2020-2024 онд хийгдэх зам тээврийн онцлох бүтээн байгуулалтууд

Хуучирсан мэдээ: 2020.11.10-нд нийтлэгдсэн

2020-2024 онд хийгдэх зам тээврийн онцлох бүтээн байгуулалтууд

2020-2024 онд хийгдэх зам тээврийн онцлох бүтээн байгуулалтууд

Зам тээврийн хөгжлийн яам 2020-2024 онд нийт 135 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр болжээ. Тодруулбал, харьяа яамнаас эдийн засгийн өсөлтийг хангах, экспортыг нэмэгдүүлэх зам тээврийн дэд бүтцийг өргөжүүлэх, агаарын тээврийн либералчлалыг хэрэгжүүлж нислэгийн тоо чиглэлийн нэмэгдүүлэн өрсөлдөөнийг дэмжиж орон нутгийн нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх аж. 

Үүний хүрээнд 786.9 км хатуу хучилттай авто замыг шинээр барихаас гадна, 373.4 км авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэн олон улс, улсын чанартай авто замын дагуу арван цэгт амрах талбай, үйчилгээний цогцолборыг байгуулах юм байна.

Ингээд 2020-2024 онд зам тээврийн салбарт хийгдэх онцлох бүтээн байгуулалтаас хүргэе.

АВТО ЗАМЫГ ӨРГӨТГӨН ШИНЭЧЛЭХ АЖЛУУД

Нэгдүгээр төсөл. Монгол Улсын хувьд Ази, Европийг холбосон олон улсын чанартай хоёр авто зам бий. Үүнд,  Азийн авто замын сүлжээний АН4 дугаартай авто зам  багтдаг бөгөөд  Цагааннуур –Улаанбайшинт чиглэлийн 25.8 км шороон хучилттай авто замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр  хатуу хучилттай болгох юм. Гүйцэтгэгч компаниуд нь шалгарсан бөгөөд ирэх хавар барилгын ажил эхэлнэ. Төсөл  2020-2022 он хүртэл үргэлжилнэ. 

Энэ ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийг тойрон гарах 18.62 км хатуу хучилттай авто замыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр  34.6 тэрбум төгрөгөөр 2020-2022 онд хийж гүйцэтгэнэ.

Транзит замуудыг төвлөрсөн суурин газруудаар дайран өнгөрүүлэх нь зорчигчдийн аюулгүй байдалд хамаатай  учраас Баян-Өлгий аймгийн Ховд гол дээгүүр 200 метр урт гүүр баригдах юм байна.

Дээрх бүтээн байгуулалт хийгдсэнээр АН4 дугаартай авто замаар дамжиж БНХАУ-аас ОХУ-руу авто замаар тээвэрлэлт хийх  бүрэн боломжтой болох юм. Эдийн засгийн хувьд ихээхэн үр өгөөжтэй төсөл болно хэмээн албаныхан үзэж буй.

Хоёрдугаар төсөл. Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто замыг өргөтгөн дөрвөн эгнээ болгох юм. Шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр нь 328 тэрбум төгрөг бөгөөд гадаад зээл, улсын төсөв, концессс  гэсэн гурван хувилбарын аль нэгээр санхүүжилтийг  шийдэх аж. Уг  төсөл 2022-2024 онд хэрэгжинэ. 

Гуравдугаар төсөл.  Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөл шинэчлэлт юм.  Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.3 авто замын шинэчлэлтэд Азийн хөгжлийн банкнаас 83 сая ам.доллар зарцуулсан бол Улаанбаатар-Дархан чиглэлийн  202.4 км авто замын өргөтгөлд Европын сэргээн босголтын хөгжлийн банкнаас /ЕСБХБ/  127 сая ам.доллар зарцуулах юм.

Аравдугаар сарын сүүлээр ЕСБХБ-ны  тендер зарлахад БНХАУ-ын дөрөв, Монголын нэг  компани шалгарсан. Одоогоор гэрээ байгуулах ажил хийгдэж байна.  Эхний ээлжийн компаниуд Монголд  ирээд кемпээ байгуулжээ. Уг төсөл  2020-2022 онд бүрэн хэрэгжиж дуусна.

Дөрөвдүгээр төсөл. Налайх-Баян чиглэлийн 58 км авто замыг өргөтгөж шинэчлэн дөрвөн эгнээ болгоно. Шаардлагатй төсөв нь 162.3  тэрбум төгрөг буюу 58 сая ам.доллар. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь хараахан шийдэгдээгүй байгаа бөгөөд уг төсөл   2022-2023 онд хэрэгжих аж. 

Дээрх дөрвөн том төслийг хэрэгжүүлснээр авто замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсад дэд бүтцийн өрсөлдөх чадвар сайжирч,дамжин өнгөрөх тээвэрлэлт өргөжин тэлэх  эерэг үр дүн гарна хэмээн албаныхан үзэж байна.

 АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

 Олон улсын нисэх буудлыг хөгжүүлэх:

  • Дорнод аймгийн “Чойбалсан”, Ховд аймаг, Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4C ангиллын болгох,
  • Хэнтий аймгийн “Өндөрхаан” нисэх буудлыг 3С ангиллын болгох,
  • Нисэхийн ажилчдын 600 айлын орон сууц барих төслийг эхлүүлнэ. 

Орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх:

  • Хөвсгөл аймгийн Хатгал нисэх буудлын зурвасыг сайжруулах, (2024 онд)
  • Хэнтий аймгийн Дадал сумын нисэх буудлыг шинэчлэн сайжруулах,
  • Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх,
  • Баянхонгор нисэх буудлын хөөрч буух зурвасыг хүчитгэх төслийг эхлүүлэх,
  • Баруун-Урт, Тосонцэнгэл, Булган, Ховдын Булган нисэх буудлын аэродромд их засвар, шинэчлэлт хийнэ. 

Агаарын харилцааны зохицуулалтыг сайжруулж, ОХУ, Япон Улс, БНХАУ зэрэг аяллын дугаар хуваан ашиглах зохицуулалтыг бүрдүүлнэ.  Малайз, Индонез, Филиппин болон Ази Номхон далайн орнууд, Европын холбоо зэрэг улсууд руу нислэгийн цэг, давтамжийг нэмэгдүүлэх аж. 

 ХИЛИЙН БООМТ, АЙМГИЙН ТӨВҮҮДИЙГ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР ХОЛБОХ ТӨСӨЛ

Хилийн боомт аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох төслийн хүрээнд Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км авто замыг  хатуу хучилттай болгох ажил үргэлжлэх юм.

Хөрөнгийн эх үүсвэрт шаардлагатай 23.6 тэрбум төгрөгийг   Монгол Улсын Засгийн газраас бус концессийн барих, шилжүүлэх нөхцөлөөр 2020-2022 онд хэрэгжүүлэхээр болжээ.  Барилгын ажил энэ оны есдүгээр сараас эхэлсэн байна. 

  • Өмнөговь аймгийн Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 478 км тусгай зориулалтын авто замыг үргэлжлүүлэн барина. Концессийн барих,ашиглах, шилжүүлэх нөхцөлөөр 1.422.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдсэн бөгөөд 2020-2023 онд хэрэгжүүлнэ.

Өмнөговь аймгийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км тусгай зорилулалтын авто замыг үргэлжлүүлэн барина. Концессийн барих, ашиглах, шилжүүлэх нөхцөлөөр  1.131.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдсэн бөгөөд  2020-2023  онд хэрэгжинэ.

  • Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Тавантолгой-Барууннаран чиглэлийн 32 км авто замын төгсгөлөөс Цагаандэл уул хилийн боомт хүртэлх 270 км тусгай зориулалтын авто замыг үргэлжлүүлэн барина. Концессийн барих ашиглах шилжүүлэх нөхцөлөөр  735.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдсэн бөгөөд  2020-2023 онд хэрэгжинэ.

Норовлин-Баян-Уул, Ульхан чиглэлийн 117 км хатуу хучилттай замыг улсын төсвийн 111.5 тэрбум төгрөгөөр 2022-2024 онд барьж дуусгана. Мөн Дорнод аймгийн Чойбалсан хотыг Хавиргын боомттой холбох 124.5 км хатуу хучилттай авто замыг барьж дуусгах бөгөөөд улсын төсвөөс 123 тэрбум төгрөг гаргахаар болжээ. Уг төсөл  2022-2024 онд  үргэлжлэх юм.

Дээрх төслийн хүрээнд экспорт нэмэгдэж, ялал жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ нэмэгдэх аж.

Э.БУРАМ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж