НЭМЭЛТ 10:50 цаг
“Эрэл” компанийн ТУЗ дарга асан Б.Эрдэнэбатад холбогдох давж заалдах шатны шүүх хурал арваннэгдүгээр сарын 24-ний өдөр хүртэл хойшиллоо. Тодруулбал, шүүгдэгч Б.Эрдэнэбат нь нэмж өмгөөлөгч авах хүсэлт гаргасан учраас ийнхүү хойшилсон байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.11.10/ “Эрэл” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн /ТУЗ/ дарга асан Б.Эрдэнэбатад холбогдох хурал боллоо Тодруулбал, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх "Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэргийг наймдугаар сарын 7-ны өдөр хэлэлцсэн.
Улмаар шүүхээс шүүгдэгч Б.Эрдэнэбатыг залилах гэмт хэргийг “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдад их хэмжээний хохирол” учруулсан, мөн мөнгө угаах гэмт хэргийг “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж байнга тогтвортой үйлдсэн гэм буруутайд тус, тус тооцож долоон жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгч Д.Сэргэлэнг гэмт хэрэгт хамтран оролцсон, бүлэглэсэн нь нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн шинжгүй байна гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан юм.
Мөн шүүгдэгч Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж хохирогч Ш.Баярсайханд олгуулахаар тус тус шийдвэрлэсэн байдаг. Хэргийг эргэн сануулахад, “Улаанбаатар импэкс” ХХК-ийн буюу “Номин холдинг”-ийн захирал, “Ариг” банкны хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан цагдаагийн байгууллагад хандан Б.Эрдэнэбат нь эд хөрөнгө завшиж, бусад хувьцаа эзэмшигчээ залилж байгаа тухай гомдлыг 2019 онд гаргасан байдаг.
Э.БУРАМ