Камала Харрисын цагаан хослол юу өгүүлнэ вэ?

Хуучирсан мэдээ: 2020.11.11-нд нийтлэгдсэн

FASHION

Камала Харрисын цагаан хослол юу өгүүлнэ вэ?

Камала Харрисын цагаан хослол юу өгүүлнэ вэ?

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Жо Байдены сонгосон дэд Ерөнхийлөгч Камала Харрис өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Делавэйр мужийн Вилмингтон хотод илтгэл тавьжээ. Харин хүмүүс түүний хэлсэн үгнээс илүү өмссөн хувцсыг нь сонирхон ярилцаж байгаа юм. Учир нь түүний хувцас бол америкчуудын ирэх дөрвөн жилийн турш харах үлгэр жишээ билээ. Камала Харрисын илтгэл, хэлсэн үг үнэхээр чухал, ач холбогдолтой, ирээдүйд ч дурсан санагдахаар, АНУ-ын төдийгүй бүх дэлхийн эмэгтэйчүүдэд урам зориг хайрласан, итгэл найдвар уриалсан шинжтэй байлаа. Мөн хажуугаар нь түүний өмссөн цагаан хослол, цагаан алчууртай цамц хэлсэн үгнээс нь ч илүү эв нэгдэл, сайн сайхныг илэрхийлсэн гүн утгатай байлаа.

Тэрбээр өөрийнх нь илтгэлийг сонсч байгаа эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэн “Би яг одоо та бүхнийхээ мөрөн дээр зогсч байна. Сонгох эрх чөлөөнийхөө төлөө эрэлхэгээр тэмцсэн 20-р зууны эмэгтэйчүүд, мөн өнгөрсөн долоо хоногт тэр эрхээ эдэлсэн шинэ үеийн эмэгтэйчүүдийн мөрөн дээр би зогсч байна” хэмээн хэлсэн аж.

Харин хувцасны хувьд цагаан өнгө бол дээр үеэс эхлэн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх хөдөлгөөний өнгө байсаар ирсэн юм. Мөн хөдөлгөөнийхөн итгэл найдварыг төлөөлүүлэн ногоон өнгө, нэр төрийг төлөөлүүлэн нил ягаан өнгийг хэрэглэдэг болсон гэнэ.

Гэхдээ түүний илтгэлээс ойлгох зүйлс зөвхөн үүгээр дууссангүй. Хар арьстай бөгөөд өмнөд Азиас гаралтай хамгийн анхны дэд ерөнхийлөгч тэрбээр цагаан хувцас өмсөн нь өмнөх үеийн чадварлаг эмэгтэйчүүдийг хүндэтгэсэн, даган дуурайсан үйлдэл байв. Тухайлбал Ширли Чишолм 1968 онд Конгресст сонгогдсон анхны Африк гаралтай эмэгтэй болохдоо цагаан хувцастай байсан аж. Мөн 1984 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Уолтер Модалийн хамтрагч болохдоо Жералдин Ферраро дан цагаан хувцас өмссөн байлаа. Бас 2016 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авахдаа Хилари Клинтон цагаан хувцас өмсч байв.

Харрисын зориуд сонгон өмссөн дээрх хувцас нь Америкийн улс төрийн хэвшмэл байдлыг эсэргүүцсэн олон эмэгтэйчүүдийн үргэлжлэл болж байгаагаа илэрхийлэх дохио байв. Энэ нь мөн шинэ дэд ерөнхийлөгч дүрмээс хамааралгүй гэхээсээ илүү өмнөх үеийн улстөрч эмэгтэйчүүдийн үйл хэргийг уламжлан авч явахыг илэрхийлж байна.

Түүний цагаан алчууртай цамц ч гэсэн түүхэн ач холбогдолтой аж. Нэхэн санавал Маргарет Татчер Их Британийн улс төрд зүтгэж явахдаа эрчүүдийн зангианы оронд ийн алчуур зүүдэг байжээ.

 

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж