Хүлээлгийн кофены шинэ соёл залууст таалагдаж байна | News.MN

Хүлээлгийн кофены шинэ соёл залууст таалагдаж байна

Хүлээлгийн кофены шинэ соёл залууст таалагдаж байна

Хүлээлгийн кофены шинэ соёл залууст таалагдаж байна

Халуун кофе уунгаа сонирхолтой ном шимтэн унших “амттай”. Хааяа халаасандаа мөнгөгүй ч яг ийм мэдрэмж авахыг хүсдэг үе байдаг шүү дээ. Тэр үедээ хэн нэгний бэлэглэсэн хүлээлгийн кофег амталж, эрч хүч, хайрыг мэдрэхийг хүсч байна уу. Тэгвэл энэ удаа залууст өгөх, авах соёлыг сургахаас гадна бусдад баяр хөөрийг мэдрүүлдэг кофе шопоор зочиллоо. Энэ бол “The Seed Book cafe”.

Ном уншингаа кофе уух боломжийг залууст бүрдүүлж өгсөн “The Seed Book cafe”-ийн хамт олон хүлээлгийн кофе үйлчилгээг нэвтрүүлээд буй. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч өөрөө нэг кофе худалдан авч уучихаад сайн дураараа дахин нэг кофены мөнгө нэмж төлөх ба тэр кофе нь дараагийн нэгэн үйлчлүүлэгчид бэлэг болон очдог гэсэн үг. Үүдээ нээгээд таван сар болж буй кофе шопоор ихэвчлэн сургуулийн сурагч, оюутан залуус үйлчлүүлдэг аж. Өнгөрсөн хугацаанд байнгын үйлчлүүлэгчтэй болоод амжжээ.

Намуухан хөгжим эгшиглэж, залуус кофе шопт ганц нэгээрээ эсвэл хоёр гурваараа хичээлээ хийж угтав. Ном унших нь уншиж, хамтдаа ярилцаж, зарим нь онлайнаар хичээлээ хийнэ. Ширээн дээр нь ном дэвтэр, гар утас, нөүтбүүк дэлгээстэй. Бараг ширээ болгоны хажууд залгуур, usb оролтоос гадна үнэгүй ном, wifi зэрэг байх аж. Мэдээж, хуурсан амтлаг кофетойгоо.

Биднийг очиход хүлээлгийн 14 кофе цугларсан байв. Бусад кофе шоптой иж найрлага, орцтой хэдий ч үнийн хувьд харьцангуй хямд. Үндсэн кофе 4-5 мянган төгрөгийн үнэтэй. Харин үйлчлүүлэгчдийн дуртай хүлээлгийн кофе үнэ төлбөргүй. “Зарим хүмүүс “Хүлээлгийн кофе ууя” гэж хэлж чадахгүй санаа зовох тохиолдол гардаг. Тэр үед бид үйлчилгээгээ танилцуулж, үнэгүй кофегоор дайлдаг. Эргээд тухайн үйлчлүүлэгч дараа орж ирэхдээ заавал хэн нэгэнд кофе өгөх хүсэлтэй орж ирдэг” тухай бариста Б.Отгонбаяр хэлж байв. Хүлээлгийн кофе өдөрт ихэвчлэн ганц хоёроор, таваар нэмэгддэг бол нэг удаа бүр 20 кофегоор нэмэгдэж байсан гэнэ.

Кофе шопод хоёр бариста ажилладаг. Тэдний нэг Б.Отгонбаяр “Манай кофе шопод өнөөдрийн байдлаар 14 хүлээлгийн кофе байна. Манайх бялуугаа “Rose” бэйкири хэмээх газраас захиалж авдаг. Хамтран ажилладаг байгууллагаас манайхыг хүлээлгийн  кофе гаргадаг гэдгийг мэдээд, биднийг дэмжиж, хүлээлгийн бялуугаараа нэгдэхээр болсон. Одоо хүлээлгийн таван бялуутай байна. Анзаараад байхад залуус кофегоо өөрсдийн мөнгөөрөө худалдан авах нь их байдаг. Мөн хүлээлгийн кофены тоог нэмж, өөр танихгүй хэн нэгнийг баярлуулах хүсэлтэй нь олон байдаг. Тийм учраас хүлээлгийн кофе дуусч байгаагүй” гэлээ.

“The Seed Book cafe” нь бас номын сантай. Номын санд өрөөстэй харагдах номнуудыг худалдаж аваагүй, үйлчлүүлэгчид нь бэлэглэжээ. Залуус өөрийн уншиж дууссан номоо бусдад өгч, оюуны хөрөнгө оруулалт хийдэг  байна. Энэ бас нэг соёл.

“МӨНГӨГҮЙ ҮЕДЭЭ Ч ХИЧЭЭЛЭЭ ХИЙГЭЭД СУУХ БҮРЭН БОЛОМЖТОЙ”

 “Би энэ кофе шопоор үйлчлүүлээд хоёр сар гаруй болж байна. Байнга ирж үйлчлүүлдэг. Мөнгөгүй үедээ ч хичээлээ хийгээд суух бүрэн боломжтой. Ажиллаж буй хүмүүсийн хандлага нь маш сайхан санагддаг. Саяхнаас хүлээлгийн кофе байдгийг олж мэдсэн. Хүссэн хүн нь уух боломжтой юм билээ. Миний хувьд мөнгөрөө кофегоо худалдан авч уугаад, ганцаараа хичээлдээ өвлөрч суух дуртай. Кофены үнийн хувьд ч боломжийн хямдхан байдаг. Хотод ийм газар байгаад маш их баярлаж байна” хэмээн Их засаг их сургуулийн гуравдугаар сургуулийн оюутан Ш. Ганболор хэлж байв.

ОХУ-д сурдаг оюутан Б.Мөнхзаяа хичээлээ онлайнаар хийж байлаа. Тэрбээр “Энэ намраас энэ кофе шопыг мэддэг болж орж ирдэг болсон. Хичээл хийхэд их тухтай байдаг. Бусад кофе шопыг бодвол хямд үнэтэй. Энд залуус ихэвчлэн хичээлээ хийх гэж эсвэл ном унших гэж орж ирдэг. Би ихэвчлэн мөнгөөрөө кофе, смүүти худалдан авч уудаг. Нэг удаа хүлээлгийн кофе авч үзсэн. Маш сайхан санагдсан” талаар ярилаа.

Хажуугийн ширээнд найзтайгаа хичээл хийж суусан МУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан Н.Халиун “Надад энэ газар маш их таалагддаг. Би анх фэйсбүүк пэйжээс танилцуулгыг нь харж, орж ирсэн. Маш амттай кофетой. Би нэг удаа бусдад кофе авч өгч, бэлэглэсэн. Хичээл ихтэй байж байгаад сая л орж ирлээ. Нэг их олон хүнтэй ч биш бага хүнтэй ч биш орж ирсэн хүмүүс нь чөлөөтэй байхаас гадна бие биедээ хүндэтгэлтэй ханддаг. Чимээ шуугиан гаргаад хэн хэндээ саад болдоггүй” гэв.

Анх удаа үйлчлүүлж буй А.Энхцацрал “Хажуугийн кофе шоп ороход ширээ нь хүрэлцдэггүй, тухгүй байлаа. Энд орчин нь тухтай, чимээ шуугиан багатай учраас хичээлээ хийж сууна. Миний хувьд кофе ууж чаддаггүй учраас смүүтигийн амт нь таалагдаж байна. Хотод ийм газар олон байдаггүй. Байсан ч заавал худалдан авалт хийх шаардлагатай байдаг” гэлээ.

“Би анх удаа үйлчлүүлж байна. Хичээлээ хийгээд суухад тухтай юм байна. Номын санд өрөөстэй номыг сонирхлоо. Ихэвчлэн үйлчлүүлэгчид нь уншиж дууссан номоо өгдөг юм байна. Дараа уншиж дууссан номоо авч ирж өгье гэж бодлоо” хэмээн “Этүгэн” их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан Д.Буянзаяа хэллээ.

“ХҮЛЭЭЛГИЙН КОФЕГ АНХ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ МААНЬ САНАЛ БОЛГОСОН”

Ингээд The Seed Book cafe”-г үүсгэн байгуулагч Ж.Бямбасайхантай цөөн хором ярилцлаа.


Анх кофе шопоо хэрхэн нээж байв. Хэчнээн ажилтантай вэ?

Эхнэртэйгээ хамт 2019 оны арванхоёрдугаар сард кофе шоп нээхээр шийдээд, ажиллаж эхэлсэн. Харамсалтай нь Covid-19-ийн нөхцөл байдлаас шалгаалж нээж чадалгүй зургаан сар хүлээж, энэ оны зургадугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Одоогоор эхнэр бид хоёроос гадна гурван ээлжээр зургаан хүн ажиллаж байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлж олон төрлийн эвент зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн менюгээ шинэчилж пицца, өглөөний цай зэрэг шинэ бүтээгдэхүүнүүд нэмэхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа.

-Цоо шинэ хүлээлгийн кофе үйлчилгээг нэвтрүүлэх болсон тухайгаа ярихгүй юу?

-Манай “The Seed Book Cafe” буюу “Үр номын кафе” маань энэ оны зургадугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Кофе шопоо нээгээд удаагүй байхад байнгын үйлчлүүлэгчдийн нэг маань “Олон улсад (suspended coffee) ийм соёл байдаг. Танай кафе энэ соёлыг үйлчилгээндээ нэвтрүүлж, хийж үзээч. Тэгвэл би ч гэсэн хүлээлгэнд кофе үлдээнэ” гэж хэлсэн. Тэр даруй бид менюны самбар дээрээ хүлээлгийн кофе гэж томоор бичээд, тэр үйлчлүүлэгч маань гурван кофе үлдээснээр анх энэ үйлчилгээ маань эхэлсэн.

-Танай кафегаар үйлчлүүлсэн хүмүүсийн сэтгэгдлээс хуваалцахгүй юу. Үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байгаа нь анзаарагдаж байна?

-Залууст суралцаж, өсөж хөгжих, тав тухтай орчин их хэрэгцээтэй байдаг. Тийм учраас залуусыг дэмжих, тэдэнд боломж олгох зорилгоор кофе шопын үйл ажиллагаагаа эхэлсэн. Манайх зөвхөн кофе шоп төдий биш номын сантай. Мөн залуучуудад зориулсан олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мэдээж, хуурсан амттай кофегоор үйлчлэхээс гадна бараг ширээ болгоны хажууд залгуур, usb оролтоос гадна үнэгүй ном, wifi зэрэг байдаг учраас манай үйлчлүүлэгчид бүгд сэтгэл хангалуун байдаг.

Хүлээлгийн кофены хувьд бүх хүнд таалагддаг. Заримдаа нэг тийм санхүүгийн боломжгүй, онцгүй өдрүүд байдаг даа. Кофе уумаар, эсвэл кофе шопд сууж ажил амжуулах шаардлага байдаг. Тэр үед манайд орж ирээд хэн нэгний үлдээсэн, эзнээ хүлээж байгаа кофег аваад бүгд баяр хөөрөөр дүүрдэг.

Тэр баяр хөөр бусдад халдварлаж, нийгэмд эерэг уур амьсгал, хандлага бий болоосой гэж бид хүсдэг. Үүнээс илүү өгч байгаа хүмүүс илүү их баяр хөөр, аз жаргалаар дүүрдэг. Өгдөг хүмүүс өгөөмөр сэтгэл, хайрыг түгээгчид юм. Тэд амьдралыг илүү сайхан, гэрэл гэгээтэй болгодог хүмүүс юм. Энэхүү өгөх, авах шинэ соёлын дунд гүүр болж байгаадаа бид баяртай байдаг.

-Залуусын кофе уух соёлын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Кофе уух соёл болон кофе шопын соёл Монголд дэлгэрээд удаагүй байгаа ч, маш хурдацтай, сайн хөгжиж байна. Залуусын хувьд кофены ашиг тусыг маш сайн ойлгож хэрэглэхээс гадна кофе шоп дотор бусдын дунд биеэ авч явахаас эхлүүлээд, үйлчилгээ авах, аливаад хандах хандлага зэрэгт маш их ахиц, өөрчлөлт гарч байгаа гэж боддог. Энэ нь байгальд ээлтэй байхыг эрмэлзэж нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж өөрсдийн аягыг авч явах зэргээр ажиглагдаж байна.

-Одоо хэчнээн үйлчлүүлэгчтэй болсон бэ?

-Анх кофе шопоо нээх үетэйгээ харьцуулахад үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж байгаа. Хүлээлгийн кофены хувьд өдөр бүр биш ч гэсэн хүмүүс хүлээлгэнд кофе үлдээх нь ихэссэн. Хэрэв самбар дээр хүлээлгийн кофе багасах л юм бол хэн нэгэн тэр тоог нэмдэг. Өнөөдрийн байдлаар хүлээлгэнд 14 аяга кофе, таван ширхэг бялуу байх жишээтэй.

Гэрэл зургийг Д.ГАНБҮЖИН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-11-10 66.181.161.58

bainga ordg shvv duhtai goe gazar shvv uur amisgal goe

Avatar

Зочин 2020-11-10 124.158.81.53

ХАЯГАА МОНГОЛ БОЛГО

Avatar

Зочин 2020-11-10 124.158.81.53

ТА НАР МОНГОЛД БАЙГАА ЮМ УУ, АНГЛИАР ЯРИГЧ ОРОНД БАЙГАА ЮМ УУ, НААД ГАРЧИГНУУДАА МОНГОЛООР ТАВЬЖ ХАЙРЛА, ДЭЭР ҮЕД ОРОСООР БИЧЛЭЭ ГЭЭД БАРЬЖ ИДЭХ ШАХАЖ БАЙСАН ҮЕ САЯХАН МЭТ, ГЭТЭЛ ОДОО ДАН АНГЛИ ХАЯГТАЙ, ЯРЬЖ БАЙГАА НЬ АНГЛИ, ОДОО БАЙГАА ЭНЭ ГАЗРЫГ ЧИНЬ МОНГОЛ ГЭДЭГ ЮМ, ЭСВЭЛ ТЭР АНГЛИ РУУГАЙ ЗАЙЛААЧ

Avatar

Зочин 2020-11-10 202.55.188.91

Сэтгэгдэл орохгуй байна

Avatar

Зочин 2020-11-10 202.55.188.91

Орон гэргуй гудамжинд гуйлга гуйдаг хумуус орж хулээлгийн кофе ууж бялуу идвэл яг эзэндээ очиж байна гэсэн уг. Гудамжинд тийм хумуус дайралдвал танайхыг зааж егнее. Харин очиход нь битгий хеечеерэй

Avatar

Зочин 2020-11-10 202.9.47.1

яарсан даарсан сандарсан сэтгэл нь тавгүй яваа нэгнийг баяр хөөр хайраар дүүргэх хүлээлгийн кофе нь яг эзэндээ очвол гоё байна. Боломж нь байвал мөнгөө төлж кофе уувал бүүр янзтай шүү. Нэг эгч маань нөхөртэйгээ муудаад тэр өдөржингөө уйлчихсан, утасных нь цэнэг дуусчихсан, ёстой орох ч газар байхгүй улаа эргэтэл хотын гудмаар алхсан гэдэг. Ийм газар байдгийг мэдсэн бол энд ядаж 2 цаг сууж сэтгэлээ онгойлгох байж дээ эвий минь

Avatar

Зочин 2020-11-10 103.57.95.146

Монголын кофe шопууд хичээл хийдэг танхим мэт л байдаг юм билээ. Баахан хичээлээ хийсэн хүүхдүүд

Avatar

мм 2020-11-10 180.149.65.2

их сайхан санагдаж байна баяр хүргэе амжилт хүсье ээ

Avatar

Зочин 2020-11-10 202.9.40.188

Хаяг нь? Хөөрхөн ажллыг нь дээмжээд хааяа орж байх юмсан

Avatar

Зочин 2020-11-10 43.242.242.182

13-n Urd taliin Avtobusnii buudal BOBO tuviin 2 davhart

Avatar

Зочин 2020-11-10 202.21.107.103

mongoo tolood uuj bgarai

Avatar

Зочин 2020-11-10 103.26.195.28

Mundag

Avatar

Zochin 2020-11-10 1.234.57.56

Хаана байдгийг нь бичих хэрэгтэй шүү дээ. Мэдээллийг бүрэн дүүрэн өгөх нь сэтгүүлчийн үүрэг.

Avatar

Зочин 2020-11-10 103.14.38.142

Ёстой зөв хандлага байна дээ,гадны оронд ийм үйлчилгээ байдаг тухай уншиж байсан.амжилт хүсье.

Avatar

zochin 2020-11-10 202.131.225.150

Ajliin amjit husie….Mundag baina ^_^

Avatar

зочин 2020-11-10 66.181.164.171

хөөрхөн юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж