Дүүргийг удирдах Засаг дарга нарын хэн нь хэн бэ?  

Хуучирсан мэдээ: 2020.11.09-нд нийтлэгдсэн

Дүүргийг удирдах Засаг дарга нарын хэн нь хэн бэ?  

Дүүргийг удирдах Засаг дарга нарын хэн нь хэн бэ?  

Монгол Улсын хүн амын 50 хувь нь буюу 1.6 сая орчим иргэн амьдарч буй нийслэлийн есөн дүүргийн долоогийнх нь Засаг дарга тодорч, ажилдаа ороод байна. Тодруулбал, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Багануур, Налайх дүүргийн Засаг дарга нарыг хотын дарга батламжилсан бол Хан-Уул, Багахангай дүүргийн Засаг дарга нар хараахан тодроогүй байгаа юм. Ажлаа хүлээн авсан Засаг дарга нарын мэдээллийг хүргэе.


Баянгол дүүргийн Засаг даргаар Ө.Сумъяабаатарыг томилов

Баянгол дүүргийн Засаг даргаар Ө.Сумъяабаатар томилогдож, ажлаа хүлээн аваад байна.

Баянгол дүүргийн МАН-ын хороо тус дүүрэгт засаглахын тулд МАХН-аас нэр дэвшиж, ялсан Э.Магнайбаярыг намдаа урвуулж байж, олонх болов.

Баянгол дүүргийн ИТХ нь нийт 41 мандаттай. Энэхүү мандатын 20-ыг нь МАН , Ардчилсан нам МАХН-тай сонгуульд эвсэж ороод 19, ХҮН 2 суудлыг тус бүр авсан юм. Ардчилсан намыг ХҮН-тай эвсэн Баянгол дүүрэгт олонх болж, дахин засаглах боломжийг нь хаах зорилгоор МАН-ынхан Э.Магнайбаярыг намдаа оруулснаар санасандаа хүрсэн ч дөрвөн жилийн турш Засаглал нь тогтвортой байх магадлал бага. Учир нь нэг шарвасан хүн дахиад шарвахгүй гэх баталгаа үгүй.

Засаг даргаар томилогдсон Ө.Сумъяабаатарын хувьд улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 2001 онд Шинжлэх ухааны академийн Философи социологи эрхийн хүрээлэнгийн улс төр судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан болж, хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байжээ.

2005-2008 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Ерөнхий сайдын шадар туслах, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинжээч, 2014-2016 онд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” улсын үйлдвэрийн газрын захирал зэрэг албыг хашсан бол 2016-2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын захирал болж, дэвшсэн байна.

Харин 2019-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх болсон бол 2020 оны долдугаар сараас Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөхөөр ажиллах болжээ.

Тэрбээр Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/ИТХ/-ын төлөөлөгчөөр 2012, 2016 онд дараалан сонгогдсон бол 2020 оны НИТХ-ын сонгуульд Баянгол дүүргээс өрсөлдөж, ялалт байгуулснаар Засаг даргын суудалд суусан нь энэ юм.

Баянзүрх дүүргийн Засаг даргаар Н.Баярмөнхийг томилов

Зодоон цохион хийснээс цагдаад шалгагдаж байсан гэх дуулианд нэр холбогдож явсан Н.Баярмөнх Баянзүрх дүүргийг удирдахаар Засаг даргаар томилогдоод буй.

Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд дүүргээ төлөөлж, НИТХ-д, мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор тус, тус ажилласан байдаг юм.

“Газарчин” дээд сургуулийг хэл судлал мэргэжлээр төгссөн тэрбээр Удирдлагын академийг Бизнесийн удирдлагын менежер, мөн сургуулийн Төрийн удирдлагын магистрт тус, тус суралцжээ.

1992 онд Дархан хотын Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан аж.

2008 оноос МАН-ын Бага хурлын гишүүн болсноор орон нутгийн сонгуульд өрсөлдөн, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч болсон бол 2012 онд тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр, 2016 онд дүүргээсээ НИТХ-ын төлөөлөгчөөр тус, тус сонгогдон ажиллажээ.

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд дахин ялснаар Баянзүрх дүүргээс НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон төдийгүй давхар Баянзүрх дүүргийг удирдана.

Тэрбээр 2011-2012 онд Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч, 2016 онд Монгол наадам цогцолбор орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Х.Болормааг улираан томилов

Ардчиллын туг болж, ирэх дөрвөн жилд ажиллах дүүрэг бол Сүхбаатар юм. Сонгогчид Ардчилсан намаас нэр дэвшигчдэд итгэл хүлээлгэснээр хамгийн олон суудлыг авч, Засаг дарга Х.Болормаа нь ирэх дөрвөн жилд тус дүүргийг удирдахаар улиран томилогдоод байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас 26, МАН-аас тав, ХҮН-аас хоёр, бие даагч хоёр сонгогдож, нийт 35 төлөөлөгчийг бүрдүүлсэн юм. Ардчилсан намаас сонгогдсон 26 төлөөлөгчийн нэг нь Х.Болормаа.

Тэрбээр Техникийн их сургуулийг хүнсний технологич, Энэтхэг улсад Гадаад хэлний дээд сургууль,Удирдлагын академийг тус, тус төгссөн байна.

2012-2016 онд тус дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, 2016-2020 онд Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж байгаад улиран сонгогдсон юм.

Мөн 2013 оноос Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн, 2016 оноос Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, 2016 оноос Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга зэрэг албыг хашжээ.

Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Н.Батсүмбэрэлийг томилов

Чингэлтэй дүүргийн Засаг даргад өөр хүний нэр яригдаж байсан ч Н.Батсүмбэрэл зүтгэсээр тус дүүргийг удирдах болов.

Өнгөрсөн хавар тэрбээр УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхантай нийлж, Чингэлтэй дүүргийн Засаг даргыг огцруулан, өөрөө суудалд нь заларсан.

Түүх, нийгмийн ухааны багш мэргэжилтэй тэрбээр МАН-ын гишүүн болсноор 2006 оноос Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт, 2010 онд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, 2012 онд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, 2012-2013 онд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогчоор тус, тус ажилласан байна. Мөн 2008 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон бол 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан юм.

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар Н.Алтаншагайг томилов

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын хамгийн ойрын хүн гэгддэг Н.Алтаншагай 320 мянган хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар томилогдоод байна. Энэ дүүрэг ирэх дөрвөн жилд хөгжихгүй бол сөрөг хүчин болох Ардчилсан намаас эхлээд ХҮН-аас ам асуух хүн олон бий. Тиймээс нийслэлийн удирдлагууд тус дүүрэгт анхаарч, ажиллах шаардлага тулгарч буй.

Засаг дарга Н.Алтаншагай нь “Улаанбаатар эрдэм” их сургууль, Удирдлагын академийг Төрийн удирдлагаар, МУИС-ийг улс төр судлалаар тус, тус суралцаж төгсчээ.

2017-2018 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан түүнд нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга болох хаалга нээгдэж, улмаар 2020 онд НИТХ-ын сонгуульд өрсөлдсөнөөр ялалт байгуулж, давхар дээл өмсөн Засаг даргын суудалд залраад байна.

Багануур дүүргийн Засаг даргаар С.Даваасүрэнг томилов

Багануурчууд МАН-аас нэр дэвшсэн 25 хүнд итгэл үзүүлснээр дан ганц нам тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг бүрдүүлж буй бол Засаг даргаар С.Даваасүрэнг санал болгон, томилуулсан юм.

Тэрбээр Багануур дүүргийг төлөөлөн НИТХ-д мөн төлөөлөгчөөр сонгогдсон байдаг.

Цахилгааны инженер мэргэжилтэй тэрбээр Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас ажлын гараагаа эхэлж байсан бол 2008 оноос Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласаар иржээ.

Налайх дүүргийн Засаг даргаар Ч.Раднаабазарыг улираан томилов

Налайх дүүргийн Засаг даргаар Ч.Раднаабазар улиран сонгогдоод байна. Соёлын коллежийг соёлын ажилтан мэргэжлээр төгсч байсан тэрбээр Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн институтийг Бизнесийн удирдлагын менежер, Хөдөө аж ахуйн их сургуулийг Эдийн засгийн ухааны магистрт суралцан, төгсчээ.

Ажлын гараагаа 1993 онд Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Соёлын хэлтэст зохион байгуулагчаар эхлүүлж байсан бол 1996-2000 онд Хан-уул дүүргийн Соёлын ордны захирал, 2000-2002 онд Английн Вродфорд хотын Согонг фермид Борлуулалтын менежер, 2003-2006 онд Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд зохицуулагч зэрэг ажлыг хийж байгаад 2016 оноос Налайх дүүргийн Засаг даргаар томилогджээ.

Хан-Уул, Багахангай дүүргийн Засаг дарга томилогдоогүй байна.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж