УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдөр /2020.11.10/-ийн хуралдаанаар Асгатын мөнгөний орд, Зүүн цагаан дэлийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.
УИХ-ын гишүүн Г.ТЭМҮҮЛЭН:
-Асгатын мөнгөний ордыг ашиглах нь зөв. Хүнд цаг үед эдийн засгийг дэмжих, тэлэх бодлогын хүрээнд нэг ч гэсэн төслийг эхлүүлэх нь зөв. Бүс нутгийн хөгжилд ч хэрэгтэй. Ойролцоогоор 500 хүний ажлын байр бий болох чиглэлээр ч зөв зүйтэй гэж бодож байна. Үнийн таамаглал хэр бодитой тооцсон бэ. Засаглал талаасаа таатай үнийн төсөөлөл биш байх шиг байна. Хөрөнгө оруулагч талтай яриа хэлцэл хийхэд бидэнд сайнгүй дүр зураг харагдаж байна. Ашиглалт талаасаа хоёр улсын хил дамнасан орд газар. Тиймээс бид ОХУ-тай хамтран шийдэл байгаа гэж харж байгаа. АНУ, Австрали талаас санал ирсэн бол ОХУ-ын талтай хамтран ажиллах, ойлголцох боломжтой компаниуд орж ирж байна уу. Мөн Монголын тал Асгатын мөнгөний орд дээр хувь эзэмших асуудлыг хэрхэн тусгасан бэ. Хуулиараа бид 50 хүртэл хувь эзэмших боломжтой. Гэхдээ төр заавал өөрөө орох, хувь эзэмшихээс илүү татвар илүү авах уу гэдэг чиглэл рүү шийдлээ чиглүүлэх нь хэр бодитой байж болох вэ. Бид хувь эзэмших гэхээс илүү ашиг, үр өгөөжөө бодож, татвараа өндөр байлгах нөхцөлийг сонгох нь зөв юм болов уу гэж бодож байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:
-Дэлхийн банкнаас гаргасан үнийн таамаглал доогуур буюу нэг кг мөнгө 700 орчим ам.доллар байгаа. Нөгөө талаас олон компаниуд хамтран ажиллах, төслөө хамтран ажиллах санал ирүүлсэн компаниуд боломжийн үнийн судалгаа хийж, саналаа ирүүлсэн. Өнөөдрийн байдлаар орд ашиглах нөхцөл хойшилсон нь баяжуулалтын технологи, дэд бүтэц хоёр байсан. Асгатын орд руу очих хүртэл ОХУ-ын хилээр нэвтэрдэг учраас Оростой хэлэлцэх, ярилцах, зөвшилцөх зүйл олон бий. АНУ, Австрали улсын компаниудын зүгээс ордыг ашиглахад хамгийн боломжтой хувилбар нь ОХУ, Казахстанаас тоног төхөөрөмжөө нийлүүлэх нь үр ашигтай гэж үзэж байгаа юм билээ. Орд нь стратегийн орд учраас гадаадын хөрөнгө оруулагчидтай ярилцах асуудал нь хамтарсан компани байгуулж, хувь хэмжээ буюу бүх боломжтой хувилбаруудыг ярилцаж, хэлэлцээр хийж шийдвэрлэх боломжтой.
УИХ-ын гишүүн Ж.БАТЖАРГАЛ:
-Ашигт үйл ажиллагааг урьдчилсан байдлаар тооцогдсон бэ. Жилийн 9,4 сая ам.доллар гарах гэж байгаа юм уу гэсэн зүйл харагдаж байна. Нөөц нэмэгдүүлэх таамаглалаар хэдий хэмжээ нэмэгдэнэ гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан уу. Байгаль орчны нөхөн сэргээлт, уурхайн хаалтыг тооцож, зардлыг нь тооцсон уу. Монголын тал хувь эзэмших үү, татвараараа явах уу гэдэг зарчим бий. Өмнөх практикуудаа харахад эхлээд тоо хэлж, ирэх ашиг нь багасч, өр үүсгэдэг гаж тогтолцоотой, туршлага бий. Тэгэхээр аль болох татварын тогтолцоог зөв болгох хэлбэрээр Монголдоо үр өгөөжөө өгөх бодлого баримтлах чиглэлээр тооцсон зүйл байна уу.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:
-Ордын нөөцийг хайгуулын ажлын үе шатнаас хамаарч, ангилсан. Өнөөдрийн байдлаар Ц1, Ц2 нөөц 6,4 сая тонн, цаашид өсвөл П1, П2 таамаг мөнгөний нөөц нь 6,8 мянган тонн болох боломжтой. Өнөөдрийн бадлагдсан мөнгөний нөөц 2247 тонн байгаа. Зэсийн нөөц батлагдсанаар 76 мянган тонн, цаашид өсөх таамаг нь 210 мянга болж өсөх дүр зураг харагдаж байна. Төрийн эзэмшлийн хувьд татвараа өндөр авч, төр хувь эзэмшихгүй байх нь зөв гэсэн хамгийн боломжтой хувилбар нь зөв гэж бодож байгаа. Гэхдээ энэ асуудлыг тухайн үед нь шийдээд явах байх. Баяжуулалтын асуудал дээр олон хувилбар бий. Хамгийн сүүлийн хувилбар мөнгөний хан баяжмалыг Асгатын уурхай дээр баяжуулж, тээвэрлэж, Ногоон нуур суманд авчирч, металлургийг ялгаж авна гэж тооцоолж буй. АНУ-ын хөрөнгө оруулагчийн санал гэхэд цахилгаан дамжуулах шугам, металлургийн үйлдвэр барих, Хотгорын нүүрсний уурхай дээр станц барина гэсэн 600 сая ам.долларын бүтээн байгуулалт хийнэ гэсэн төсөөлөл ирүүлсэн байгаа. Гэхдээ хэлцлийн явцад өөрчлөгдөж, зөвшилцөлд орно.
АЖЛЫН ХЭСЭГ:
-“Эрдэнэс Монгол” компанийн зүгээс дөрвөн лиценз хүлээж авсны нэг нь Асгатын мөнгөний орд байсан. 2019 оны зургадугаар сарын зах зээлийн үнэлгээг түшиглэж, ТЭЗҮ-г шинэчилж үзсэн. Хөрөнгө оруулалт 127,3 сая ам.доллар, 500 гаруй ажлын байр нэмэгдэх, борлуулалтын орлого 318,1 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал 256,6 сая ам.доллар, цэвэр ашиг 197,1 сая ам.доллар, татвар хураамж 241 сая ам.доллар, мөнгөн урсгалыг 178,7 ам.доллараар төсөөлж, өгөөжөө өгөх хугацааг 11 жил гэж тооцсон. Гэхдээ яг одоо ТЭЗҮ-г өнөөгийн үнэ цэнэд хөврүүлж, шинээр тооцож байгаа. Хөрөнгө оруулалтын хувилбарыг 60/40, 51/49, бүхлээр нь төрийн мэдэл гэсэн гурван хувилбар гэсэн тооцож байгаа ч судалгаа, хөрөнгө оруулагч талтай ярьж, хэлэлцэх боломжтой. ТЭЗҮ-г бүрэн дууссаны дараа дахин танилцуулна.
УИХ-ын гишүүн Г.ГАНБОЛД:
-ТЭЗҮ гэсэн хэдэн хуудас цаас харлаа. Орж ирсэн ТЭЗҮ дээр 1998 оны ТЭЗҮ-ийн зардлыг хоёр дахин нэмсэн, ашиглалтын зардал нь яг хэвээрээ харагдаж байна. Одоо 130 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 20 жилийн дараа 180 сая ам.доллар л босгох төсөөлөл байна. Энэ ордыг ашиглуулснаар Монгол Улсад ямар үр өгөөжтэй юм бэ. ТЭЗҮ-гээ маш сайн тооцоолохгүй бол хэрүүл нэмсэн, ашиггүй хөрөнгө оруулалт болох вий. Дотоодын мэргэжилтнүүдийг ашиглаад ТЭЗҮ хийх боломж бий юу. Гадныхны өндөр өртөгтэй ТЭЗҮ-г олон жилийн үр ашиггүй л хийгдсэн мэт харагдаж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:
-Газрын баялгийг ашиглахын өмнө маш нарийн эдийн засгийн тооцоо байх ёстой, орон нутагт ямар мөнгө үлдэх, улсад ямар ашигтай зэрэг нь ТЭЗҮ-ээр тодордог. 2020 оны зургадугаар сард “Эрдэнэс Монгол” компанид ТЭЗҮ-г шинэчлэх үүрэг өгсөн юм билээ. Одоо ТЭЗҮ хийгдэж байна.
“Эрдэнэс Монгол”-ийн гүйцэтгэх захирал Д.ХАЯНХЯРВАА:
-Асгатын мөнгөний ордын ТЭЗҮ-г эрт хийсэн. Урьдчилсан байдлаар ТЭЗҮ компаниар анхны таамаг хийгээд явж байгаа. Бид зөвхөн өөрийн гэхгүй, ТЭЗҮ-г яаж хийх, нарийвчлан тогтоосны дараа яаж ТЭЗҮ хийх, хэнтэй хамтрахаас шалтгаална. Монгол Улс хувь эзэмших эсэхээс илүү хэнтэй, яаж хамтрах талаар нарийн тогтоосны дараа бүх зүйлээ маш сайн судалж, дараа нь төр хувь эзэмших эсэхээ яриад явах нь зөв болов уу.
УИХ-ын гишүүн Ц.АНАНДБАЗАР:
-Асгатын ордыг олон улсын компани хөрөнгө оруулах боломжгүй. ОХУ-ын дэд бүтцийг ашиглах учраас ашиггүй хөрөнгө оруулалт хийхгүй. Тиймээс маш бодитой судалгаа хийж, ямар үед ашигтай байх вэ гэдгийг нь харах хэрэгтэй. Стратегийн ач холбогдолтой ч ашиглахад хүнд ордыг ОХУ-тай хэлэлцээр хийх нь эдийн засгийн хувьд үр дүнтэй. Дандаа нэг талын ашиг харж бизнес, хамтын ажиллагаа явдаггүй. Ашиглах эзэд нь ОХУ-ын компани байхаас та бүхний ярьж байгаа АНУ-ын компани орж ирэхгүй. Өнгөрсөн хугацаанд Асгатын ордын ашиглах асуудлыг олон удаа ярьж байсан ч үр дүнд хүрч байсан нь байхгүй. Энэ орд байгаль орчинд маш хортой нөлөөтэй. Тиймээс байгаль орчинд хортой нөлөөллийг хэрхэн бууруулах, ямар боломж, технологийн шийдэл байгаа юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсний дараа бид хэлэлцэх нь зөв гэж бодож байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:
-Энэ ордыг ашиглахад геополитикийн асуудал гарч ирж байгаа. Монгол, ОХУ-ын хилийн зааг буюу дамнадаг. Оросын талаас дангаараа ашиглах нь ашиггүй гэж үздэг. Тиймээс манай талтай хамтран өөр өөрсдийн нөөцөө ашиглах чиглэлээр хоёр тал дундаа нэг баяжуулах үйлдвэр барих зэрэг хувилбарууд байх боломжтой гэж үздэг. АНУ-ын компанийн хувьд хөрөнгө оруулалтын туршлагатай, ОХУ-д ажиллаж, амьдарч байсан Еврей, ОХУ-ын талтай ойлголцох боломжтой компани гэж үзэж байгаа. Баяжуулах үйлдвэрийн байршлыг зөв тогтоож, мөнгийг салгаж авах зэрэг байгаль орчинтой холбоотой асуудал бий. Баяжуулалтын технологиос болоод өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа нь зогссон байсан. 2018 оноос хойш гадаадын компаниудтай хамтран шаталсан технологийг нэвтрүүлж байгаа. Баяжуулалтын технологийн нарийн шийдлийг дэлгэрэнгүй танилцуулж болно.
УИХ-ын гишүүн Л.ЭНХ-АМГАЛАН:
-Асгатын ордыг ашиглах зөвшөөрөл хүсч байгаа хэрэг үү эсвэл зүгээр мэдээлэл хийж байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Хэний захиалгаар юу орж ирсэн бэ. Бэлтгэл ажлаа сайн хангах ёстой ч шахаад байна гэсэн утгатай зүйл яриад байх шиг байна. Дахиад л хэрүүлийн алим шиг болох вий. Гуя дагаж, хүзүү гэдэг шиг Асгатын орд болоогүй бол Зүүн цагаан дэл төслөө ярих хэрэгтэй. Нийгэмд хүлээлт үүсгээд, улстөрчид нь эх орондоо хайртай болж уралддаг энэ гашуун сургамж бидэнд бий. Өнөөдөр Оюутолгойг хар. Бидний эзэмшиж байгаа 34 хувь нэг тэрбум ам.долларын зээлтэй болчхоод байна. Ийм гашуун сургамж байхад том төслүүдийг хөдөлгөхдөө илүү бодитой, судалгаатай, бэлтгэлтэй мэдээлэлтэй оруулж ирэх ёстой байна. Монголын уул уурхайд итгэж хөрөнгө оруулах гадны компаниуд олдох уу. Зүүн цагаан дэлийн ордыг дэмжиж байна. Цаг хугацааны хувьд, бэлтгэл ажлын хувьд боломжтой учраас харин төр ямар хувилбартай байх вэ гэдэг дээр ярилцах хэрэгтэй. Өнгөрсөн гашуун сургамжуудаа давтахгүй, ажил хэрэгч мэтгэлцээн хиймээр байна.
УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:
-Асгатын мөнгөний ордыг ашиглах чиглэлээр маш бодитой санал оруулж ирэх хэрэгтэй байна. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд бид ашиглаж чадаагүй. Одоо яг гол шийдэл нь юу байх вэ. Боломж, бололцоо нь юу байгаа, юунаас эхлэх хэрэгтэй байна вэ. Бололцоотой оныг хэзээ гэж тооцож байгаа вэ. Асгатын мөнгөний ордыг дарж хэвтэх бус өөрсдөд ямар боломж, бололцоо зэрэг бүх л талаас нь харах хэрэгтэй. Бүх зүйл дээр геополитик, улс төр оруулахгүйгээр техник, технологио яриад явах нь зөв болов уу.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.ЁНДОН:
-Асгатын орд дээр хүндрэлүүд бий. Хамгийн түрүүнд дэд бүтэц, баяжуулалтын технологийн асуудал. Тиймээс энэ дөрвөн жилийн хугацаанд Асгатын ордыг ашиглалтад оруулья гэж хэлж зүрхлээгүй. Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт судалгаа, туршилт, ТЭЗҮ зэрэг бүх зүйлээ хийж, хөрөнгө оруулагчдад бүрэн мэдээлэл өгөх бэлтгэлээ хангана гэж тусгасан. Өнөөдөр бидэнд хэд хэдэн компаниуд боломжтой гэж байгаа ч эхний ээлжинд баяжуулалтын технологийг хэрхэн хийх, шат дараалсан үйл ажиллагааг тодорхой болгох чиглэлээр туршилт хийгдэж байгаа. АНУ-ын компанийн зүгээс энэ туршилтыг хийж, хүссэн үр дүнгээ авсан гэдэг зүйлийг хэлж байгаа. Асгатын хувьд технологитой холбоотой цаасан дээр гарсан бэлэн төсөл байхгүй.
АЖЛЫН ХЭСЭГ:
-Зүүн цагаал дэлийн хувьд энэ сарын сүүлээр Эрдэс баялгийн зөвлөлөөр оруулж, 2021 оноос үйл ажиллагааг нь эхлүүлнэ гэсэн тооцоо гаргасан.
Ийн гишүүд асуулт, тодруулга авсны дараа Засгийн газрын хуралдаанаар тогтоолын төсөлтэй холбоотой ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг дэмжиж, санал хураалт явууллаа. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аубакар ахлах юм байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ