Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14.00 цагт ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэж үзэв

Хуралдааны эхэнд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлт–ийг хэлэлцэв. Дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа. Цэц дүгнэлтдээ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс … эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арванзургадугаар зүйлийн 9 дэх заалтын “… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. … “ гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэн байна.

Дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ж.Сүхбаатар нар асуулт асууж, асуултад Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хариулт өгөв.

Үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр уг асуудлыг Байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Дараа нь Засгийн газраас 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Ц.Сэргэлэн танилцуулав.

Төсөлд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр улсын хилийн боомт дээр виз олгох, цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтыг тусгасан байна. Мөн визийг зөвхөн хэвлэмэл хуудсаар олгодог гэх ойлголтыг өөрчилж, дэлхий нийтийн хандлагад нийцүүлэн хэвлэмэл хуудас болон цахим хэлбэрээр олгож болох эрх зүйн үндсийг тусгажээ. Ингэхдээ цахим хэлбэрээр виз олгож эхлэх урьдач нөхцөлийг бий болгох, үндэсний аюулгүй байдлыг хангах талаарх зохицуулалтыг хуульд тусгах шаардлагатай болохыг харгалзан үзсэн байна. Энэ зорилгоор одоогийн хууль тогтоомжид тодорхой тусгаагүй, нэн тэргүүнд анхаарах шаардлагатай гадаадын иргэдийн бүртгэл, хяналтыг сайжруулах зохицуулалтыг шинээр тусгасан байна. Түүнчлэн, Монгол Улсыг зорих гадаад иргэдэд визийн үйлчилгээг шуурхай хүргэх, хилийн чанадад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах зэрэгт визийн төвийг байгуулах нь оновчтой шийдэл гэж үзэж хуулийн төсөлд энэ талаар тусгажээ.

Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэхийг хуралдаан даргалагч сануулж, төслийн зүйл бүрийг уншиж танилцуулсны дагуу гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Н.Алтанхуяг нар асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн асуултад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Сэргэлэн, Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнх-Оргил нар болон Ажлын дэд хэсгийн гишүүд хариулт өглөө. Хуулийн төслийн гол үзэл баримтлал нь визийн уян хатан зохицуулалтаас гадна Монгол Улсад ирж байгаа гадаад иргэнд тавих хяналтыг өндөрсгөх зохицуулалт болох талаар Ажлын хэсгийн гишүүд хариултдаа тэмдэглэсэн юм.

Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар үргэлжлүүлэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын тэмдэгтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн талаарх  Ажлын хэсгээс бэлтгэсэн болон Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэв. Ингэснээр Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж