ажил ирэх, тарах үед иргэдэд үйлчилнэ.
Холбоотой мэдээ