Б.Мөнгөнтуул Энэтхэгийн шатарчныг хожлоо

Хуучирсан мэдээ: 2010.08.07-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул Энэтхэгийн шатарчныг хожлоо

Шатрын олон улсын мастер Б.Мөнгөнтуул өчигдөр эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний долоо дахь өргийн тоглолтдоо хожил авчээ. "Их тэнгэр" цогцолборт үргэлжилж буй FIDE-гийн өндөр зэрэглэлийн, шилдэг 12 эмэгтэй шатарчдын халз тулааны ес дэх өдөр Энэтхэгийн шатарчин Конеру Хампитай цагаанаар тоглосон Б.Мөнгөнтуул 25 дахь нүүдлийн дараа санаачлагыг гартаа авч, хожлын төлөө довтолсоор тэмцээний хоёр дахь ялалтаа авсан байна. Өмнө нь хоёр шатарчин олон удаа таарч тоглож байсан бөгөөд анхлан 1997 онд өсвөрийн шатардын тэмцээний үеэр тоглож байжээ. Дараа нь шатрын олимпиад болон Азийн наадмын үеэр Б.Мөнгөнтуул Конеру Хампид ялагдаж байсан боловч хамгийн сүүлд Нальчикт болсон гран-при тэмцээнд манай шатарчин түүнийг хожиж байсан аж.

Ийнхүү долдугаар өрөгт хожсоноор манай шатарчин 2,5 оноотой наймдугаарт бичигдээд байна. Тэрбээр өнөөдөр ээлжит өргийн тоглолтоо Францын шатарчин Мэри Себагтай хийх юм.

Тэмцээний долоо дахь өргийн дүн:

Б.Мөнгөнтуул /Монгол/ 1 – 0 Конеру Хампи /Энэтхэг/
Майя Чибурданизе /Гүрж/ 1 – 0 Мэри Себаг /Франц/
Хоу Ифань /БНХАУ/ ½ – ½ Шень Ян /БНХАУ/
Чжу Чень /Катар/ 0 – 2 Илдиз Бетул /Турк/
Антоанета Стефанова /Болгар/ 1 – 0 Сью Юйхуа /БНХАУ/
Татьяна Косинцева /ОХУ/ 1 – 0 Жао Сьюэ /БНХАУ/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж