Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 16-ны Даваа гаригт тохионо. Энэ жил уламжлалын дагуу гардуулдаг Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис” хаан одонг гардуулах гэнэ. “Одоогоор “Чингис хаан” одонг хүртэх эрхмүүдийн нэрс тодроогүй байна. Баасан гаригт олон нийтэд зарлана” гэдгийг Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.
Өнгөрсөн 2005 оноос "Чингис хаан” одонг олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008, 2018 онд олгохгүй, алгасаж байжээ. Энэ жилийн тухайд "Чингис хаан” одонг хэнд олгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн жил “The Hu” хамтлагт гардуулан өгсөн юм. Сонирхуулахад, Монголын орчин үеийн калиграфийн урлагийн их мастер, уран зураач Д.Баттөмөр агсан Монгол төрийн эрхэм дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонгийн эх загварыг бүтээсэн билээ. Ингээд үе үеийн “Чингис хаан” одонг хэн гэдэг эрхмүүд хүртэж байсныг эргэн саная.
2005 ОНД МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ
-“Чингис хаан” одонг хүртсэн анхны эрхэм бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат юм. Ерөнхийлөгч Н.Багабандийн сүүлчийн зарлиг нь “Чингис хаан” одонг хүртээх тухай зарлиг байсан бөгөөд энэхүү зарлиг нь 2005 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай зарлиг байв. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байсан.
Зарлигт “П.Очирбат таны Монгол Улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй удирдан гүйцэтгэж, эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг өрнүүлж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, үндэсний соёл уламжлалыг сэргээн хөгжүүлэх, гадаад харилцааг өртгөтгөхөд оруулсан жинтэй хувь нэмрийг vнэлж” хэмээн өгүүлжээ.
2006 ОНД ТӨРИЙН ШАГНАЛТ, УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Б.ШАРАВ
–Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравыг “Чингис хаан” одонгоор шагнаж байсан. Мэргэжлийн урлагийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, олон симфони, удиртгал, магтуу, бүжгийн жүжгийн болон киноны хөгжим нийтийн дууны ая зохиож, Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулж байгаа хувь нэмэр болон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд “Чингис хаан” дуурь бүтээснийг ийнхүү өндрөөр үнэлж “Чингис хаан” одонг хүртээжээ.
2009 ОНД ЕРӨНХИЙ САЙД АСАН Д.БЯМБАСҮРЭН
-Өнгөрсөн 2007, 2008 онд завсарласны эцэст Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган 2009 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасан. “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Дашийн Бямбасүрэнг “Чингис хаан” одонгоор шагнасугай” гэжээ. Түүний түүхэн гавьяаг хүндэтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгч “Бямбасүрэн гуай улс орноо улс төр, эдийн засаг, санхүү нийгмийн цоо шинэ тогтолцоонд шилжүүлж, төр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг жинхэнэ утгаар нь сэргээн бэхжүүлэх, Монгол Улсын хүн төрөлхтний нийтлэг хөгжлийн замд оруулахад түүхэн гавьяа байгуулж, онцгой хувь нэмэртэй ажилласан” гэж онцолсон байв.
2010 ОНД ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН Р.ГОНЧИГДОРЖ
–Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж Р.Гончигдоржид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртээсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Р.Гончигдорж бол Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын чимэг болсон удирдагчдын нэг юм. Тэрбээр улс орныхоо түүхэн шилжилтийн босгон дээр Улсын Бага Хурлын дарга, дэд Ерөнхийлөгчийн ажил албыг нэр төртэй гүйцэтгэснийг Монголын ард түмэн, төр өндрөөр үнэлдэг юм. Р.Гончигдорж бол Монгол дахь ардчилал, эрх чөлөөний төлөөх тэмцэл зүтгэлийн 20 жилийн үлгэр жишээ юм. Таны улс орон, хүн ардынхаа эрх чөлөөт амьдрал, хөгжил дэвшлийн төлөөх онцгой гавьяа зүтгэлийг ашид үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонгоор шагнаж байна” гэв.
2011 ОНД МОНГОЛ УЛСЫН ХОЁР ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ
-Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж зарлиг гарган Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийг “Чингис хаан” одонгоор шагнасан. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол түмний түүхэн сонголтыг бэхжүүлж, эрх зүйт нийгмийг бүрдүүлж, Монголын төрт ёсны түүхэн уламжлалыг сэргээн баталгаажуулахад оруулж ирсэн онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж Нацагийн Багабандид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртээсүгэй” гэсэн байв. Түүний хувьд одонгийн эзэн нь өөрөө шагналыг санаачлагч гэдгээрээ онцлог байжээ.
2012 ОНД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ, ДОКТОР Д.ДЭМБЭРЭЛ
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртээсэн. Ерөнхийлөгч “Монгол Улсад парламентат ёсыг бэхжүүлэх эрхэм үйлсэд олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээ зориулж, онцгой хувь нэмэр оруулсныг нь үнэлж, жилд нэг удаа олгодог Монгол төрийн хамгийн дээд шагнал болох Чингис хааны одонг танд хүртээж байгаадаа баяртай байна” гэсэн байна.
2013 ОНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, САНГИЙН САЙД АСАН Д.СОДНОМ
-Өнгөрсөн 2013 оноос өмнө “Чингис хаан” одонг Үндэсний их баяр наадмаар гардуулдаг байсан бол энэ оноос эхлэн “Чингис хаан” одонг Монгол бахархлын өдрөөр гардуулах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Энэхүү одонг Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга гээд Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Д.Содном гуай хүртсэн юм. Түүнд шагнал гардуулах үеэр “Д.Содном нь төрийн тулхтай, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эдийн засгийн ашиг сонирхлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэснээс гадна гуравдагч хөрш, хөрш орнуудтай найрамдалт харилцааг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн” хэмээн онцолжээ.
2014 ОНД АКАДЕМИЧ Х.НАМСРАЙ
-Тулгар төр байгуулагдсаны 2223 жил, Их эзэн Чингис хааны мэндэлсний 852 жил, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан алдар нэрээ дэлхийд дуурсгасан Монголын ХХ зууны гарамгай эрдэмтэн Хавтгайн Намсрайг “Чингис хаан” одонгоор шагнасан. Шагнал гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Х.Намсрай та бол манай улсын дэлхийд данстай эрдэмтдийн нэг. Монголын ард түмэн танаар бахархдаг. Танд төрийн дээд “Чингис хаан” одонг гардуулж байгаа нь Монголын төр үеийн үед шинжлэх ухааныг эрхэмлэн, эрдэмтэн мэргэдээ үнэлж ирсний илрэл юм” хэмээн хэлж байв.
2015 ОНД СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЗОХИОЛЧ, ЯРУУ НАЙРАГЧ Г.МЭНД-ООЁО
-Их эзэн Чингис хааны мэндэлсний 853 жил, Монгол бахархалын өдрийг тохиолдуулан “Чингис хаан” одонг яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёод хүртээсэн. Г.Мэнд-Ооёогийн Монголын түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монголын болон дэлхийн утга зохиолын ертөнцөд гарамгай зохиолч, яруу найрагч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн учир түүнд энэхүү шагналыг хүртээсэн юм. Г.Мэнд-Ооёо шагнал гардахдаа “Их эзэн хааныхаа мэндэлсэн өдөр, “Монгол үндэсний бахархлын өдөр” Монгол төрийн эрхэм дээд шагнал “Чингис хаан” одонг Ерөнхийлөгчөөсөө хүлээн авах хувь ерөөл тохиосонд ихэд баярлан догдолж байна. Суут Богд их эзэн Чингис хааныхаа алдраар овоглосон эрхэм дээд шагналыг би Монголын үндэсний оюуны баялгийг бүтээгчдэд, өнөө цаг үед хүлээлгэж байгаа итгэл найдвар, манай төрийн бодлого эрдэм соёлын салбар руу чиглэж буйн илрэл гэж ойлгож байна” хэмээсэн.
2016 ОНД МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН, ДУУЧИН Г.АРИУНБААТАР
-Өнгөрөгч 2016 оны Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатарт хүртээсэн. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг гардуулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улс үндэстнийхээ өмнө онцгой гавьяа байгуулсан, ухаант аав ээжийн авьяаслаг хүү, эрдэмт багш нарын хөдөлмөрч сайн шавь, дуурийн урлагийн шинэ нэгэн түүчээ, дуучин Ганбаатарын Ариунбаатар танд монголчуудын бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөн, улам их амжилт гаргана гэдэгт итгэж байна” хэмээсэн юм. Г.Ариунбаатар нь уг эрхэм шагналыг хүртсэн 10 дахь эрхмээр тодорч байв.
2017 ОНД ОЛИМПИЙН АВАРГА, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ЖҮДОЧ Н.ТҮВШИНБАЯР
-Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт хүртээв. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.
Найдангийн Түвшинбаяр 2008 оны наймдугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын түүхэнд олимпын анхны алтан медалийг хүртсэн нь монголчуудын эв нэгдлийг хангах, улс төрийн хурцадмал үйл явцыг намжаахад онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн Н.Түвшинбаяр 2013 онд Улсын их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд зургаа давж, Монгол Улсын харцага цол, 2017 онд долоо давж, Монгол Улсын заан цол хүртсэн юм. Тэрбээр уг эрхэм шагналыг хүртсэн 11 дэх эрхмээр тодорсон билээ.
2019 ОНД “THE HU” ХАМТЛАГ
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Чингис хаан" одонг “The Hu” хамтлагт хүртээж ерөнхий продюсер Б.Дашдондогт гардаж авсан. Өнгөрсөн жил анх удаа хамтлаг /байгууллага/-т “Чингис хаан” одон гардуулж, жаазанд тусгайлан суулгасан “Чингис хаан” одонг хамтлагийн төлөөлөл болгон продюсер Б.Дашдондогт гардуулсан юм.
Энэ үеэр аялан тоглолттой байсан “The Hu” хамтлагийн залуусыг сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүлээн авч уулзаад, “Чингис хаан” одонгийн энгэрийн тэмдгийг зүүн өгч, эх хэлээрээ туурвисан уран бүтээлээ дэлхий дахинаа сурталчлан түгээж байгаад нь баяр хүргэсэн.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ