Улаанбаатарт Польш улсын Элчин сайдын яам нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт Польш улсын Элчин сайдын яам нээгдэнэ

Швейцарийн Женев хотноо хуралдаж буй НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөл (ХЭЗ)-ийн ээлжит 31 дүгээр чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Витольд Ващжуковски-тэй НҮБ-ын Женев дэх төвийн байранд уулзалт хийлээ.

Уулзалтаар гадаад хэргийн сайд нар хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар ярилцаж, санал солилцов. Польшийн Гадаад хэргийн сайд Ващжуковски уулзалтын үеэр тус улсын Засгийн газар Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээхээр шийдвэрлэсэн тухай Сайд Л.Пүрэвсүрэнд албан ёсоор мэдэгдэхийн зэрэгцээ энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтад Польшийн Ерөнхий сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцох болсныг мөн дуулгав.

Монгол Улс, БНПУ-ын хооронд 1950 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Польш Улс 1960 оноос Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээн ажиллуулж байгаад 2009 онд хаасан бөгөөд Бээжин дэх ЭСЯ нь манай улсад хавсран сууж байна.

ЭХ СУРВАЛЖ: ГХЯ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж