Гадаадын мэргэжилтнүүдийг оруулж ирэхгүй бол зардлаа нэхэмжилнэ гэв

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

Гадаадын мэргэжилтнүүдийг оруулж ирэхгүй бол зардлаа нэхэмжилнэ гэв

Гадаадын мэргэжилтнүүдийг оруулж ирэхгүй бол зардлаа нэхэмжилнэ гэв

Засгийн газраас гадаад ажилтнуудыг нэмэлтээр оруулж ирэхийг хориглосонтой холбоотойгоор Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг хамгаалах түр хороо (ГХОКЭАХТХ)-ноос өнөөдөр 11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.

Энэ үеэр "Ийст Говь" гадаадын хөрөнгө оруулалт, хүний нөөцийн компанийн зөвлөх н.Зоригтбаатар “Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 130,000 орчим аж ахуйн нэгжийн 5 хувь нь гадаадын хөрөнгө оруулалттай. Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор тэдгээр компаниудын ажил зогсож, ажилчид нь цалингаа авч чадахгүй байгаа төдийгүй улсын хувьд ч олон бүтээн байгуулалтын ажлууд нь зогссон.

Өнөөдрийн хэвлэлийн хуралд оролцож буй гадаадын хөрөнгө оруулалттай 39 компанийн төлөөлөл 39 гадаад ажилтан, хөрөнгө оруулагчаа оруулж ирэх гэсэн ч мухардмал байдалд оржээ.

Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сараас хойш гадаадын хөрөнгө оруулагчдаа оруулж ирэхээр хөөцөлдөж, зардал мөнгөө гаргаад, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос холбогдох зөвшөөрлөө аваад, яг оруулж ирэхэд бэлэн болсон байхад хэсэг бүлэг хүмүүсийн улстөржсөн үйлдлээс болж гаднаас ажилчин оруулж ирэхийг хориглочихлоо.

Засгийн газраас яг албан ёсны ийм шийдвэр гараагүй ч Монгол Улсын Шадар сайд ингэж ярьсан. Энэ байдал нь гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Бид цар тахлыг оруулж ирье гээгүй. Хорио цээр, халдвар хамгааллын дэглэмийг нь баримталж, нэн шаардлагатай байгаа хүмүүсийг оруулж ирэхийг л шаардаж байна. Нэг л хүний лайваас болж аж ахуйн нэгжүүдийг хохироож болохгүй.

Бид өнөөдөр УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатарт зөвшөөрөл нь гарчихсан 39 компанийн 39 хөрөнгө оруулагч, нарийн мэргэжилтнийг БНХАУ болон бусад улсаас оруулж ирэх талаар шаардлага хүргүүлж байна. Тэднийг оруулж ирэхгүй тохиолдолд компаниуд зарцуулсан мөнгөө буцаан нэхэмжлэх шаардлагатай" гэв.

Хэвлэлийн хуралд оролцогчид ажилчдаа оруулахын тулд ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдагаа мэдэгдэв.

Монгол Улсад гадаадын инженер, техникийн ажилчид нэн хэрэгцээтэй байгаа үед аж ахуйн нэгжүүд байр орон сууц, газраа хүртэл банкинд барьцаалан, гадаадын хөрөнгө оруулагч нартай холбоо тогтоодог. Цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор гадаадын хөрөнгө оруулалттай үйл ажиллагаа бүтэн жилийн хугацаанд зогсчээ.

ГХОКЭАХТХ-ны төлөөлөл хэлэхдээ “Бид бүтэн 5, 6 сар хөөцөлдөж, арай хийж хөрөнгө оруулагчаа татдагийн даваан дээр худлаа мэдээлэл тарааж, лайв хийсэн хүмүүсээс болж хохироод байна. БНХАУ-аас орж ирж буй ажилчид Хөх хотын Эрүүл мэндийн төв хороо дээр PCR шинжилгээ, Эрээн хотод ирээд дахин шинжилгээ өгсний дараа хилээр нэвтэрч, дараа нь Замын-Үүд дээр ч шинжилгээ хийлгэдэг.

Хилээр орж ирэх гадаад ажилчид тусгаарлалтын 21 хоногийн хугацаанд ХӨСҮТ-д 450 мянган төгрөг тушааж, гурван удаагийн PCR шинжилгээ хийлгэдэг. Тэд нэг өдрийн 120-240 мянган төгрөгийн буудлын зардал төлж, 21 хоногийн хугацаанд тусгаарлагддаг. Мөн бүгд элэгний В, С вирус, ДОХ, тэмбүүгийн шинжилгээнд хамрагдан, эрүүл гэсэн дүгнэлт гарсны дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын ажиллах хүчний зөвшөөрөлтэйгөөр Монгол Улсад хөдөлмөрлөдөг.

Тэднийг хилээр орж ирэхээс эхлээд тусгаарлагдах байр хүртэл замд нь ямар нэг байдлаар зогсоож, саатуулахгүйгээр авч явах үүргийг цагдаа, алба хаагчид хянадаг. Түүнийг нь олон нийтийн сүлжээнд "Цагдаа нар хятад ажилчдыг хамгаалж, гар хөл нь боллоо" гэх мэтээр буруу мэдээлэл маш их тарж байна.

Тэдгээр алба хаагчид үнэндээ тусгаарлалт, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж, автобусанд хүн оруулахгүй, гаргахгүй байх л үүрэг хүлээдэг. Тухайн лайв хийж байсан хүмүүс автобус дотор оруулахыг шаардсан байсан” гэлээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж