МЭДЭГДЭЛ
2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот
Хөдөлмөрийн Үндэсний намын Төв хороо 2016 оны 3 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хуралдаж байна. Улс төрийн намын тухай хууль, намын дүрэмд зааснаар Төв хороо нь 2016 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр байгуулагдсан намын ээлжит бус их хурлаас байгуулагдсан, түүний чөлөө цагт эрх барих, төлөөллийн төв байгууллага юм. Намын Их хурлаас сонгогдсон Төв хорооны нийт гишүүдийн 75 (далан тав) хувийн ирцтэйгээр хурал үргэлжилж байна.
Гэтэл намын гишүүн Т.Доржханд, Б.Найдалаа, Д.Гантулга тэргүүтэй хэсэг нөхөд03 дугаар сарын 02-ны өдөр Намын Төв хорооны хууль ёсны бүрэлдэхүүнийг үл тоомсорлож цаашилбал намын эрх барих байгууллага болох намын Их хурал, намын нийт гишүүд дэмжигчдийн хууль ёсны эрх, итгэлийг “уландаа гишгэж” “төв хорооны” гэх “тоглоомын” хурал зохион байгуулан, түүнээс шийдвэр гаргаж үүндээ хууль бусаар эзэмшиж байгаа намын тамга, тэмдгийг ашиглаж намын дарга, дэд дарга, ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр томилсон мэтээр нийтэд мэдээлж олон нийтийг төөрөгдүүлэн, өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа намын байр суурийг ганхуулахаар явуургүйгээр оролдож байгааг эрс буруушааж байна.
Монголын нийгэм, улстөрийн тогтолцоонд цоо шинэ өнгө аяс, улс төрийн шинэ соёл хандлага, хариуцлагын тогтолцоог бий болгож төлөвшүүлэхээр ажиллаж байгаа манай намын үйл ажиллагаа, намын даргын нэр хүндэд хорссон улс төрийн зарим хүчний зориудын өдөөн хатгалга, албан тушаалын наймаа, тохиролцоо энэ бусармаг үйл явдлын ард байхыгч үгүйсгэхгүй.
Иймд энэ явуургүй үйлдлээ нэн даруй таслан зогсоож Хөдөлмөрийн Үндэсний намын мянга мянган гишүүд, дэмжигчдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэхийг Т.Доржханд, Б.Найдалаа, Д.Гантулга нараас шаардаж байна.
Хөдөлмөрийн Үндэсний Намын Төв хороонь хууль ёсны бөгөөд цорын ганц болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Энэхүү мэдэгдэлд Намын Төв хорооны нийт 58 гишүүний 43 нь гарын үсэг зурж баталгаажуулав.
ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМЫН
ТӨВ ХОРООНЫ ГИШҮҮД: