Сүмод шинэ салхи сэвэлзэж байна

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

Сүмод шинэ салхи сэвэлзэж байна

Сүмод шинэ салхи сэвэлзэж байна

Мэргэжлийн сүмо бөхийн кюүшюү башё эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байгаа билээ. Энэ удаагийн башёд ёкозүна Какүрюү М.Ананд болон ёкозүна Хакүхо М.Даваажаргал нар бэртэл гэмтлийн улмаас барилдах боломжгүй болсон нь бусад бөхчүүдэд дээд макүүчи зиндаанд түрүүлэх сайхан боломжийг олгож байна. Хоёр аваргын хувьд ийнхүү гурван башё дараалан бүтэн барилдаж чадаагүй бол мэргэжлийн сүмогийн түүхэнд 37 жилийн дараа макүүчи зиндаа анх удаа ямар ч ёкозүна цолтой бөхгүй үргэлжлэн явагдаж байгаа ажээ.

Хоёр аваргын бэртэл гэмтэл

2020 он гарсаар хоёр аваргын хувьд бэртэл гэмтлээс салсангүй. Өдгөө 35 настай Хакүхо М.Даваажаргалын хувьд өнгөрсөн долдугаар сарын башёд баруун өвдгөндөө бэртэл авсан бөгөөд наймдугаар сард хагалгаанд орсон. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын башёг өнжсөн бол кюүшюү башёг мөн өнжиж байна. Харин өдгөө 35 настай Какүрюү М.Анандын хувьд өнгөрөгч долдугаар сарын башёг баруун тохойны бэртлийн улмаас дуусгаж чадаагүй. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын башёг мөн нурууны гэмтлийн улмаас өнжсөн. Түүнийг энэ сарын кюүшюү башёд зодоглоно гэж байсан боловч нурууны гэмтлийнх нь эдгэрэлт удаан байгаа тул энэ оны сүүлийн башёг өнжиж байна.

Хакүхо сүүлийн 12 башёгийн гуравт нь түрүүлсэн бол Какүрюү нэгт нь түрүүлжээ

Какүрюү М.Ананд сүмо бөхийн замналдаа нийтдээ 18 дахь удаагаа башёг өнжиж эсвэл дундаас орхиж байсан бол Хакүхо М.Даваажаргал сүмогийн замналдаа 17 дэх удаагаа башёг өнжиж эсвэл дундаас орхиж байна.

Сүмо бөхийн нэг эрин солигдож байна

Мэргэжлийн сүмо бөхийн 70 гаруй жилийн түүхийг эргэн харвал их аваргуудын залгамж халаа тасралтгүй үргэлжилсэн байдаг. Домогт Ваканохана аварга, Точинишики аварга, Тайхо аварга, Кашиводо аварга, Китанофүжи аварга, Таманоүми аварга, Важима аварга, Китаноүми аварга, Чиёонофүжи аварга гэсэн энэ аваргуудын хэлхээ 2000-аад оны үеэс эхлэн Асашорюү Д.Дагвадоржоор дамжиж өдгөө Хакүхо М.Даваажаргалаар үргэлжилж байна. Харин 35 настай, мэргэжлийн сүмо бөхийн түүхэнд 44 түрүү хүртэж, хамгийн олон түрүүлсэн бөхөөр тодроод буй Хакүхо М.Даваажаргалыг зодог тайлах үед энэхүү хэлхээг хэн цааш нь үргэлжлүүлэх вэ? Одоогийн байдлаар мэргэжлийн сүмод гурван озэки цолтой, ирээдүйд ёкозүна цолонд хүрнэ гэж яригдаж буй ид үе дээрээ яваа гурван бөх бий. 26 настай озэки Асанояама Хидэки, 24 настай озэки Такакэйшо Мицүнобү, 29 настай озэки Шодай Наояа. Мөн дээд макүүчи зиндаанд 21 настнуудын төлөөлөл болоод буй Котошохо Ёшинари, ёкозүна Асашорюү Д.Дагвадоржийн үеэл дүү Хошорюү С.Бямбасүрэн нар ч дээш цойлох өндөр магадлалтай. Өмнө хэлсэнчлэн хоёр ёкозүна бэртэлтэй байгаа учир эдгээр бөхчүүдэд дээд зиндааны түрүү хүртэх, дараагийн ёкозүна цолтон болох боломж нээлттэй бий.

Өрсөлдөөн ширүүссэн

Нэг үеэ бодвол Монгол бөхчүүдийн эзэрхийлэл хумигдаж, Япон бөхчүүд дээд зиндаанд түрүүлэх нь элбэг болжээ. 2000-аад он гарсаар Японы мэргэжлийн сүмо бөхөд гадаад бөхчүүдийн тэр дундаа Монголчуудын эрин үе эхэлсэн. Ямар ч зайгүй Асашорюү Д.Дагвадорж, Хакүхо М.Даваажаргал нар ээлжлэн түрүүлж, тэдний араас Харүмафүжи Д.Бямбадорж тав, Какүрюү М.Ананд тав, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр Кёкүтэнхо Н.Цэвэгням нэг, Тамаваши Б.Мөнх-Оргил нэг удаа тус тус түрүүлсэн байдаг. Харин одоо залуу Япон бөхчүүд хүч түрэн гарч ирж байна. 2018 оноос хойш өдийг хүртэлх дээд макүүчи зиндааны боломжит 16 түрүүний есийг нь Монгол гаралтай бөхчүүд, үлдсэн долоог нь Точиношин, Митакэүми, Такакэйшо, Асанояами, Токүшорюү, Шодай зэрэг Япон гаралтай бөхчүүд хүртжээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дээд зиндаанд дараалан түрүүлсэн бөх байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж