“Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн салбар” зөвлөгөөн үргэлжилж байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн салбар” зөвлөгөөн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

“Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн салбар” зөвлөгөөн үргэлжилж байна

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд Улаанбаатар хотноо нэгэн дор цуглаж “Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн салбар” уриан дор зөвлөгөөнөө зохион байгуулж байна. Зөвлөгөөн гурван өдөр үргэлжлэх бөгөөд, төрийн болон төрийн бус байгууллага, хот хөдөөгийн 170 гаруй төлөөлөгчид оролцож Эрүүл мэндийн салбарт гарсан ололт амжилт, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлох юм.

Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэнд спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар “Эрүүл мэндийн салбар-2015, цаашдын зорилт”, УИХ-гишүүн С.Одонтуяа “Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн бодлого”,-ын хүрээнд илтгэл тавж хэлэлцүүллээ.

Эрүүл мэндийн салбарынхан өнгөрсөн 2015 оныг анхан шатны тусламж үйлчилгээг боловронгуй болгох жил болгон зарлаж,  сум өрхийн эмнэлгүүдийнхээ чадавхийг нэмэгдүүлэх талаар олон ажлыг шат дараатай хийсээр ирсэн билээ.

2015 онд Монгол Улс Мянганы хөгжлийн зорилт тэр дундаа хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр дэвшүүлсэн зорилтоо бүрэн биелүүлсэн 9 орны нэг болсон, эхийн эндэгдэл 1990 онтой харьцуулахад найм  дахин буурч,  0-5 хүртлэх насны хүүхдийн эндэгдлийн хувьд 18.3, нэг хүртлэх насны хүүхдийн хувьд 15.3 хувь болж даруй 4 дахин бууруулж чадсан байна.  

Эрүүл мэндийн салбарын хувьд хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр УИХ-аар ”Эрүүл ахуйн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг батлуулж, Эмнэлгийн тусламжийн тухай хууль”, ”Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийг УИХ-аар хэлэлцүүлж, “Биеийн тамир спортын тухай хууль”, “Нялх, балчир насны хүүхдийн хоол тэжээлийн тухай хууль”,”Эмнэлгийн мэргэжилтний хариуцлагын даатгалын тухай хууль” -ийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газраар батлуулан ажиллаж байна. 2015 онд нийт 71.3 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтад зарцуулсны 66.8 хувийг эрүүл мэндийн салбарт шинээр баригдах барилгад 26.3 хувийг тоног төхөөрөмжийн зардалд зарцуулсан байна. 2016 онд  эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт 76 орчим тэрбум төгрөгөөр батлагдаж 2015 онтой харьцуулахад их засварт зарцуулах хөрөнгө оруулалтын хувь 26 хувиар нэмж батлагдсан болно. 2016 онд эмийн төсвийг нийт 86 тэрбум төгрөг болгон батлуулсан нь өнгөрсөн жилээс даруй 13 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн зэрэг энэ салбарт хийж хэрэгжүүлсэн олон  ажил  байгааг дурьдаж болохоор байна.  

Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар илтгэлдээ салбарын цаашдын зорилт, 2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар:

2016 онд Монгол улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэг бодлогын томоохон баримт бичгүүдийн хэрэгжилтийг ханган ажиллахын зэрэгцээ хууль эрх зүйн орчны шинэчлэлийг үргэлжлүүлэн хийж УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулиудыг батлуулан “Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого”-ыг боловсруулан батлуулахаар ажиллаж байна.

Мөн  Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулах, хүн амын хоол тэжээл, өрхийн хүнсний хэрэглээ, хүн амын эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх үндэсний судалгааг зохион байгуулах, ХСҮТ-ийн Өргөтгөлийн барилгыг ашиглалтанд оруулах, СХД-тзагвар нэгдсэн эмнэлэг байгуулж эхлэх, эмийн чанар аюулгүй байдлын цахим мэдээллийн тогтолцоог нэвтрүүлэх, эм эмнэлгийн хэрэгслийн худалдан авах ажиллагааг боловсронгуй болгон эмийн төвлөрсөн худалдан авалтыг зохион байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ барилга байгууламжийн бүртгэлийн программ хангамж нэвтрүүлэх гэх мэтчилэн олон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа талаар  мэдээлэл өгсөн юм.

ЭХ СУРВАЛЖ: ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

иргэн 2016-03-03 202.70.38.34

Эмнэлгүүдийг хурдан хувьчилж, даатгалаас төлбөрийг нэмэх хэрэгтэй. Тэгвэл чанар сайжирна. Улсын байсан цагт сайжрахгүй, улам дордоно, зардал улам нэмэгдэнэ. Урьдчилан сэргийлэхэд улс мөнгө зарах хэрэгтэй, туршлагатай эмч мэргэжилтнээ ашиглаж заавар зөвөлгөө, аргачлал авмаар санагддаг. Тэднээр хийгдэх ажлыг хянуулвал үнэнч хийнэ дээ. Зохион байгуулалт дутаж байна энэ салбарт.

зочин 2016-03-03 112.72.12.20

Элдэв төсөл хөтөлбөрөөс дарга нар л ашиг олдог байх даа иргэд эрүүл болсон нь юу л бол

шинэчил 2016-03-03 112.72.12.20

Улсын эмнэлгийн бараг бүх эмч нар хувийн эмнэлэгтэй болжээ Гэвч тэдний улсын эмнэлэгтээ суугаад байдгийн учир нь олонд танигдах болон улсын эмнэлгээс хүмүүсийг өөрийн хувийн эмнэлэг рүү дамжуулж явуулах арга болдог аж Хувийн эмнэлэгт ирсэн хүнийг элдэв хэрэгтэй хэрэггүй шинжилгээнд хамруужл олон төрлийн эмийг замбараагүй бичиж өгч маш их мөнгийг иргэдээс сааж байдаг ямар ч сэтгэлгүй бас ямар ч хяналтгүй хувийн гэсэн эмнэлгүүд Монголоор дүүрчээ Улсын мэнэлгүүдийг албаар хоёр дах гуравдах шатны эмнэлэг гэж албаар иргэдэд хүрэх аргагүй болгосноос иргэд яахаа мэдэхгүй аргагүйн эрхэнд хувийн эмнэлэгт очиж эрүүл мэнд хөрөнгө мөнгөөрөө хохирч байна Монголын иргэд өөрийн сонгосон улсын эмнэлэгт үзүүлэх эрхгүй болсон журмыг хэн санаачилж ямар зорилгоор батлуулсан нь илхэн байна бус уу Төр засаг гэж байдаг бол энэ асуудлаар хуралдмаар л болж Эрсдэл өндөртэй өвчлөлөөр тус тусдаа бие даасан төв эмнэлгүүдийг байгуулмаар байна Ингэвэл өвчтөн тухайн эмнэлэгтээ цаг алдалгүй очиж өвчнөө хүндрэхээс өмнө эмчийн хяналтад орох боломж бүрдэнэ Одооны байдлаар бол дамжиж будилсаар өвчтөн өвчнөө хүндэрч бараг эцсийн шатанд орсны дараа нарийн мэргэжлийн эмнэлэг дээр очиж байгаа нь иргэдийг а л а х төлөвлөгөө маягийн зүйл болж харагдаж байна