Осама Бин Ладены гэрээслэл, захидлыг дэлгэв

Хуучирсан мэдээ: 2016.03.03-нд нийтлэгдсэн

Осама Бин Ладены гэрээслэл, захидлыг дэлгэв

 

Олон улсад зартай алан хядагч байсан Осама Бин Ладены гэрээслэл, хувийн захидлууд болон дайснууддаа илгээсэн заналхийллийг АНУ-ын Тагнуулын ерөнхий газар олон нийтэд ил болголоо. Олон нийтэд дэлгэж буй тэдгээр захидал, гэрээслэл зэргийг АНУ-ын тусгай албаныхан 2011 онд Пакистаны Абботабадад орогнож байсан зартай алан хядагчийг устгахдаа олж авчээ.

 

1990 онд бичсэн гэрээслэлээс харахад Бин Ладен хэзээ ч үхэж магадгүй гэдгээ сайн мэдэж байсан бололтой. Гэрээслэлдээ тэрбээр 29 сая ам.долларыг “Аллахын төлөөх ариун дайнд зориулахыг” захин үлдээсэн бөгөөд маш бага хувийг нь гэрийнхэндээ өвлүүлсэн байна. Харин тэрхүү гэрээслэсэн өв хөрөнгө нь хаашаа алга болсон нь тодорхойгүй үлдсэн юм.

 

2008 онд бичсэн нэгэн захидалдаа тэрбээр "Хэрэв намайг хөнөөвөл миний төлөө залбирал үйлдэж, миний нэрээр хандив их өргөөрэй” гэсэн байжээ. Тэдгээр нууц баримтууд Бин Ладены нууц мэдээлэгчид хэрхэн ажиллаж байсныг илчилсэн байна. Он саргүй нэгэн захидалд тэрбээр 9/11  халдлагын 10 жилийн ойн талаар дурьдаж, халдлага 2000 оны дэлхийн санхүүгийн хямралын дохио болсныг нотолсон материал сонинд гаргуулахыг хүсч байгаа тухай бичжээ.

 

9/11 халдлагаас хойш 10 жил өнгөрсний дараа Бин Ладен яаж зүгээр байх вэ, дайснууддаа онцгой бэлэг барих бодолтой байсныг тэдгээр хувийн захидал сэлт харуулсан байна. Тэдгээр захидлаас харахад Бин Ладен өөрийн нууц мэдээлэгчдийг нэр нь тодорхойгүй Америкийн нууц сүлжээтэй холбоо барьж, Исламабад дах Аль Жазира товчооны даргад түүнээс ярилцлага авч байсан сэтгүүлч Роберт Фрискээр бичүүлэхийг тушаажээ.

 

Захидлууд Осама Бин Ладены Аль Каида сүлжээ санхүүгийн хүнд байдлаас гарахын тулд Мавританаас санхүүжилт хийвэл халдлага явуулахгүй гэж сүрдүүлж байсан нь нотлогдсон байна.

 

Осама Бин Ладены Аль Каидаг санхүүжүүлэх мөнгө Иран, Туркээр дамждаг байсан тул алан хядагч дээрх орнуудад халдлага явуулахгүй байхыг анхааруулж байсан ажээ.

 

Сонирхолтой нь Осама Бин Ладен Пакистаны Аббатабадад орогнож байхдаа АНУ-ын дайснууд нь мөшгиж байгааг мэдсэн ч зугатах гэж түвдээгүй ажээ. Гэсэн ч тэндээс явж, орогнох өөр газар хайж буй тухай яриаг бичсэн бичлэг олджээ. АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын нэгэн ажилтны хэлснээр хэрэв тусгай ажиллагааг жаахан л хойшлуулсан бол бид Бин Ладеныг алдах байсан хэмээн ярьсан байдаг. Бас нэг зүйл нь Бин Ладеныг Пакистанд орогнож буйг Пакистанчууд бүгд мэдэж байсан ч энэ талаар цаасан дээр бичсэн нэг ч үг байгаагүй учраас АНУ түүний байгаа газрыг тогтоох гэж нэлээд будилсан билээ. Бин Ладены гэрээс олдсон бичиг баримт дунд Халифат байгуулах зорилготой ИУ гэгч шинэ бүлэглэл бий болсон талаар ч мөн дурьдсан байна. Гэвч Бин Ладен Халифат байгуулахын эсрэг бодолтой байсан бололтой. Тэр дунд алан хядагч ах дүү нарынхаа боловсрол, эрүүл мэндэд анхаарал тавьж байсныг нотлох зүйлс ч бас байсан гэнэ.

 

АНУ-ын тусгай албаны байнгын мөрдөлт, мөшгөлтөөс болж параной маягийн эмгэг буюу хардамтгай, юунд ч итгэхээ больсон байсан бололтой. Нэг жишээ гэвэл тэрбээр Иранд шүдээ эмчлүүлсэн нэг эхнэрт нь Америкчууд байршил тогтоогч чип суулгасан байж магадгүй гэж сэжиглэж байжээ. Мөн агаараас байршил тогтоогчоос зайлсхийж, мэдээлэгчидтэйгээ дандаа бүрхэг өдөр уулздаг, цүнхэнд байршил тогтоогч суулгасан байж магадгүй гэж сэжиглэн, бэлэн мөнгийг гараас гарт дамжуулж авдаг байжээ.

 

Араб хэл дээр бичсэн 100 гаруй захидал, бичиг баримт, гэрээс сэлтээс бүрджээ. АНУ-ын Тагнуулын ерөнхий газраас өмнө нь бас Осама Бин Ладены нууц бичиг баримтыг дэлгэж байсан юм.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж