Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев анх 2017 оны аравдугаар сард 2025 он гэхэд Казахстаны бүх ном хэвлэл, бичиг баримт, хаяг тэмдэглэгээ кирилл үсгээс латин руу шилжсэн байх зарлигийг гаргаж байсан билээ. Назарбаевын энэхүү зарлиг хөрш зэргэлдээ ОХУ-ын эрх баригчдыг ихэд бухимдуулж байв.
Тэгвэл тус улсын одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев латин үсэг дээр суурилсан казах хэлний шинэ цагаан толгой боловсруулах даалгаврыг холбогдох сайд нартаа үүрэг болгожээ. Соёлын сайд Актоты Раймкулова болон Боловсролын сайд Асхат Аймагхамбетов нарт дээрх даалгаврыг өгсөн тухай Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
Одоогоор латин үсэгт суурилсан хоёр хувилбар цагаан толгойг мэргэжилтнүүд танилцуулсан байгаа ч Ерөнхийлөгч Токаев гурав дахь хувилбарыг бүтээхийг үүрэг болгоод байна.
Казахстан улс нь 1920-иод оны сүүл хүртэл араб үсэг ашигладаг байсан ч ЗХУ-ын удирдагчид 1929 онд тус улсын муслимчуудын хэрэглэж байсан уламжлалт араб цагаан толгойг латин цагаан толгойгоор сольсон юм. Үүний дараа дахин шинэчилж, латин бичгийг 42 үсэгтэй кирилл үсгээр сольж байжээ.
Эх сурвалж: Radio Free Europe
Холбоотой мэдээ