Японы мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башёгийн хоёр дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2020.11.09) Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд явагдлаа. Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй энэ удаагийн кюүшюү башёд Хакүхо М.Даваажаргал болон Какүрюү М.Ананд нар гэмтлийн улмаас барилдахгүй болсон билээ. Ийнхүү зүүнийг озэки Асанояама, барууныг озэки Такакэйшо нар манлайлах болсон.
Зүүнийг манлайлж буй озэки Асанояама кюүшюү башёгийн хоёр дахь өдөр шинэхэн комүсүби Тэрүнофүжи Ган-Эрдэнэтэй тааран барилдаж өвдөг шороодлоо. Харин барууныг манлайлж буй озэки Такакэйшо Вакатакакгэтэй тааран барилдаж давлаа.
Тэрүнофүжи Ган-Эрдэнэд ялагдсан озэки Асанояама бэртлийн улмаас энэ удаагийн кюүшюү башёг үргэлжлүүлэх боломжгүй болжээ.
Тамаваши Мөнх-Оргил башёгийн хоёрдахь өдөр Котошоход, Ичиножо Ичинноров Котоновакад тус тус өвдөг шороодсон бол Хошорюү Бямбасүрэн Ютакаяамаг давж, хоёр даваатай башёг үргэлжлүүлж байна.