Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд арваннэгдүгээр сарын 6-нд дахин гурван ихэр хүүхэд мэндэлжээ. Ингэснээр тус төвд 2020 он гараад нийт 16 гурван ихэр мэндлээд байгаа аж. Сүүлд төрсөн гурван ихрийн ээж нь Төв аймгийн Батсүмбэр сумаас ирж, амаржсан байна.
Тэрбээр 39 настай, зургаан хүүтэй бөгөөд сая амаржиж нэг охин, хоёр хүү төрүүлснээр есөн хүүхэдтэй өнөр өтгөн айл болсон байна. Есөн хүүхдийн найм нь хүү, нэг охин нь сая төрсөн гурван ихрийн нэг гэнэ. Ихрүүд 1.8 кг, 2.2 кг, 2.3 кг жинтэй төрсөн бөгөөд ээж болон хүүхдүүдийн бие сайн байгааг эмч нар дуулгалаа.
Тус төвд гурав хоногийн өмнө арваннэгдүгээр сарын 2-ны өдөр гурван ихэр мэндэлжээ. Дорнод аймгийн Баян-Уул сумаас ирж амаржсан ээж нь 19 настай бөгөөд хоёр дахь төрөлтөөрөө гурав ихэр хүүхэд төрүүлж, дөрвөн хүүхэдтэй болжээ. Үүнээс сар орчмын өмнө Эрдэнэтийн харьяат цагдаагийн гэр бүл гурван ихэр хүүхэдтэй болсон байна.
Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар гурван ихэр хүүхдэд улсаас нэг удаа хүүхэд тус бүрд гурван сая төгрөгийн тэтгэмж олгоно. Энэ тэтгэмжийг хүүхдийнхээ гурван нас хүртэл хүссэн үедээ хүсэлт гарган авах боломжтой. Мөн хүүхдийн мөнгө авахаас гадна ээж нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй бол хүүхдээ гурван нас хүртэл “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаж сар тутам хүүхэд асарсны 50 мянган төгрөгийн тэтгэмж авах эрхзүйн зохицуулалттай.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ