Л.Гансүх Хөгжлийн хөтөлбөрийн орлогч захиралтай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.06-нд нийтлэгдсэн

Л.Гансүх Хөгжлийн хөтөлбөрийн орлогч захиралтай уулзлаа


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Захирагчийн орлогч бөгөөд НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал ноён Ажей Чибберийн албан ёсны айлчлалын хүрээнд Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Л.Гансүхтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтын үеэр НҮБХХ-өөс Монгол Улсад үзүүлж буй хөгжлийн тусламж, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав.

НҮБХХ-ийн Монголд хэрэгжүүлсэн хамгийн анхны төсөл нь байгаль орчны чиглэлийнх буюу “Ус цаг уурын хүрээлэнгийн боловсон хүчнийг чадавхижуулах болон цаг агаарыг урьдчилан мэдэх системийг сайжруулах” төсөл байсан гэдгийг БОАЖ-ын сайд Л.Гансүх онцолж, түүнээс хойш биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг чиглэлээр томоохон төслүүдийг НҮБХХ-тэй хамтран амжилттай хэрэгжүүлж, ажиллаж байгаад талархлаа илэрхийлэв.

Одоогийн байдлаар хэд хэдэн өргөн хүрээтэй төсөл үргэжлэн хэрэгжиж байгаа. Тухайлбал, Алтай Саяаны бүс нутагт хэрэгжүүлж буй төслийн хүрээнд байгалийн нөөцийг зохистой ашиглахад орон нутгийн иргэдийг татан оролцуулах, нутгийн иргэд байгалийн нөөцөө хамгаалах эрх зүйн үндэс бүрдүүлэх, нутгийн иргэдэд суурилсан байгалийн нөөцийн менежмент бий болгох чиглэлээр ажиллаж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр ой мод, бэлчээр, ус зэрэг улсын эзэмшлийн байгалийн нөөцийн эрчимтэй доройтлыг бууруулахад ихээхэн нөлөө үзүүлж байгаа юм. 

Мөн газрын тогтвортой менежмент, усны төсөл зэргээр дамжуулан орон нутгийн иргэдэд бэлчээр, усны зэрэг байгалийн нөөцөө үр ашигтай ашиглах менежмент хийх чадвар бий болгосноор хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй Монгол орны бэлчээрийн доройтлыг бууруулахад ахиц гаргана гэж тооцоолж байгаа юм.

Байгаль орчны салбарын хууль эрх зүйн орчинд зайлшгүй анхаарч ажиллах шаардлагатай завсардал байгаа тул НҮБХХ цаашид “Байгаль орчны засаглал” төслийн хоёрдугаар үе шатыг эхлүүлж, энэ тал дээр хамтран ажиллахад санал санаачилга гаргана гэдэгт найдаж байгаагаа сайд мөн илэрхийлэв.

НҮБХХ-өөс Даян дэлхийн байгаль орчны сан (GEF)-гийн 1300 гаруй төслийг дэлхий даяар хэрэгжүүлж байгаагаас Монголд 1990-ээд оны дундаас өнөөг хүртэл 7 төсөл хэрэгжүүлсэн байна. Энэ уламжлал дээрээ түшиглэн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллах санал хүсэлтээ хүргүүлэхэд шуурхай хариу өгсөнд БОАЖ-ын сайдын зүгээс талархал дэвшүүллээ. НҮБХХ-ийн зүгээс биологийн олон янз байдлыг хамгаалах салбарт хамтран ажиллах санал тавьсныг таатайгаар хүлээн авч байгаагаа Л.Гансүх сайд мэдэгдэв. Өмнө нь Монголд биологийн олон янз байдлыг хамгаалах хамгийн анхны төсөл хэрэгжүүлж, Үндэсний Биологийн төрөл зүйлийн тайланг 1996 онд гаргасан юм. Улмаар Дорнод Монголын биологийн төрөл зүйл, Их говийн төсөл, Алтай Соёны төсөл хэрэгжүүлсэн билээ.

Энэхүү уулзалтын дараа Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд Л.Гансүхтэй уулзан дараах тодруулгыг хийлээ.  

Энэхүү уулзалтын зорилго юу вэ. Ямар үр дүнд хүрсэн бэ? 

Олон Улсын байгууллага, тэр дундаа нэгдсэн Үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсын Байгаль орчин, Аялал жуулчлалын яамтай харьцдаг гол түнш юм. Өнөөдрийн айлчилж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Шадар туслах, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүсийн товчооны захирал Ажей Чиббертэй хийх уулзалтаар Монгол Улсын Байгаль орчны яамны хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн талаар танилцуулж, цаашид хамтран ажиллах чиглэлийн талаар санал бодлоо солилцлоо.

Өнөөдөр Монгол Улсад байгаль Орчин аялал жуулчлалын чиглэлээр хэрэгжиж буй төслийн  80 орчим хувь нь хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгждэг. Эдгээр төслүүд ихээхэн үр дүнтэй олон сайн хөтөлбөрүүд байгаа.

Цөлжилтийн эсрэг, Мөн Биологийн төрөл зүйлийн дэмжих, судалгаа, Нутгийн иргэдийн оролцоо, тэдний тогтвортой амжиргааг дээшлүүлэх чиглэлийн төслүүд ийг амжилттай хэрэгжүүлж байгаа.

Ойрын хугацаанд GEF 5 хөтөлбөрийн хүрээнд гурван чиглэлээр хамтран ажиллахаар болж байна. Үүнд:  Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар, Газрын доройтлын асуудлаар, Биологийн төрөл зүйлийг хамгаалах асуудал

Томоохон уул уурхайн олборлолт явуулах шийдвэрүүд гарсантай холбогдон Байгаль орчны яамны зүгээс ямар бодлого баримтлах талаар ярилцлаа. Ямар зөвлөгөө өгч байна?

Бид нар томоохон уул уурхайн салбарыг ойрын үед хөгжүүлж байж Монгол улс  эдийн засгийн чадавхийг эрс дээшлүүлнэ. Үүнтэй холбоотойгоор хамгийн бага хор хохирол учруулах чиглэлээр эхнээс нь анхаарахгүй бол болохгүй шүү гэдгийг энэ туршлагатай хүн бидэнд зөвлөгөө өглөө. Саяхан болсон PHP компаний нефт далайд алдагдсанаас болж ямар их хохирол учирч байгаа талаар, эхнээс нь хяналтыг төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь тавьж шуурхай, шийдвэртэй ажиллахгүй бол ямар их хохирол учирч болохыг энэ хэмээн жишээ татан бидэнтэй санал бодлоо солилцлоо.

Б.Энхмандах  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж