АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эсперийг ажлаас нь халсныг Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Түүний оронд Терроризмын эсрэг үндэсний төвийн дарга Кристофер Миллер Батлан хамгаалахын сайдаар ажиллах гэнэ. Тэрбээр Трампын мэдэгдлээс хэдхэн цагийн дараа Батлан хамгаалах яамны байр руу орж явсныг эх сурвалжууд онцолжээ. Тусгай хүчний цэрэг байсан Кристофер Миллер нь өнгөрсөн наймдугаар сард Терроризмын эсрэг үндэсний төвийн дарга болсон. Үүнээс өмнө Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.
Харин Марк Эспер огцрох өргөдөлдөө зэвсэгт хүчний гишүүдэд талархал илэрхийлж, Пентагонд 18 сар ажилласан нь нэр төрийн хэрэг гэдгийг онцолжээ. Марк Эспер нь энэ оны эхээр АНУ даяар өрнөсөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг жагсаалыг дарахаар цэргийн хүч ашиглах Цагаан ордны шийдвэрийг хүчтэй эсэргүүцсэн аж. Африк гаралтай Жорж Флойд гэгчийг баривчлах үедээ цагаан цагдаа хүзүүн дээр нь удаан өвдөглөн сууж, тусламж эрсэн ч босолгүй байсаар амийг нь хөнөөснөөс орон даяар жагсаал өрнөсөн юм. Түүнчлэн Марк Эспер нь Умард Атлантын цэргийн эвслийн эсрэг Трампын хандлагатай санал зөрөлджээ.
“Батлан хамгаалахын сайдыг гэнэт ажлаас нь халснаар Трамп албан үүргийн сүүлчийн хоногууддаа АНУ-ын ардчилал, дэлхий дахиныг үймүүлэхээр зорьсныг нь илтгэж байна” хэмээн Ардчилсан намын гишүүн Нэнси Пелоси шүүмжлэн мэдэгджээ. Трамп өнгөрсөн арваннэгдүгээр сарын 3-нд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд зарга мэдүүлээд буй. Хэдийгээр Жо Байден сонгуульд ялж, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон ч түүнийг ирэх оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөх хүртэл Трампын бүрэн эрх хүчинтэй.
Эх сурвалж: ВВС