"Халдвар дотоодод алдвал Монголбанк нөөц төлөвлөгөөтэй"

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

"Халдвар дотоодод алдвал Монголбанк нөөц төлөвлөгөөтэй"

"Халдвар дотоодод алдвал Монголбанк нөөц төлөвлөгөөтэй"

Ирэх 2021 онд төрөөс баримтлах Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ арваннэгдүгээр сарын 5-ны өдөр баталсан. Ирэх онд Төв банк хуулиар ногдсон үндсэн зорилтоо хангах, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сорилтыг хохирол багатай даван туулах, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай бодлогын арга, хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд эрх бүхий төрийн байгууллага болон олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллана.

Төв банк инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн ирэх онд онд Төв банк зээлийн хүү бууруулах, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжлэхтэй тэмцэх тогтолцооны дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэх, санхүүгийн хэрэглэгчийг зайнаас танихтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулахтай холбоотой олон ажлыг төрийн бусад байгууллагатай хамтран хийхээр төлөвлөжээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл болон бусад асуудлаар Монголбанкнаас өнөөдөр /2020.11.10/ мэдээлэл хийлээ.


Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Монголбанк хоёр бүлэгтэйгээр бэлтгэжээ. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Хоёр бүлгийн эхний хэсэг нь Монголбанк Засгийн газар, СЗХ болон бусад төрийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх арга хэмжээний төслөө өргөн барьсан. Манайхаас долоо арга хэмжээг хамтарч хэрэгжүүлье гэсэн байдлаар төсөлд тусгасан. Хоёр дахь хэсэгт жил болгон Монголбанкнаас макро эдийн засгийг тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр ямар ажил хийх талаарх төлөвлөгөөг оруулж өгдөг. Тэр нь макро болон санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах. Санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх гэсэн гурван дэд хэсгээс бүрдсэн заалтууд байдаг юм.

Энэ жилийн мөнгөний бодлогыг батлах үеэр УИХ-ын гишүүд Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэх долоон заалт дээр нэг заалт нэмэх санал оруулсан. Ингээд 8 заалттай болсон.

“ИНФЛЯЦЫГ ЗУРГААН ХУВЬД ХҮРГЭХ НЬ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦЭЖ БАЙГАА”

Эдгээр заалтыг дэлгэрэнгүй тайлбарлавал,

  1. Монгол Улс Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууллагын Олон улсын “саарал жагсаалт”-д байж байгаад 10 сард гарсан. 2019 оны аравдугаар сард ороод, жилийн дотор гарж байгаа нь энэ. Өгсөн үүрэг даалгаврыг нь маш хурдтай биелүүлж, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоонд гаргасан ахицыг үнэлсэн үнэлэлт. Энэ нь нэг удаагийн ажил биш. Цаашид тогтолцоогоо улам бэхжүүлж, хөгжүүлэх ёстой. Мөн ФАТФ-аас гаргадаг хэрэгжилтийн болон техникийн үзүүлэлтүүдийн нөхцөл шаардлагууд нь байнга шинэчлэгдэж явдаг учраас Монгол Улс түүнийг дагаж хууль эрх зүйн зохицуулалтуудаа өөрчилж, шинэчилж байх шаардлагатай. Тиймээс ирэх оноос Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууллагын зөвлөмжид нийцүүлээд үндэсний хөтөлбөрийг гаргахаар ярьж байгаа. Үүнийг Монголбанк дангаараа биш төрийн бусад байгууллагатай нэгдэж, үндэсний хөтөлбөрийг гаргах ёстой гэдэг саналыг гаргасан.
  2. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах заалтыг оруулж өгсөн. Санхүүгийн хэрэглэгч гэхээр зөвхөн банкны харилцагч гэж ойлгож болохгүй. ББСБ, даатгал, үнэт цаас, хөрөнгийн зах зээл гээд санхүүгийн бүхий л харилцаанд оролцож байгаа хэрэглэгчидтэй хамааралтай заалт. Тиймээс санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг бүхий л байгууллагатай хамтарч ажиллана. Санхүүгийн үйлчилгээ авч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан эрх зүйн орчинг бий болгоё гэдэг үүднээс энэ заалтыг оруулж өгсөн.
  3. Зээлийн хүүг бууруулах. Зээлийн хүүг бууруулах стратеги хөтөлбөрийг УИХ-аас баталж өгсөн. Энэ хүрээндээ дунд хугацаанд буюу 2023 он хүртэл Төв банк, Засгийн газар, бусад санхүүгийн зохицуулалтын байгууллагатай хамтраад зээлийн хүүг бууруулах чиглэлээр ямар ажил хийх вэ гэдгээ уг хөтөлбөртөө нарийн тусгасан. Энэ хүрээндээ 2021 оны Мөнгөний бодлогын чиглэлд илүү эрчимжүүлэхээр тодорхой заалтыг оруулсан. Зээлийн хүүг бууруулахад нэг голлох зүйл нь банк дахь зээлийн өрийн үлдэгдэлд эзэлж байгаа чанаргүй зээлийн хэмжээг хэрхэн бууруулах вэ гэдэг нь чухал. Зээлийн хүүний зардлын 20 гаруй хувийг чанаргүй зээлд зориулсан сангийн зардал эзэлж байдаг. Сангийн зардлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авбал зохистой вэ гэдэг талаас нь харж, мөн заалт оруулж өгсөн. Зээлтэй холбоотой шүүхийн маргаан гардаг. Энэ маргаан шүүхийн шатанд дунджаар 4 жил зарцуулдаг. Тиймээс маргааныг яаж богино хугацаанд шийдэх вэ гэдэг талаас нь харж, эрх зүйн орчныг сайжруулах заалтыг Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгаж өгсөн. Эрх зүйн зохицуулалтын хүрээнд холбогдох олон хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Хуулийн төслүүдийг бэлэн болгоод, УИХ-д өргөн барьсан. Хэлэлцээд эхэлбэл 2021 оноос эхлээд шүүхийн маргаанууд богино хугацаанд шийдвэрлэгдэх боломжтой болно. Үүнийгээ дагаад эрсдэлийн сангийн зардал буурвал зээлийн хүү буурахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ.
  4. Цар тахалтай холбоотойгоор бүхий л үйлчилгээ цахимжиж байна. Банк, санхүүгийн салбар хамгийн цахимжсан нь гэж хэлж болно. Гэхдээ цахимжилтыг илүү сайжруулж, хөгжлийг нь хурдасгая гэдэг утгаар нь зарим заалтуудыг оруулсан. Төв банкны зүгээс ч тодорхой ажлуудыг хийж, гүйцэтгээд байгаа.
  5. Ипотекийн зээлтэй холбоотой. Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахгүй байхыг чармайж байгаа хэдий ч ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хойш тогтвортой амжиллтай хэрэгжсэн. Бүх үйл ажиллагаа нь нийцтэй болчихсон энэ үед эвдэхгүйн үүднээс хэвээр нь үргэлжлүүлэхээр ипотекийн хөтөлбөрийг Монголбанк шинээр эхлүүлээд байгаа. Үүнийг 2021 онд яаж тогтвортой чиглэл рүү нь явуулах вэ. Олон улсын туршлага, сайн жишигт нийцсэн хэлбэрт шилжүүлэхийн тулд тодорхой арга хэмжээг авъя гэдэг утгаар нь энэ чиглэлийн заалтыг оруулж өгсөн. Дэлхийн  140 гаруй оронд ипотекийн зээлийг хэрэгжүүлдэг. Тэгэхдээ голдуу төрийн өмчтэй компаниар дамжуулж хэрэгжүүлдэг жишиг байгаа. АНУ-д төрийн хоёр ч том комапани нь орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тэр сайн жишгээс суралцаж, Монголд ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах агентлаг ч юм уу байгуулах зорилт тавьсан.
  6. УИХ-ын гишүүдийн зүгээс цар тахлын үеийг амжилттай давахад зориулж ялангуяа экспортод чиглэсэн ЖДҮ-ийг хөгжүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулдаг үйлдвэрүүдийг дэмжихэд Төв банк, Засгийн газар төсөв, мөнгөний бодлогоороо дэмжих хэрэгцээ байна гэдэг санал гаргасан. Үүнтэй холбоотой шинэ заалтыг бас оруулж өгсөн гэлээ. Энэ хүрээнд экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ЖДҮ эрхлэгчид жилийн 12-13 хувийн 3 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг банкуудаас  авах боломжтой" гэв.

    ИПОТЕКИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨРИЙН ИНСТИТУТ БИЙ БОЛГОХ ХҮРТЭЛ МОНГОЛБАНК ХАРИУЦАНА

Хэдийгээр төсвийн шинжтэй үйл ажиллагаанд Монголбанкыг оролцохыг хориглосон ч ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлээд авч явах төрийн институт байхгүй учраас яах ч аргагүй Төв банкны зүгээс оролцоод явж байна. 2013 оноос хойш Төв банк 2.8 их наяд төгрөгийг ипотекийн санхүүжилтэд гаргасан. Нийгэм, эдийн засаг талаасаа үр өгөөжтэй яваа энэ хөтөлбөрийг зогсоохгүйгээр шилжүүлж авах институтийг бий болтол хөтөлбөрийг Монголбанк үргэлжлүүлэхээс өөр аргагүй” гэдгийг тодотголоо.

-Саарал жагсаалтаас гарснаар Монгол Улсын гадаад, дотоод нөхцөл байдалд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Саарал жагсаалтад орсон үед манай улстай харилцдаг гаднын байгууллагууд тодорхой шалгуур, нөхцөлүүдийг тавьж байсан. Саарал жагсаалтаас гарснаар эдгээр нөхцөл нь байхгүй болсон. Мэдээж хэвийн байдалд ортлоо тодорхой хугацаа шаардлагатай. Манай улс дахин саарал жагсаалтад орохгүйгээр өгсөн шаардлагыг нь хангаад явах боломжтой.

-НОСК, ТОСК гэсэн төрийн оролцоотой корпорациуд байсаар байтал ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлээд авч явах яагаад дахин төрийн өөр институти бий болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм бэ?

-Хууль эрхзүйн орчныг нь эхлээд тодорхой болгох шаардлагатай. Ипотекийн хөтөлбөр л гэж байгаа болохоос биш ямар нэгэн зохицуулалт нь байдаггүй. Монголбанк, Сангийн яам хамтраад ипотекийн хөтөлбөрийг санхүүжилтийг хэн авах уу гэдэг нөхцөл, шаардлагыг л гаргасан. Тиймээс эхлээд хуулийн орчинтой болгох шаардлагатай. Тэр хүрээндээ төрийн өмчит компани байгуулах. НОСК, ТОСК-ийн тухайд өнөөгийн үйл ажиллагаа нь ипотекийн санхүүжилтийг МИК-тэй адил зохион байгуулах боломжгүй мөн зорилготой нь уялдахгүй. ТОСК орон сууцыг санхүүжүүлэх гэхээсээ захиалгач нь ч болж өөрөө байшин барьдаг. МИК шиг ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлэхийн тулд барьцаа болгож ипотекийн зээлийг өөр дээрээ цуглуулж буцаагаад үнэт цаас гаргаж санхүүжүүлдэг ийм тогтолцоо.

-Ипотекийн зээлийг зургаан хувь болгосноор орон сууцны үнэ өсөхөд нөлөөлөх үү?

-Цаашид найман хувиар дахиж ипотекийн зээл гарахгүй. Шинээр авах хүмүүс зургаан хувийн хөтөлбөрт хамрагдана. Ипотекийн хөтөлбөрийн санхүүжилтийн 60 хувийг Монголбанкнаас, 40 хувийг нь арилжааны банкууд гаргаж байгаа. Орон сууцны үнэ өсөхгүй гэж харж байгаа. Бид сар бүр үнийн судалгааг хийж байна. 10 сард хийсэн судалгаагаар нийтдээ улсын хэмжээнд 42 мянган иргэн зээл авснаас 25 мянга нь хотод, 7 мянга нь орон нутагт худалдан авалт хийсэн байна. 60 мкв-аас доош орон сууцны борлуулалт хамгийн өндөр буюу энэ онд 20 хувийн өсөлттэй гарсан. Тиймээс үнэ нэмэгдэнэ гэж харахгүй байна. Орон сууцны үнэ буурахыг мөн Төв банк төдийлөн дэмждэгггүй. Яагаад гэвэл барилгын салбарт сөргөөр нөлөөлнө.

-Ковид-19 цар тахалтай холбоотойгоор Монголбанканд нөөц төлөвлөгөө гэж бий юу. Хэрэв дотоодод халдвар гарлаа гэхэд санхүүгийн ямар арга хэмжээнүүдийг авах вэ?

-Нөөц төлөвлөгөө гэж байдаг. Засгийн газар өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ноос хойш тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Үүнтэй зэрэгцэн бид нөөц төлөвлөгөөгөө шинэчлэн, туршсан. Ялангуяа өнгөрөгч хоёр,гуравдугаар саруудад туршилтыг эрчимтэй явуулсан. Туршилт амжилттай явагдсан учраас бэлтгэлтэй гэж үзэж болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж