Давж заалдсан дуулиант хэргүүд: Ж.Эрдэнэбат, Б.Хурц, Н.Номтойбаяр | News.MN

Давж заалдсан дуулиант хэргүүд: Ж.Эрдэнэбат, Б.Хурц, Н.Номтойбаяр

Давж заалдсан дуулиант хэргүүд: Ж.Эрдэнэбат, Б.Хурц, Н.Номтойбаяр

Давж заалдсан дуулиант хэргүүд: Ж.Эрдэнэбат, Б.Хурц, Н.Номтойбаяр

Нийгэмд  төдийгүй улстөрийн хүрээнд дуулиан тарьж байсан хэргүүд хууль хяналтын байгууллагаар шалгагдаж, зарим хэргүүд нь өнгөрсөн долдугаар сард шүүхээр шийдэгдсэн. Сар хүрэхгүй хугацаанд  зургаан хэрэгт холбогдуулан нийт 21 хүнд ял оноосон  юм. Үүнээс гурав нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан ба С.Баярыг Оюутолгойн гэрээ болон “Петровис” ХХК-д давуу байдал олгосон хэргээр, М.Энхсайханыг Тавантолгойн асуудлаар, Ж.Эрдэнэбатыг албан тушаалын давуу байдлаа ашиглан хайгуулын талбай зарж борлуулсан хэргээр тус, тус ялласан.  Өнгөрсөн хугацаанд М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат, Б.Хурц, Г.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нар давж заалдсан ч  Б.Хурц, Г.Эрдэнэбат нарынхаас бусад хүмүүсийн   анхан шатны шүүхийн шийдвэрт ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй юм.

Б.ХУРЦ, Г.ЭРДЭНЭБАТ НАРЫН ХЭРЭГ АНХАН ШАТНЫ ШҮҮХ РҮҮ БУЦАВ

Тодруулбал, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй зургаан хүнд С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган, өнгөрсөн долдугаар сард Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн. Улмаар Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял тус тус оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ.

Г.Эрдэнэбат, Б.Хурц нар  аравдугаар сарын 28-нд давж заалдсан юм.  Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан юм.

Шүүхээс долдугаар сарын 22-ны өдөр гаргасан Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял, О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс тэднийг  үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргасан  нь үндэслэлтэй эсэх талаар Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн “Ер нь давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүх рүү буцаалаа гэхэд цагдан хорих асуудлыг шийдэх зохицуулалт хуульд  байхгүй. Үүнийг хуульд нарийн тусгах шаардлагатай байгаа юм. Хэдийгээр хуульд  нарийн зохицуулалт байхгүй ч гэсэн  шүүгч хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн  шийдвэр гаргахаас өөр аргагүй. Зохицуулалт байхгүй учраас л  шүүгчид асуудалд  өөрсдийн үзэмжээр хандаад байна. Анхан шатны шүүх рүү хэрэг буцлаа гэхэд ихэнх тохиолдолд  хэргийн оролцогч нарын цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг өөрчилдөг. Энгийн логикоор бодоход ч тэр давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх хэргийг  буруу шүүсэн байна гэж үзсэн л юм бол хэргийн оролцогч нарыг суллах нь зөв биз дээ” хэмээсэн юм.

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС Ж.ЭРДЭНЭБАТАД ОНОГДУУЛСАН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн   шүүх хуралдаан долдугаар сарын 6-ны өдөр болсон. Шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тус, тус тооцсон. 

Ийнхүү Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял оногдуулсан. Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял тус тус оногдуулсан. Улмаар Ж.Эрдэнэбат нарт холбогдох Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал есдүгээр сарын 15-ны өдөр  болж, шүүхээс Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээж, Д.Түвшинжаргал, Д.Ганбат нарт оногдуулсан ялд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Н.НОМТОЙБАЯР УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ХАНДАНА

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх долдугаар сарын 7-ны өдөр УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр шүүж, 5.5 жилийн хорих ял оноосон. Улмаар Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан есдүгээр сарын 8-нд болж, шүүхээс  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.  Н.Номтойбаярын өмгөөлөгч шүүхийн шийдвэр албан бичгээр гарсны дараа Улсын дээд шүүхэд гомдол гаргахаа мэдэгдсэн юм.

ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС М.ЭНХСАЙХАНД ОНОГДУУЛСАН ЯЛЫГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ


Ерөнхий сайд асан М.Энхсайханд хорлон сүйтгэх, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр 4.6 жилийн хорих ял оноосон. Шүүхээс М.Энхсайханыг Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулагчийг сонгох нээлттэй шалгаруулалтыг зохион байгуулах, гэрээ байгуулах Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засгийн газрын “Таван толгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг хэрэгжүүлэх Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн удаа дараагийн зөвлөмж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан Улсын Их Хурлын тогтоол зэргийг зөрчиж, “Шинхуа Энержи, Энержи Ресурс болон Сумитомо корпорац”-ийн түншлэлд давуу байдал бий болгон Монгол Улсын эдийн засагт илт хохиролтой гэрээг батлуулах зорилгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирлаар ажиллаж байхдаа төрсөн дүүгийнхээ болон түүний хүүгийн нэр дээр үүсгэн “ЕАС” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Тоёота Лексус 570 маркийн тээврийн хэрэгслийг тухайн үеийн зах зээлийн ханшнаас 55.000.000 төгрөгөөр илүү үнээр буюу 130.000.000 төгрөгөөр “Таван толгойн цахилгаан станц” төслийн нэгжид худалдан авч эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан  хэргээр ялласан. Улмаар М.Энхсайхан долдугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан боловч  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн юм.

Д.ДАМБА-ОЧИР 3.6 ЖИЛ, Г.СОЛТАН ГУРВАН ЖИЛИЙН ЯЛ СОНСОВ

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очир нь жижиг,  дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас /ЖДҮХС/  “Сапфир стоун” ХХК-д 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь дам байдлаар нөлөөлсөн байж болзошгүй хэргээр хоёр жил шалгагдсан. Түүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд наймдугаар сарын 19-нд болж, шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан юм. Улмаар Д.Дамба-Очирт холбогдох давж заалдах шатны шүүх хурал аравдугаар сарын 29-ны өдөр болж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Д.Дамба-Очирт 3.6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хүртэл хугацаагаар хассан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

УИХ-ын гишүүн асан Г.Солтан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан "Монгол шаазан" ХХК-д 950 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авахын тулд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт хууль бусаар нөлөөлж Б.Батзоригтоор  төсөл сонгон шалгаруулах хорооны дарга Д.Энхбат, гишүүн С.Төгсбилэг нарт тухайн төслийг улс төрд нөлөө бүхий, нэр бүхий хүнтэй холбоотой, хамаарал бүхий учраас шалгаруулах шаардлагатай гэж хэлж, хууль бус үүрэг чиглэл өгч, нөлөөлсөн хэмээн яллагдсан.  Г.Солтанд холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан долдугаар сарын 29-ний өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг таван  жилээр хасч, гурван жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Улмаар есдүгээр сарын 22-ний өдөр Г.Солтанд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болж шүүгдэгч Г.Солтаны гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 7.880.500 төгрөгийг  түүнээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх  нэмэлт заалтыг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 

"ЭРЭЛ"-ИЙН Б.ЭРДЭНЭБАТ ЭНЭ САРЫН 24-НД ДАВЖ ЗААЛДАНА

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх "Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, түүний эхнэр  Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийг  наймдугаар сарын 7-ны өдөр хэлэлцсэн.Улмаар шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэргийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол” учруулсан, мөн мөнгө угаах гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож долоон жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч  Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм. Мөн шүүгдэгч Б.Эрдэнэбатаас 20 тэрбум зургаан сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байдаг. Тэгвэл өчигдөр /2020.11.10/  “Эрэл” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ дарга асан Б.Эрдэнэбатад холбогдох  давж заалдах шатны шүүх хурал болсон ч Б.Эрдэнэбат нь нэмж өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учраас арваннэгдүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-11 202.126.88.235

Ял нь багадсан нохдууд хийсэн хэргээ мэддэггүй юм байх даа ! Дахиад нэмээд өг .

Avatar

Зочин 2020-11-11 173.239.198.72

enhsaihniig helmegduulj baina. harin ter nomguibayar altnii ninja erdenebat nar bol hereg hiisen hulgaichid. nomguibayar bol eruugin gemt heregten, cagaan suvargiig gereeree deeremdsen hulgaichid

Avatar

Зочин 2020-11-11 64.119.16.178

М.Энхсайханыг илтэд хэлмэгдүүлжээ!! "Монгол Улсын эдийн засагт илт хохиролтой гэрээг батлуулах" шахсан, тэгэх гэж санаархаж байсан г.м. ургуулан бодож олсон зүүд шиг төсөөллөөрөө ял оноожээ!!! Ийм балай тэнэг юм Хойд Солонгост ч байхгүй дээ?!!

Avatar

Зочин 2020-11-11 202.21.96.134

Энэ дээрх эрхэмүүд Хятадад байсан бол аль хэдийний толгой байхгүй, эсвэл насаар хоригдох ялтай. Юун 3.4 жил вэ? Юунд нь давж заалдаад явдаг юм бэ дээ.

Avatar

иргэн 2020-11-11 122.201.21.114

Хятад, эсвэл хойд Солонгосын ерөнхийлөгчийг 3 сар хөлслөөд Монголд ажиллуулмаар байна шүү

Avatar

Зочин 2020-11-11 202.21.96.134

Тийм ээ, би бас тэгж боддог шүү. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч эмэгтэй шоронд хийх юмгүй гиюүрч суухаар, Монгол ирээд зөвлөх хиймээр юм бна даа. Юу ч мэддэггүй, хоосон толгойнууд улсыг удирдана гэж юу байх вэ? Би харж байна, хэр хол явахыг нь. Намын далбаан дор ороод авбал болоо юу? Мэдэхгүй юм аа хэрж л байя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж