Гурван холбоотой атаархам Монголын сагсан бөмбөг

Хуучирсан мэдээ: 2020.11.12-нд нийтлэгдсэн

Гурван холбоотой атаархам Монголын сагсан бөмбөг

Гурван холбоотой атаархам Монголын сагсан бөмбөг

Монголын сагсан бөмбөг сонирхогчид, зүтгэлтнүүдийн зүгээс өчигдөр (2020.11.11) Монголын үндэсний олимпийн хорооны хурлын танхимд Ц.Цэвэрбал, Б.Дамба тэргүүтэй Монголын сагсан бөмбөгийн холбоог, С.Эрдэнэ, С.Тулга тэргүүтэй Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоог, Б.Тамир тэргүүтэй Монголын сагсан бөмбөгийн холбоог, Ц.Мэргэн тэргүүтэй Монголын сагсан бөмбөгийн тоглогчдын холбоог тус тус чөлөөт ярилцлагад урьж, өнөөгийн Монголын сагсан бөмбөгт үүсээд буй олон холбоод, олон лиг болон олон улсад өрсөлдөх эрхийн талаар ярилцах гэж байсан боловч нийслэлд хөл хорио тогтоосонтой холбоотой хойшлогдсон.

Энэхүү “нэг лиг, нэг холбоо” хөдөлгөөнийг Монголын сагсан бөмбөгийн үе үеийн үзэгч, хөгжөөн дэмжигчид санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар дэмжин ажиллаж байгаа аж.

Ц.Цэвэрбал, Б.Дамба тэргүүтэй Монголын сагсан бөмбөгийн холбоо болон С.Эрдэнэ, С.Тулга тэргүүтэй Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоод хамтран ажиллаж, бие биенээ дэмжин ажилладаг. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны зүгээс Ц.Цэвэрбал ерөнхийлөгчтэй Монголын сагсан бөмбөгийн холбоог олон улсад Монголыг төлөөлөх холбоо гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Харин нөгөө талд Б.Тамир тэргүүтэй Монголын сагсан бөмбөгийн холбоо болон Монголын сагсан бөмбөгийн тоглогчдын холбоо хамтран ажилладаг гэдгийг "Дээд лиг"-ээс харж болно.

Бүх маргааны эхлэл

2014 оны Инчёоны Азийн наадамд Монголын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг түүхэн амжилт үзүүлж, Азийн шилдэг найман багийн нэгээр тодорсон. Үүнээс өмнө 2014 оны гуравдугаар сарын 23-нд 120 гаруй гишүүний ирцтэй Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ээлжит бус хурал зохион байгуулагдаж, шинэ удирдлагуудаа сонгосон. Эндээс л бүх будлиан эхэлсэн. Тухайн үед Хас банкны ерөнхийлөгч байсан Ч.Ганхуяг ажлаа хүлээлгэн өгч буйгаа мэдэгдэж, С.Эрдэнэ, Б.Тамир нар шинэ ерөнхийлөгчийн төлөө өрсөлджээ.

Нууц санал хураалт явагдаж, Б.Тамир нийт хуралд оролцсон гишүүдийн 68 хувийн санал авч, ерөнхийлөгчөөр сонгогдов. Гэвч үүнийг МУГД Ц.Цэвэрбал эсэргүүцэж, гурван шатны шүүхээр явж, эцэст нь FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбоонд хандан өөрийгөө албан ёсны удирдлагаар бүртгүүлсэн аж. Гэвч хоёр тал бие биенээ хүлээн зөвшөөрч чадалгүй, эсэргүүцсээр өдийг хүрчээ. Энэ хооронд FIBA-аас дотоод асуудлаа цэгцэл гэж шаардан, бүх насны шигшээ багуудыг FIBA-аас зохион байгуулдаг тэмцээнүүдэд оролцох эрхийг нь хассан.

Саяхан FIBA-ийн зохион байгуулсан онлайн ур чадварын тэмцээнд 17 хүртэлх насны Монголын сагсан бөмбөгийн шигшээ оролцож дэлхийн аварга болсон билээ. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос Монгол Улсын бүх насны шигшээ багийг FIBA-ийн тэмцээнд оролцох боломжтой гэж зарласан боловч ирэх 2021 онд зохион байгуулагдах Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд Монгол Улс багтаж чадсангүй.

Тамирчид хохирч байна

2014 оны Азийн наадамд оролцсон тэр гайхалтай бүрэлдэхүүнээс одоо тоотой хэдэн тамирчид нь дээд түвшинд тоглож байна. 2014 оны Азийн наадмаас хойш Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг 2017 оны Азийн цом, 2015 болон 2019 онуудын сагсан бөмбөгийн ДАШТ-ий сонгон шалгаруулалт, 2017 оны зүүн Азийн аварга зэрэг тэмцээнүүдэд оролцож чадаагүй. Сагсан бөмбөгийн олон шилдэг тамирчид олон улсад гарах арга зам хайж, 3×3 сагсан бөмбөгийн төрөлд олноор хүч үзэж эхлэв. Үүнээс гадна дотооддоо хоёр лигтэй болж, хоёулаа нэгэн зэрэг хугацаанд зохион байгуулагдаж, тамирчдад дарамт учруулж эхэлсэн.

Энэ бүгдийг удаан тэвчсэн Монголын сагсан бөмбөгийн тоглогчдын холбоо сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа идэвхижүүлж, өөрсдөө лигээ зохион байгуулж, эрх ашгаа хамгаалахын тулд эвлэлдэн нэгдэхийг хүссэн. Тэдний үйл ажиллагааг сагсан бөмбөгийн холбоод дэмжихээ илэрхийлсэн боловч өдийг хүртэл дорвитой арга хэмжээ авалгүй, ярьсаар өнгөрлөө. Угтаа Монголын сагсан бөмбөгийн ирээдүй гэрэлтэй байгаа гэдгийг олон залуу харуулж байна. Тэдэнд ах, эгч нарт нь тохиолдсон зүйл битгий тохиолдоосой гэж мянга мянган Монголын сагсан бөмбөгийн хорхойтон хүсч буй.

Монголын авьяас нь асгарсан тоглогчид ур чадвараа олон улсын түвшинд харуулж чадалгүй, хоорондоо тоглоод дотооддоо "алалцаад" дуусах нь. Олон улсад хуримтлуулсан туршлага гэх юмгүй дөрвөн жилдээ ганц удаа Азийн наадамд оролцдог боллоо. Хэрэвзээ FIBA-ийн хориг тавигдсан гэдэг нь худлаа бол Монгол Улсын 5х5 шигшээ баг ирэх 2022 оны Ханчжоугийн Азийн наадамд оролцох төлөвтэй байна.

Азийн наадамд FIBA зохион байгуулагч бус, дэмжигч холбоогоор оролцдог тул Монгол Улсын шигшээ баг оролцоход асуудалгүй байдаг юм.

Хэн гол дүрд тоглох вэ?

Энэ онд явагдсан Монголын олимпийн хорооны ээлжит бус хурлын үеэр Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга олимпийн хорооны шинэхэн ерөнхийлөгч Н.Түвшинбаяраас Монголын сагсан бөмбөгт тулгараад буй энэхүү асуудлыг засч залруулж өгөхийг хүссэн. Монголын олимпийн хороо ч дүрмээ баримталж, олон улсын сагсан бөмбөгийн холбоондоо бүртгэлтэй болох Ц.Цэвэрбал, Б.Дамба тэргүүтэй Монголын сагсан бөмбөгийн холбоог гишүүнээрээ элсүүлсэн.

Гэвч энэ асуудлыг дан ганц ерөнхийлөгч Н.Түвшинбаяр шийдэж чадахгүй нь харамсалтай. Одоо энэхүү удаан үргэлжилж буй маргааны гол дүрд тамирчид, хөгжөөн дэмжигчид тоглох хэрэгтэй. Тамирчид, эсвэл хөгжөөн дэмжигчид нэг талдаа эвлэлдэн нэгдэж байж, маргааныг эцэслэнэ. Та бүхэн санаж байгаа бол 1960-аас 1970-аад оны үед АНУ-д ч гэсэн NBA болон ABA гэсэн сагсан бөмбөгийн хоёр холбоо байсан.

Цаг хугацааны шалгаралд тамирчид эсэргүүцэл гарган, хөгжөөн дэмжигчид ABA-ийг үзэхээ больсон тул тус холбооны удирдлагууд яах ч аргагүй NBA-тэй нэгдэж, өнөөдрийн бид бүгдийн мэдэх Денвер Наггетс, Индиана Пэйсерс, Брүүклин Нетс болон Сан-Антонио Спурс зэрэг багууд лигт элсч байлаа. Яг АНУ-ын энэ жишээ манай улсад одоо тулгарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж