ЗГ-т сонордуулах нь: Уул уурхайн бодлогын зөвлөмжүүд | News.MN

ЗГ-т сонордуулах нь: Уул уурхайн бодлогын зөвлөмжүүд

ЗГ-т сонордуулах нь: Уул уурхайн бодлогын зөвлөмжүүд

ЗГ-т сонордуулах нь: Уул уурхайн бодлогын зөвлөмжүүд

2020 оны аравдугаар сарын 30-нд 18 дахь удаагийн Олон улсын хөрөнгө оруулалтын форум "Дисковер Монголиа 2020"-ыг Уул уурхайн үндэсний ассосиаци, Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам Монгол), Монголын бизнесийн зөвлөл хамтран амжилттай зохион байгуулсан бөгөөд бидний зүгээс УИХ болон Засгийн газарт уул уурхайн салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд дараах бодлогын зөвлөмжүүдийг санал болгож байна. Үүнд:

1. Хөрөнгө оруулалт, ашигт малтмалын тухай хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох замаар бизнесийн орчинг сайжруулж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх

  • Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх дунд болон урт хугацааны арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах.
  • Одоо байгаа хөрөнгө оруулагчдаа дэмжих, тэдний амжилтуудыг нийтэд таниулан, сурталчлах. Шинэ хөрөнгө оруулалтыг татах нь чухал ч гэсэн одоогийн хөрөнгө оруулагчдын болон бизнесүүдийн амжилтын түүхүүд нь бүр илүү чухал.
  • Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль зэрэг салбарын хуулиудад нэн тэргүүнд нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж хуулийн ойлгомжгүй байдал, давхцал, хийдлүүдийг арилгаж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох.
  • Хөрөнгө оруулагчдад зөвхөн улс төрийн болон хууль эрхзүйн орчны тогтвортой байдлыг бий болгохоос гадна хөрөнгө оруулах сэдлүүдийг төрүүлэх,
  • Хөрөнгө оруулагчид, олборлогчид болон орон нутгийн иргэд, засаг захиргааны харилцааг хууль, эрх зүйн бичиг баримтад тодорхой тусгах, ойлгомжтой болгох, уул уурхайн орлогын хуваарилалтыг орон нутагт нээлттэй, эрх тэгш олгох хууль, журмуудыг хэрэгжүүлэх. Ингэснээр орон нутгийн захиргаа, иргэдтэй холбоотойгоор үүсч байгаа хүндрэлүүдийг шийдэх суурь бүрдэнэ.
  • Уул уурхайн хайгуулын лицензийг ил тод, дуудлага худалдаагаар хариуцлагатай аж ахуйн нэгжүүдэд шуурхай олгодог болох эрх зүйн орчинг яаралтай бий болгож цар тахлын улмаас хүндрэлд ороод буй эдийн засгийг дэмжих.
  • Хайгуулын тусгай зөвшөөрлийн жилийн хураамж ба хайгуулын ажлын шаардлагыг олон улсын жишигт нийцүүлэх. Ингэснээр “лицензийн наймаа” хийх боломжийг багасгах ба улсын тѳсѳвт хайгуулын салбараас оруулах татвар, хураамжийг нэмэгдүүлнэ.
  • Хөрөнгө оруулагчид төрийн хэд хэдэн байгууллагуудтай харилцаж байгаа нь тодорхой бус байдал, хүнд суртал, хүндрэлийг бий болгож байгаа тул төрийн холбогдох байгууллагууд нэгдсэн нэг цонхоор үйлчилдэг болох эрх зүйн орчинг бий болгох.

2. Хувийн хэвшилд тулгуурласан нээлттэй, өрсөлдөх чадвар бүхий хариуцлагатай уул уурхайн салбараар дамжуулан эдийн засгийн хөгжлийг дэмжих

  • Хэрэв цар тахлын нѳхцѳл байдал дотоодод хүндэрсэн тохиолдолд засгийн газар болон компаниуд хэрхэн хамтарч ажиллаж, Монгол улсын эдийн засгийг эрсдэлд оруулахгүй байх “Бэлэн байдлын болон хариу арга хэмжээ авах” төлөвлѳгөөг хамтран боловсруулж УОК болон холбогдох байгууллагуудтай нэгдсэн ойлголтод хүрэх.
  • Автозам, төмөр зам, эрчим хүч, ус болон цахилгаан холбооны сүлжээ зэрэг дэд бүтцийн замын зургийг боловсруулах.
  • Эдийн засгийг төрөлжүүлэхэд уул уурхайн салбарыг гол хөшүүрэг болгон ашиглаж, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах.
  • Монголын эдийн засагт төрийн өмчийн компаниудын оролцоо хэтэрхий их нэмэгдэж байгаа явдалд анхаарлаа хандуулж, хувийн хэвшилд тулгуурласан эдийн засаг болон компанийн сайн засаглалыг сурталчлах.

3. Бодлого, зохицуулалтын орчинд хамтран ажиллаж, үр дүнтэй бодлого зохицуулалтыг бий болгох

  • Бодлого, зохицуулалтын орчны талаар төр, хувийн хэвшил хооронд тогтмол бөгөөд үр дүнтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах. АмЧам Монгол, Монголын Бизнесийн Зөвлөл, Уул Уурхайн Үндэсний Ассосиаци зэрэг хувийн хэвшлийн төлөөлөл УУХҮЯ болон бусад холбогдох төрийн байгууллагуудтай сар бүр уулзалт хийж мэдээлэл солилцох, бодлого, шинэ хууль болон хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн ажлын хэсэгт хамтран ажиллах, санал, хувь нэмрээ бодитойгоор оруулах боломжийг бий болгох.
  • Бодлого, зохицуулалтын өөрчлөлтийг Улсын Их Хуралд өргөн барихаас өмнө төрийн байгууллагуудын холбогдох институцүүд төр ба хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтаас гарсан санал зөвлөмжийг сайтар хянан үзэж, шаардлагатай бол тусгах хангалттай цаг хугацаа, нөөц бололцоог бүрдүүлэх.
  • Гол оролцогч талуудтай Төрөөс эрдэс баялгийн салбарт 2014-2025 онд баримтлах бодлогыг дахин хянаж, шаардлагатай бол засах, шинэчлэх.
  • Бүх оролцогч талуудын ил тод байдал болон оролцоог хангахын тулд “стратегийн орд” гэсэн ойлголтыг эргэн харах
  • Хѳрѳнгѳ оруулалтын хуулийн хэрэгжилтийг бодитойгоор хангах. Тухайлбал, хуулинд заасан хөнгөлөлтийг эдлэх боломжийг бүрдүүлэх, гааль, татвар зэрэг төрийн байгууллагууд нэгдсэн бодлогоор ажиллах.

4. Уул уурхайн салбар дахь олон нийтийн оролцоо, талуудын ойлголт ба хүлээлт

  • Нийгэмд нэгдсэн ойлголт бий болгохын тулд төр, хувийн хэвшил хамтарсан холбоо харилцаа, мэдээллийн аянг зохион байгуулах. Манай гишүүд өөрсдийн сайн туршлага, амжилтын түүхээсээ хуваалцаж болно.
  • Хариуцлагатай уул уурхайг хариуцлагагүй уул уурхай эрхлэгчдээс ялган салгаж ойлгох, хариуцлагатай уул уурхайн компаниудыг татварын бодлогоор урамшуулах, уул уурхайн салбарт олон улсын стандартуудыг нэвтрүүлэх хэрэгтэй.
  • Уул уурхайн орлогын хуваарилалтыг ил тод нээлттэйгээр орон нутгийн иргэдэд мэдээллэдэг байх замаар уул уурхайн ашиг тусыг иргэдэд ойлгуулах. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу роялтын тодорхой хувийг сумын болон тухайн орон нутгийн оршин суугчдад шууд хуваарилдаг байх.
  • Ашигт малтмалын тухай хуулийн 42.1 дэх заалтын хэрэгжилтийг хянаж, шаардлагатай өөрчлөлт, зохицуулалтыг хийх, ялангуяа Засгийн газраас баталсан нутгийн захиргаатай байгуулах гэрээ хэлэлцээрийн эх хувийг өөрчлөн шинэчлэх.
  • Орон нутгийн захиргааны байгууллагуудын уул уурхайн компаниудтай хамтран ажиллах чадавхийг бэхжүүлэх.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-11-09 202.126.90.68

Ашигт малтмалын тухай хууль 42.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж