Байдены ялалт ОПЕК-ийн удирдагчдыг барьц алдуулав

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

Байдены ялалт ОПЕК-ийн удирдагчдыг барьц алдуулав

Байдены ялалт ОПЕК-ийн удирдагчдыг барьц алдуулав

Лондоны “ICE” биржийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн 2021 оны нэгдүгээр сард нийлүүлэх гэрээний үнэ 3.04 хувиар өсч, нэг торх нь 40.65 ам.долларт хүрчээ. Харин WTI маркийн нефтийн фьючерс хэлцлийн үнэ 3.31 хувиар өсч, нэг торх нь 38.73 ам.доллар болсон байна. Нефтийн үнэ ийнхүү өссөн нь АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой юм.

Бид “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа энэ удаад АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль газрын тосны салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаарх мэдээллийг онцолж байна.

АНУ-д энэ сарын 3-нд бүх нийтийн сонгууль болсон. Тус улсын томоохон хэвлэлүүдийн урьдчилан таамагласнаар, Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Трампыг ялахад шаардлагатай сонгогчдын коллегийн 270 гишүүний санал аваад байгаа билээ.

Байден сонгуульд ялснаа зарласан бол Трамп санал тоолох ажлыг бүрэн гүйцэд гэж үзэхгүй байгаагаа мэдэгдэн, ялагдлаа хүлээн зөвшөөрөөгүй хэвээр байна. Тэрбээр сонгуулийн үеэр Ардчилсан нам олон зөрчил гаргасан учир шүүхэд хандана гэж мэдэгдсэн билээ.

Жо Байдены ялалт ОПЕК-ийн тэргүүлэгч орнуудын удирдагч нарыг барьц алдуулжээ. Учир нь тэд газрын тосны салбарт тулгарч болзошгүй бэрхшээлээс эмээж буй талаар картелийн эх сурвалжийн мэдээллээс иш татан “Ройтерс” агентлаг уламжлав.

"The hill"-д Байден газрын тосны салбарт "бөмбөг хаялаа" хэмээн бичжээ.

“Washington Post” сонинд мэдээлснээр, Байден ирэх оны нэгдүгээр сарын 20-нд төрийн тэргүүний албан тушаалдаа орсныхоо дараа Трампын гаргасан цөөнгүй зарлигийг цуцлан, шинээр хэд хэдэн зарлигт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж.

Тэрбээр Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрт эргэн нэгдэж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас АНУ-ыг гаргах үйл явцыг цуцлах бололтой. Мөн исламын шашинт орнуудаас ирж буй иргэдийн АНУ-д нэвтрэх эрхэд тавьсан хоригийг цуцалж, хууль бусаар ирсэн насанд хүрээгүй хүүхдүүдийг улс орондоо үлдээх боломж олгодог хөтөлбөрийг сэргээж магадгүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Харин түүний хүлээгдэж буй гадаад бодлогын алхмууд нь Covid-19 цар тахлын дараа газрын тосны олборлолтыг бууруулах ОПЕК+-ийн тэргүүлэгч орнуудын удирдагч нарын хэлэлцээрт сөргөөр нөлөөлж магадгүй гэж шинжээчид үзэж буй аж. Тухайлбал, АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Иран, Венесуэлийн эсрэг авсан хориг арга хэмжээгээ зөөлрүүлж магадгүй, үүний улмаас дэлхийн зах зээлд газрын тос гаргахад нөлөөлж, эрчим хүчний үнэ унахад хүргэнэ гэжээ.

ОПЕК+ хэлэлцээрт оролцогч орнуудын нэг ОХУ-ыг Байден АНУ-д тулгарч буй “дэлхийн гол аюул” хэмээн нэрлэсэн билээ. Хэрэв “ОХУ ОПЕК+-ээс гарвал хэлэлцээр нуран унах эрсдэлтэй. Оросыг энэ хэлэлцээрт оролцоотой байхад Трамп их хувь нэмэр оруулсан гэж эх сурвалж мэдэгджээ.

Байден сонгуулийн сурталчилгааныхаа үеэр АНУ ОПЕК+-ийн тэргүүлэгч орнуудын удирдагч гэж тооцогддог Саудын Арабтай тогтоосон харилцаагаа эргэн харахаа амласан юм.

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОПЕК+-ийн тэргүүлэгч орнуудын хэлэлцээрийг хатуухан шүүмжилдэг байсан ч сүүлд хэлсэн үгээ өөрчлөн дэмжсэн билээ. Картелийн нэгэн эх сурвалж "Найз Трампыгаа үгүйлэх болно" гэж хэлсэн байна.

ОПЕК болон нефть олборлогч бусад орнууд өнгөрсөн зургадугаар сард газрын тосны олборлолтоо түүхэнд байгаагүй хэмжээгээр бууруулахаар тохиролцсон. ОПЕК+-ийн тэргүүлэгч орнуудын Эрчим хүчний сайд нарын цахим уулзалтын үеэр Саудын Арабын Эрчим хүчний сайд, хунтайж Абдулазиз бин Салман “Өнөөдөр бидэнд дэлхийн нефтийн салбарын ирээдүйг өөдрөгөөр харах үндэслэл бий. Гэсэн ч бид өнөөгийн тулгамдсан хүндрэлээс гарч чадаагүй байгаа бөгөөд цаашид ч бэрхшээлүүд гарч ирнэ. Бид хамтын хүчээр газрын тосны салбарт үүссэн савлагааг даван туулж, дэлхийн эдийн засгийг сэргээх боломжтой” гэж хэлжээ.

ГАЗРЫН ТОСНЫ ХАНШИЙГ ЭРЭЛТ УДИРДАНА

ОПЕК+-ийн тэргүүлэгч орнууд өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс газрын тосны олборлолтын хэмжээгээ өдөрт 9.7 сая баррелиар бууруулж, өнгөрсөн долдугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлсэн билээ. Мөн дахин тохиролцсоны дагуу нефть олборлогч орнууд долдугаар сарын 1-нээс газрын тосны үйлдвэрлэлээ өдөрт 9.6 сая баррелиар үргэлжлүүлэн бууруулахаа мэдэгдсэн.

Энэхүү танах арга хэмжээ энэ оны төгсгөл хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа талаар ажиглагчид онцолжээ. Мөн ОПЕК-ын орнууд цар тахлын улмаас эрчим хүчний салбарт үүссэн хямралыг даван туулахын тулд 2021 оны нэгдүгээр сараас 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл газрын тосны олборлолтыг өдөрт 5.8 сая баррелиар танахаар тохиролцсон. Энэ нь газрын тосны салбарын түүхэнд урд хожид байгаагүй хамгийн том, өргөн хэмжээний үйлдвэрлэлийн саатал юм. Тиймээс цаашид газрын тосны ханшийг эрэлт удирдах нь. Эрэлтийн дийлэнх буюу 20-иод хувийг АНУ дангаараа бүрдүүлдэг ба тус улс дахь Covid-19-ийн тархалт, эдийн засгийн өсөлт, газрын тосны нөөцийн ханшийн өөрчлөлтөд хамгийн их нөлөөлөхөөр байгаа аж.

Хөл хорио суларч, зам болон агаарын тээвэр өссөнөөр өнгөрсөн тавдугаар сараас эрэлтийг аажмаар дэмжсэн ч энэ нь ердийн үеийнхээс 10 хувиар бага үзүүлэлт юм. Энэ байдал 2022 он хүртэл үргэлжилж, эрэлт цаашид алгуур өсөх хүлээлттэй байна.

Дэлхийн эрчим хүчний агентлагийн судалгаанд дурдсанаар, цар тахлын улмаас дэлхийн хэмжээнд нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн саатал бий болж, тээврийн урсгал тасалдсанаар, газрын тосны нөөц танкууд дүүрч, олборлолтын хэмжээг танахаас өөр сонголтгүй болгожээ. Эрчим хүчний салбарт тулгамдсан энэхүү хүндрэлээс улбаалж өнгөрөгч гурав, дөрөвдүгээр сард “WTI” маркийн газрын тосны үнэ түүхэндээ анх удаа хасах үзүүлэлтэд хүрсэн бол Брент маркийн газрын тосны ханш сүүлийн 20 жилийн түүхэн доод төвшинд хүрээд байгаа аж.

Өнгөрсөн аравдугаар сарын эхээр Дональд Трамп Covid-19-өөр халдварласнаа мэдэгдэж, тус улсын хууль тогтоогчид эдийн засгийн тусламжийн багцын талаар тохиролцоонд хүрч чадахгүй байсан үед нефтийн үнэ гурав гаруй хувиар унасан.

“National Oil” компанийн мэдээлснээр, Африкийн газрын тосны хамгийн их нөөцтэй Ливи улс газрын тосны олборлолтоо нэмэгдүүлж, өдөрт нэг сая баррель газрын тос олборлож байгаа аж. Иргэний дайны улмаас тус улсын эрчим хүчний салбар саяхныг хүртэл бүрэн зогсоод байсан юм.

ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүн импортлон хэрэглэдэг Монгол Улсын хувьд энэхүү ханшийн хэлбэлзэл нь гурван сарын хоцрогдолтой нөлөөлдөг. Эндээс харвал ирэх дөрвөн сард шатахууны үнэ өсөх төлөвтэй байна.

Эх сурвалж: REUTERS, TASS, BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж