Өдгөө 74 настай Дональд Трамп эрх мэдлээ алдсан шигээ эхнэрээ ч алдаж магадгүй байдалд орсон хэмээн зарим эх сурвалжууд мэдэгдэж байна.
Их Британийн Metro, Daily Mail агентлагуудын мэдээлснээр тэргүүн хатагтай Меланиа Трампын зөвлөх байсан Омарожа Манигорт Ньюман “Меланиа Цагаан ордонг орхимогцоо салах өргөдөл өгөх нь одоо цаг хугацааны л асуудал болсон. Хатагтай Трамп нөхрөө Ерөнхийлөгч байхад нь салах ямар ч аргагүй байсан” хэмээн ярьжээ.
Мөн өөр нэг туслах асан Стефани Улковын хэлснээр Меланиа нөхрөөсөө салсны дараа хүү Барон нь аавынхаа хөрөнгөөс тэгш хүртэх эрхтэй байх талаар хөөцөлдөж байгаа гэнэ. Тэрбээр ноён, хатагтай Трампын харилцааг зөвхөн цаасан дээрх гэр бүл хэмээн тодорхойлоод, Цагаан ордонд тусдаа өрөөнд амьдардаг байсан хэмээжээ.
Түүнээс гадна сонгуулийн үр дүнгийн дараа Трампын гэр бүл бүгд өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, Трампын хүргэн Жаред Кушнер сонгуулийн үр дүнтэй эвлэрч, цаашид маргаан үүсгэхгүй байх нь зөв хэмээн үзсэн бол Трампын хөвгүүд болох Эрик, Дон Жр нар “Сонгуулийг луйвардсан байна” хэмээн хүчтэй эсэргүүцэж байгаа юм.
Мөн энэ бүхнээс өмнө 2016 онд Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад Меланиа аргаа баран нулимс дуслуулсан талаар Нью Йоркийн сэтгүүл мэдээлж байсан билээ. Тухайн үед Меланиагийн найзууд түүнийг нөхрөө ялаасай хэмээн хүсээгүй гэжээ.
Трампыг шүүмжлэгчид ч бас 2016 онд тэргүүн хатагтай нөхрөө Цагаан ордонд нүүж орсноос таван сарын дараа ирснийг онцолдог юм. Харин Меланиа тэр үед хүүгийнхээ сургуулийн асуудлыг цэгцлэхийн тулд таван сар болсон хэмээн тайлбарлаж байлаа.
Эх сурвалж: YONHAP
Холбоотой мэдээ