Миний хувьд сүүлийн хэдэн өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах процедурын тухайд хуульчдын болон нийгмийн бусад гишүүдийн дунд маргаан, мэтгэлцээн явж байгааг анхаарч, зарим талаараа энэ хариуцлагатай үйл явцад хэт улс төржсөн, бусад руу үндэслэл муутай дайрсан хандлагууд зарим нэг хариуцлагатай хүмүүсээс гараад байгааг ажигласан. Тиймээс энэхүү Үндсэн хуульчилсан процедурын талаар судлаачийн буюу хөндлөнгийн байр сууриа илэрхийлэхээр шийдэж, энэхүү товч бичвэрийг оруулж байна.
Аливаа орны Дээд шүүх гэдэг бол шүүхийн идэвхтэй байдлын зарчим (Judicial Activism) ба шүүх өөрийгөө хязгаарлах зарчим (Judicial Self-Restraint)-ын тэнцвэрийг хангах замаар дараах үндсэн 2 чиг үүргийг хөдөлбөргүй хэрэгжүүлэх учиртай байдаг. 1-рт, эрх зүйг хөгжүүлэх, 2-рт, эрх зүйн (шүүхийн шийдвэрийн) нэгдмэл байдлыг хангуулах. Энэ чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бүх хэрэг, маргааныг бус, харин эрх зүйн суурь зарчмын ач холбогдолтой кэйсийн хувьд, түүнчлэн, шүүхийн практикт хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох зайлшгүй шаардлагатай тохиолдол гэж үзсэн кэйсийн хувьд авч үздэг. Гэтэл манай улсын хувьд Дээд шүүхийн энэхүү чухал чиг үүргүүдийг төдийлөн авч үзэлгүй, хол орхигдуулсныг сүүлийн үед миний бие мэргэжлийн хэлэлцүүлэгт хэдэнтээ хөндөөд байгаа. За, энэ бол удиртгал болгож хэлж буй хэсэг юм.
Гол асуудал нь, ийм чухал чиг үүргийг хэрэгжүүлдэг учраас Дээд шүүхэд онолын өндөр мэдлэг, ур чадвар эзэмшсэн, практик туршлагатай, шударга ёс, эрх зүйт төрийн зарчмыг урьтал болгодог сэтгэлгээтэй хуульч нар ажиллах шаардлага дэлхий дахинд түгээмэл тавигддаг болно. Харин тийм хэмжээний шүүгч болж чадах нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах, тэдгээрийг томилох процесс дэлхийн улс орнуудад харилцан адилгүй байдаг болно.
Үүнийг тайлбарлахын тулд бидний үлгэр жишээ авдаг 2 улсын жишээг авч үзье. ХБНГУ-ын тухайд Холбооны дээд шүүхүүдийн шүүгчдийг томилохдоо 16 муж улсын Хууль зүйн сайд болон Холбооны Хууль зүйн сайд багтсан Бүндэстагаас сонгосон 16 гишүүн, нийт 32 хүний бүрэлдэхүүнтэй Шүүгчийг сонгох хорооноос Дээд шүүхийн шүүгчийг сонгодог. Тийнхүү сонгохдоо тус хороо нь нэр дэвшигчдийг мэргэжлийн болон хувийн байдлын хувьд Дээд шүүхийн шүүгчээр ажиллах чадвартай эсэхийг сайтар нягталдаг. Ингээд сонгосон нэр дэвшигчийг Холбооны Хууль зүйн сайд баталж, нэрийг нь Холбооны Ерөнхийлөгчид өргөн мэдүүлснээр шууд томилдог зохицуулалттай. Энэ үйл явцад Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Бүндэстагт танилцуулах процесс байдаггүй болно. Үүний цаад концепци нь Дээд шүүхийн шүүгчдийг Бүндэстаг томилох эрх хэмжээгүй байдагтай шууд холбогддог юм.
АНУ-ын тухайд асуудал өөрөөр яригдана. Тус улсын хувьд АНУ-ын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Ерөнхийлөгч санал болгож, Сенат баталдаг. Сенат баталсан тохиолдолд Ерөнхийлөгч хэлбэрийн төдий (формально) томилох шийдвэр гаргадаг онцлогтой. ХБНГУ-аас ялгаатай нь энэ ажиллагаанд Сенат батлах эрх хэмжээтэй оролцдог учраас Сенат дээр Шүүхийн хороо байгуулагдаж, тус хороо нь нэр дэвшигчийг нийтийн сонсголд оруулах зэрэг бүхий л нарийвчилсан процедурыг хангуулах үүргийг хүлээдэг болно. Дээрхээс үзвэл, тус хоёр улсын зохицуулалт, процесс, туршлага өөр байгааг харж болно.
Манай улсын тухайд Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, … Ерөнхийлөгч томилно …" гэж заасан бөгөөд нэр дэвшигчийг томилох процесст УИХ-д танилцуулах процедурын шаардлага тавьснаараа онцлогтой. Нэр дэвшигчийг УИХ томилдоггүй бас баталдаггүй, харин Ерөнхийлөгч томилох эрх хэмжээтэй байдаг тул УИХ дээр энэ талаар ямар нэг хэлэлцүүлэг өрнүүлэх, санал хураалт явуулах, тэр бүү хэл нийтийн сонсгол явуулах эрх зүйн үндэслэлийг шууд үгүйсгэдэг болно. Зүй нь, Ерөнхийлөгч томилохоосоо өмнө өөрийн ажлын аппаратаар дамжуулж тухайн нэр дэвшигч хуульд заасан шаардлага хангасан эсэхийг урьдчилан хянах учиртай. Түүнээс биш энэ үүргийг УИХ огт хүлээгээгүй гэдгийг "… танилцуулснаар …" гэдэг хууль зүйн томъёолол илтгэдэг.
Дээрх агуулгыг нотлох зохицуулалт бусад органик хуульд хуульчлагдсан. Тухайлбал, Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно" гэж заасны дагуу баталсан органик (үндсэн хуульчилсан) хуулийн нэг болох Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд "Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулах журам"-ыг тогтоосон байдаг. Түүнд зааснаар:
"104.1. Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийн танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд ирүүлнэ.
104.2. Нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулна.
104.3. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.
104.4. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд нэр дэвшигчийн талаар санал хураалт явуулахгүй.
104.5. Нэр дэвшигчийг танилцуулсан талаар Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэнэ" гэж заажээ.
Уг процесс нь нэр дэвшигчийг УИХ-д танилцуулах л зорилготой учраас ямар нэг санал хураалт явуулахгүй байхаар хуульчилсан байдаг. Түүнчлэн, энэхүү Дэгийн тухай хууль нь УИХ-ын хувьд түүний "үйл ажиллагааны Үндсэн хууль" болохынхоо хувьд уг хуулиар зөвшөөрөгдсөн зан үйлийн горимын дотор л гишүүд ажиллах ёстой болдог. Тодруулбал, энэ дэгийн хүрээнд асуудлыг танилцахгүй гэх, эсвэл хойшлуулна гэх, эсвэл өөр хүн оруулж ир гэж шууд тулгах горим журам, тийм эрх хэмжээ, процедурыг огт зөвшөөрөөгүй болохыг дээр дурдсан 104 дүгээр зүйлээс шууд харж болно. Ер нь тийм буруу жишгийг өмнөх Их хурал тогтоогоогүй байсныг одоогийн хууль тогтоогч нар анхаараасай билээ.
Хэрвээ дээрх горим журмыг барихгүй гэвэл дураар аашилсан хэрэг болох төдийгүй үндсэн хуульт ёсны зарчим алдагдаж, цаашид УИХ Үндсэн хуулиар тогтоосон "танилцах" бүрэн эрхээ дур зоргоор хэтрүүлдэг болох, Үндсэн хуулиар бэхжүүлсэн өөр нэг институци болох Ерөнхийлөгчийн институцийн Үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээнд бүдүүлгээр халддаг болох "бүдүүлэг жишиг"-ийг тогтоох ихээхэн сөрөг үр дагавартай болно.
Үнэхээр нэр дэвшигч нь хуулийн шаардлага хангаагүй гэх "фактически" асуудалтай бол УИХ нь өөр "хууль ёсны" арга замаар нэр дэвшигчийг томилох эрх бүхий субъект болох Ерөнхийлөгчид "эрх зүйн соёлтойгоор" мэдэгдэх боломж бүрнээ байсан гэж би судлаач, хуульчийн хувьд үзэж байна.
P.S.: Энд миний бие ямар нэг хүний талаар огт яриагүй гэдгээ тодотгоод үндсэн хуульт ёс, эрх зүйт төрийн зарчим, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж буй байгууллага хоорондын эрх зүйн болон ажлын соёлын тухай асуудлыг ярьж байгаа болохоо цохон тэмдэглэж байна.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Германын Шпайерын Нийтийн захиргааны судалгааны хүрээлэнгийн зочин судлаач
Т.МӨНХ-ЭРДЭНЭ
(LL.M – University of Vienna)
Холбоотой мэдээ