Хуучирсан мэдээ: 2020.11.09-нд нийтлэгдсэн

МАН-ын нохой зодоон

МАН-ын нохой зодоон

УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа урьдын адил ялагдсан АН лидерээ тодруулах нэг зовлонд, ялсан МАН албан тушаалаа хуваарилах түмэн зовлонд унасан. Угаасаа ч 210 мянган гишүүн болгоныхоо амыг нь “тослох” боломжгүй хойно эрх мэдлийн хуваарилалтад сэтгэл дундуур, хоосон хоцорсондоо шаралхаж, хорсох хүн захаас аваад тоологдох ч биз. Албан тушаалаа булаацалдан зодолдох нь өнөөдөр ч Ардын намын бодит аюул болжээ. Эрх баригч намынхан эрх мэдлээ булаацалдаад эхлэхээрээ Ерөнхий сайдаа татан унагадаг, засгаа огцруулдаг гэмтэй.

МАН өдгөө дээгүүрээ хэдий нам жим байгаа ч дундаа бужигнаантай, доогуураа зодоонтой, М.Энхболдын туулсан замыг У.Хүрэлсүх тойрч чадахгүй нь тавилан бололтой. Учир нь, “Эрдэнэт”-ийг тойрсон дуулиан шуугиан үнэндээ Ардын намын тогоо ахиад хагарахын дохио гэсэн үг.

Иргэн Б.Цогтгэрэлийн хувийн ашиг сонирхлын зөрчил “Эрдэнэт”-ийн шилэн дансыг дэлгэж, олзуурхууштай нь, эрх баригчид хоорондоо “алалцах” тусам МАН-ын бузар далай болохыг иргэд мэдэж авч байна. Эцэст нь, Ц.Нямдоржийн хэлсэнчлэн “Эрдэнэт зуун хувь төрийн өмч болсноор ард түмэндээ очиж байгаа юм” биш болохыг, Н.Багабандийн “Титэм үг”-ээ шахах хэрэгсэл болж хувирсныг, Монгол Улсын зэсийн том үйлдвэрлэгч ялсан намын “саалийн үнээ” байсаар байгааг, ийм олон төрийн өмчит компани бийг, эцэст нь төр өмчтэй байх тусмаа гахай бүр илүү эрхтэй болохыг харсан биз.

Үндсэндээ, төмөр зам, эрчим хүч зэрэг төрийн өмчит компаниудын дансыг ухвал Цагаансуварга яагаад МАК-даа үлдэх хэрэгтэйг, Оюутолгойн 34 хувийг төр заавал худалдах ёстойг, Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр замыг түмэн цэргээр бариулах шаардлагагүйг, төр өмчтэй байхын сул талыг олон нийт ойлгох юм.

 “Эрдэнэт” үйлдвэр  Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч, хамгийн топ татвар төлөгч, хамгийн том ажил олгогч.  Өнгөрсөн 2019 онд тус үйлдвэр татварт 707 тэрбум төгрөг төлж, 8000 гаруй хүнийг ажлын байраар хангажээ. Тэр утгаараа “Эрдэнэт”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн оронд суух сонирхолтой хүмүүс МАН-д ганц нэгээр тогтохгүй байгаа нь үнэн. Гэвч, нэмэгдэхүүний байрлалыг өөрчиллөө гээд нийлбэр дүн хэзээ ч өөрчлөгддөггүй. "Эрдэнэт"-ийн ерөнхий захирлаар иргэн Б.Цогтгэрэл эсвэл Ж.Энхбаяр томилогдсон ч энэ асуудал цэгцрэхгүй нь харамсалтай нь үнэн.

Дарга нарын урамшуулал шагнал, тансаг хэрэглээний асуудал ганц Х.Бадамсүрэнг ирснээр илэрсэн гаж үзэгдэл биш. "Эрдэнэт" хоёр улсын хамтарсан компани байхдаа эрх баригчдын шахааны газар байсан, Ш.Батхүүгийн 110 сая ам.долларын барьцаа нь болж байв.

2014 онд тус үйлдвэрт таван сая /ширхэгээр/ бэлгэвч нэг бүрийг нь 1000 төгрөгөөр үнэлээд шахсан дуулианаас гадна Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж хүртэл хүү Н.Анхбаяртаа хоёр тэрбумын тендер авч өгснөө хээв нэг хүлээдэг шүү дээ. Товчхон дүгнэвэл "Эрдэнэт" бол ард түмний биш ялсан намын л өмч.

Шинэ Засгийн газраа бүрдүүлсний дараа У.Хүрэлсүх “Эрдэнэт”-ийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг “Оюутолгой”-н “Рио Тинто”-той хийх хэлэлцээрийн ширээг ахлуулах өөрчлөлт хийснээр МАН-ын нохой зодоон эхэлсэн гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, эрх баригчид “Эрдэнэт”-ийг булаацалдаж эхэлсний нотолгоо Ж.Батзандангийн өнгөрсөн аравдугаар сард хийсэн хэвлэлийн бага хурал байлаа. Тэрбээр "Эрдэнэт"-ийн 49 хувийг луйвардаж авахаар Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Я.Содбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Ж.Энхбаяр нараар ахлуулсан хулхи ажлын хэсэг ажиллаж эхэлсэн тухай мэдээлэл ШИНЭ намд ирлээ. МАНАН дэглэмийн эсрэг ажлыг зохион байгуулсан Л.Оюун-Эрдэнэ сайдыг энэ ажлын хэсгээс хөөж гаргасан мэдээлэл бидэнд ирж байгаа” гэсэн нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн үг биш болох нь мэдээж. Тэр хэн нэгний хэн нэгэнд зориулсан үгийг л дамжуулсан төдий.

Үүний дараахан Шадар сайд Я.Содбаатар хэвлэлд хандаж “Эрдэнэт”-ийн ажлын хэсэг Д.Эрдэнэбилэгтэй уулзаагүй” гэсэн тайлбарыг яаран хийсэн юм. Энэ бүхнээс харахад У.Хүрэлсүхийн засгийн эмзэг цэг нь аль талаас нь харсан “Эрдэнэт” үйлдвэр болжээ.  Үнэндээ "Эрдэнэт"-ээс хэн илүү том идэх тухай л хэрүүл эрх баригчдын дунд өрнөж байна.

Өнөөдөр Монголын төрийн өмчит 101 компани үйл ажиллагаа явуулдгаас 84 нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт, 12 нь “Эрдэнэс Монгол”-д, тав нь Сангийн яаманд харъяалагддаг. Тэд ДНБ-ийн 40 хувийг үйлдвэрлэдэг. Цаашдаа ч  хууль бусаар хувьчилсан өмчөө улс буцааж авна гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн. Тэгэхээр төрийн өмчийн тоо нэмэгдэж, мэдээлэлд ойр дарга нарын шахааны асуудал дуусахгүй гэсэн үг.

Ардын Засгийн газар  хоёр жилийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийг хувьцаат компани болгох шийдвэрийг гаргаж байсан юм. Өнөөдөр У.Хүрэлсүхийн шинэ засаг энэ ажлаа эрчимжүүлэхгүй бол “Эрдэнэт” үйлдвэрт “гахай бүр илүү эрхтэй” байсаар байна гэсэн үг.

Тэгэхээр төрийн өмчит 101 компанийн засаглалыг нээлттэй болгох, зөв бүтцэд оруулах, удирдаж байгаа менежментийн бүтцийг нь ил тод болгох, улс төрөөс хараат бус байлгах нь У.Хүрэлсүхийн засгийн хийх ёстой гол реформ болжээ.

Өнөөдрийнх шиг зуун хувь төрийн мэдлийн үйлдвэр хэвээр байвал Бурхан Будда “Эрдэнэт”-ийн ерөнхий захирлаар очлоо ч, идсэн, уусан гэх хэрүүл, хардлага, факт, баримт дуусахгүй. Үндсэндээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой”-г тойрсон улс төрийн хэрүүл, албан тушаалын булаацалдааныг зогсооё гэвэл олон улсын хөрөнгийн зах зээлд IPO-г нь гаргах, төрийн өмчит компаниудыг хувьцаат компани болгох, хувьчлах нь  хамгийн шилдэг менежмент болно. Гэхдээ хувьцаат компани болголоо гээд “Эрдэнэс Тавантолгой” шиг бүх иргэдэд хувь тараагаад өгчихнө гэсэн үг бас биш юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХахаХаха
20
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
10
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж