“NEWS” агентлаг 76:1 булангаараа үе үеийн парламентын гишүүдийг цагаан толгойн үсгийн дарааллаар танилцуулж ирсэн билээ. Тиймээс энэхүү булангаа эхлүүлж, шинэ парламентын гишүүдийг танилцуулж байна. Энэ удаагийн дугаарт, УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог болох Баянхонгор аймгаас УИХ-ын гишүүнээр томилогдсон А.Адъяасүрэнг онцоллоо.
2020 оны УИХ-ын сонгуулиар АН-аас 11 гишүүн сонгогдсоны нэг нь А.Адъяасүрэн. Тэрбээр Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн нэг. Анх жолооны курс ажиллуулж бизнесийн гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө нүүрс тээвэрлэдэг дөрвөн компанитай. Гэхдээ түүнийг "Номгон Санчир" группийн ерөнхий захирал гэдгээр нь илүүтэй мэддэг. "Оюутолгой" компанийн аюулгүй жолоодлогын сургалт хариуцсан анхны монгол компанийг тэр мөн хариуцдаг. Багш, сэтгэл зүйч мэргэжилтэй, А.Адъяасүрэн авто тээврийн салбарт 20 жилийн хугацаанд 50 гаруй мянган жолоочийг бэлтгэжээ.
Улс төрд сүүлд хөл тавьсан түүний хувьд хоёр жилийн өмнөөс Баянхонгор аймгийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр ажиллах болсноор УИХ-ын гишүүн болох замаа зассан гэж хэлж болно. Ерөнхийлөгч Х.Баттулгатай нутаг нэг хувьд зөвлөхөөр нь ажиллаж байгаад Их хуралд нэр дэвших квотоо олж авч, улмаар ялалт байгуулсан азтай эмэгтэй.
А.Адъяасүрэн гишүүн шинээр байгуулагдсан парламентын нээлтэд С.Ганбаатар гишүүнтэй тохой нийлүүлэн сууж, харц шидэлцсэн гэрэл зургууд нь түүнийг олны танил болгоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.
УИХ-ын будаг нь ханхалсан шинэхэн гишүүн маань парламентын эмэгтэйчүүд дундаа хэл аманд хамгийн их өртөж буй нэгэн. Түүнийг эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар нийслэлийн Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат өнгөрөгч аравдугаар сард олон нийтэд мэдээлсэн.
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн шалгагдахад хүрсэн асуудал нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд авто тээврийн газрын албан тушаалтанд 100,000 ам.долларын авлига өгсөн хэрэг.
Бүр тодруулбал, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын ачааны 680 автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулахын тулд А.Адъяасүрэн Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Габитаар дамжуулан энэ оны гуравдугаар сард Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд 100,000 ам.доллар өгсөн хэрэгт холбогдсон юм.
Улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.5-1 дэх хэсэгт заасан “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад эд зүйл өгсөн” гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол сонгуулийн өмнө гарсан гэдэг. Гэвч уг тогтоолтой тэрбээр танилцаж, гарын үсэг зурахгүй өдий хүрсэн талаар зарим хэвлэлүүд бичиж байв.
Харин өөрөө үгүйсгэж, “Сонгуулийн үеэр энэ асуудал улстөржилттэй холбогдож гарч ирж байсан. Миний хувьд хувийн хэвшилд ажиллаж байсан. Төрийн байгууллагын хүмүүсийн эрх мэдлийн төлөөх тэмцэл, ашиг сонирхол үргэлжилж байгаа гэж харж байна. Сонгууль дууссан юм чинь удахгүй үнэн тогтоогдох байлгүй. Хуулийн байгууллага надаас мэдүүлэг авсан зүйл байхгүй. Надад хуулийн байгууллагаас албан бичиг ирж байгаагүй” гэж мэдэгдсэн.
Мэдээж түүнд УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь хамгаалалт болж байгаа учраас дээрх хариултыг өгөх нь ойлгомжтой. Уг асуудал ирэх өдрүүдэд илүү тодорхой болох биз ээ.
Бизнесийн салбарт амжилттай ч гэлээ түүнийг улстөрч талаас дүгнэж хэлэхэд одоо эртэднэ. УИХ-аар хэлэлцэж буй асуудлыг дутуу дулимаг ойлгох, хаа нэгтээ үг хэлэхдээ гацаж түгдрэх гээд сандралаасаа салаагүй яваа түүнд сурах, суралцах зүйл их байна.
Үе үеийн парламентын гишүүд шинэ, хуучнаараа ялгарч бас хууль тогтоох байгууллагад хэн нь хэн бэ гэдгээ аяандаа харуулдаг. Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон А.Адъяасүрэн мөнгөний бодлогын хувьд ёстой "Цагаан толгой"-гүй нэгэн аж.
УИХ-аар Мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр тэрбээр “Баянхонгорын малчдын зээлийн төлөлтөд уян хатан хандаж, тусгайлсан мөнгөний бодлого хэрэгжүүлэхэд арилжааны банкуудад дэмжлэг үзүүлэх боломж байгаа юу" гэж асуусан нь жалга довны үзэл гаргав уу эсвэл банк, санхүүгийн ойлголтгүй нэгэн үү гэх дүгнэлт хийхэд хүргэсэн
Парламент бол бодлого ярьдаг, хууль боловсруулдаг газар. Тиймээс УИХ-ын гишүүд хууль, эрх зүй, санхүү, эдийн засгийн өргөн мэдлэгтэй байх ёстой. УИХ-ын индрээс цээжний бангаараа ярьдаг бус судалж, мэдэж, асуудлаа ойлгож байж ярих ёстой гэдгийг шинэхэн гишүүд ойлгож эхэлж буй биз ээ.
Үүний адил А.Адъяасүрэн гишүүн улс төрд хүчирхэг лидер байж чадах уу гэдгийг цаг хугацаа харуулна. Түүний намтар маш товчхон. 1996 онд МУБИС-ийг түүхийн багш, сэтгэл судлаач мэргэжлээр төгсөж, 1997 онд Монгол мэдлэгийн их сургуульд багшилж байжээ. Улмаар 2000 онд хувийн бизнесээ эхлүүлж, "Номгон Санчир" ХХК-ийг үүсгэн байгуулж өнөө хэр захирлаар нь ажиллаж байна.
А.АДЪЯАСҮРЭНГИЙН НАМТАР
- 1992 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын бүрэн дунд сургууль
- 1996 онд Монгол Улсын Багшийн Их Сургуулийг түүхийн багш, сэтгэл судлаач
- 1998 онд Түүхийн ухааны магистр
- 1996-1998 онд Монгол Улсын Багшийн Их Сургуульд багш
- 1997-2001 онд Монгол мэдлэгийн их сургуульд багш
- 2000-2020 онд “Номгон Санчир” ХХК-ийн захирал
- 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2019 онд Алтан гадас одон
- Англи, Орос
Холбоотой мэдээ