Эмнэлгийн тусламж, үйлчилгээг орон нутагт сайжруулах, Covid-19 цар тахлын үед эмч, мэргэжилтнүүдийг халдвар хамгаалал, ажиллах орчинг сайжруулах, Алтанбулаг боомтод үүсээд буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица болон холбогдох албаныхан Сэлэнгэ аймагт ажиллалаа.
ЗӨСҮТ-д халдвар хамгааллыг сайжруулах зорилгоор Био аюулгүй байдлыг гуравдугаар зэрэглэлийн лабораторыг байршууллаа
Covid-19 цар тахлын эрсдэл нэмэгдэж буй энэ цаг үед УОК болон ЭМЯ-аас хилийн боомтуудад ихээхэн анхаарлаа хандуулан ажиллаж байгаа билээ. ЭМЯ-аас халдварын эрсдэл өндөр Цагааннуур, Боршоо боомтуудыг түр хугацаанд хаах саналыг УОК-д хүргүүлсэн. Улмаар УОК-оос дээрх боомтуудыг түр хугацаанд хааж, халдвар хамгааллыг өндөржүүлээд байна. Энэ удаад эрсдэл хамгийн өндөр, асуудал үүсээд буй Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтод онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдаанд УОК-ын гишүүд болох ЗТХ-ийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЦЕГ-ын Дэд дарга Ж.Амгалан, МХЕГ-ын дэд дарга Энхсайхан, Сэлэнгэ аймгийн онцгой комиссын гишүүд болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч, ЭМЯ-ны удирдлагууд, МХАҮТ-ын төлөөлөл болон холбогдох албаныхан оролцлоо.
Өргөтгөсөн хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “ОХУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар манай улсад хамгийн өндөр зэрэглэлийн гэгддэг явуулын гуравдугаар зэрэглэлийн лабораторыг илгээсэн. Тус явуулын лаборатор нь камаз авто машинд суурилагдсан, иж бүрэн тоноглогдсон бөгөөд өнөөдөр ЗӨСҮТ-д хүлээлгэн өглөө. Тус явуулын лаборатор нь Алтанбулагийн боомтод байршиж ажиллана. Ингэснээр алслагдасан хил залгаа боомтуудад тандалтын судалгаа, шинжилгээ хийх боломж бүрдэж байгаа юм. Одоо дэлхий нийтэд цар тахлын хоёр дахь давлагаа эрчимтэй тархаж, улмаар манай хөрш ОХУ-ын Хиагт, Наушки зэрэг суурингуудад батлагдсан тохиолдол нэмэгдэж байгаа нь ийнхүү нөхцөл байдлыг өөрчлөхөд хүргээд байна. Сүүлийн 10 хоногт 9 ачаа тээврийн жолоочоос коронавирусын халдвар илэрлээ. Одоо бид халварын бүсэд ажиллаж буй мэргэжилтнүүддээ, хилтэй ойрхон оршиж буй 5000 гаруй суурин айлуудад анхаарал хандуулж, урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах шаардлагатай байна. Тиймээс хамгаалалтын хувцас, хэрэгслийг илүү сайжруулах, хүйтний улиралд зузаан хувцасныхааа гадуур өмсөхөд хялбар болгох, сорьцын шинжилгээг Сэлэнгэ аймагтаа шуурхай хийж, цаг алдалгүй гаргах нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр тус аймагт ажиллаж байна” хэмээн танилцууллаа.
Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанаар Алтанбулагийн боотыг түр хугацаанд хаах саналыг УОК-д хүргүүлж, улмаар зайлшгүй шаардлагатай ачаа тээврийг төмөр замаар дамжуулан авах зохион байгуулалтын саналаа аймгийн онцгой комиссоос УОК-д хүргүүлэхээр болов. УОК-ын шийдвэрийг ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэх юм.
Сэлэнгэ аймагт шинээр байгуулсан PCR шинжилгээний лаборатор 24 цагийн турш шуурхай ажиллаж байна
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаныхан Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллалаа. Энэ үеэрээ Эрүүл мэндийн газрын эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж санал бодлыг нь сонсох, шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангах асуудлыг шуурхай шийдвэрлэх, эрсдэлтэй цаг үед сайн ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг шагналаа. Мөн ЭМЯ-аас Сэлэнгэ аймагт шинээр Молекул Биологийн лабораторыг өнгөрсөн аравдугаар сарын 10-нд ашиглалтад оруулсан. Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд шинээр ашиглалтад орсон лабораторын үйл ажиллагааны явцтай танилцаж, эмч, мэргэжилтнүүдтэй уулзлаа. Тус лаборатор 24 цагийн турш PCR болон Gene expert шинжилгээг хилээр нэвтэрсэн ачаа тээврийн жолооч нарт шуурхай цаг алдагүй хийж байна.
Ашиглалтад орсноосоо хойш 800 гаруй хүнд Covid-19-ын шинжилгээ хийжээ. Өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газраас ачаа тээврийн жолооч нарын шинжилгээг Дархан хот руу явуулж хариуг нь авдаг байсан. Өдөр бүр Улаанбаатар хот руу эргэлзээтэй сорьц, халдвартай хүн тээвэрлэхэд 1-2 хоног зарцуулж, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл их, хүний нөөц хүрэлцэхгүй байх, санхүүгийн хувьд хүндрэлтэй байсан. Өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ аймгаас Дархан хотын лаборатор руу 4456 жолоочийн шинжилгээг явуулснаас 17 нь эерэг гарсан. Шинжилгээний хариуг хүргэж өгөх, авахад дунджаар 2-3 хоног зарцуулдаг байв. Ингэснээр цаг их алдах, зардал өндөр, хариугаа хүлээх хооронд халдвар тархах эсрдэл өндөр байсан. Ийнхүү ЭМЯ, Эрүүл мэндийн сайдын санаачлага, дэмжлэгтэйгээр бид аймагтаа Молекул биологийн лаборатортой болж, цаг алдалгүй коронавирусээс урьдчилан сэргийлж байна гэж Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од албаныханд танилцууллаа. Цар тахлын үед Сэлэнгэ аймагт энэ төрлийн лаборатор ашиглалтад орсоноор вирус судлалын түвшинд том ахиц гарч байгаа юм. Түүнчлэн Улаанбаатар хот руу халдвартай хүний шинжилгээг баталгаажуулахаар явуулаад байх шаардлагагүй болжээ.
Мөн ЭМЯ-аас Сэлэнгэ аймагт “Хамар, амны залгиураас сорьц авах” зориулалтын хоёр кабиныг хүлээлгэн өглөө. Нэг кабиныг нь Алтанбулаг шалган нэвтрүүлэх бүсэд, нөгөөг нь Эрүүл мэндийн газрын гадна талд байршууллаа.
Алтанбулаг боомтын эрсдэлтэй орчинд ажиллаж буй ЗӨСҮТ-ийн ажилчдын тоог нэмэгдүүлэх, ажиллах орчин, боломжийг сайжруулахаар болов
Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Эрүүл мэндийн сайд болон холбогдох албаныхан Алтанбулаг боомтод ажиллаж буй ЗӨСҮТ-ийн салбар дээр ажиллав. Алтанбулаг боомтод халдвар хамгааллыг цаг наргүй хийж буй мэргэжилтнүүдийн орон тоог нэмэх, хувцас хэрэглэлийг сайжруулах, холбогдох асуудлыг Эрүүл мэндийн сайд шийдвэрлэхээр боллоо. Уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “цар тахлын үед хариуцлагатай ажиллаж буй аймгийн Эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилтнууд, халдвар хамгааллын эрсдэлтэй орчинд ажиллаж буй мэргэжилтнүүддээ талархаснаа илэрхийлж, ЭМЯ-аас бүх талын дэмжлэгийг үзүүлэхэд анхаарч ажиллаж байгаа” гээд сайн ажилласан ЗӨСҮТ-ийн биологич Г.Отгонсүрэн, лаборант Д.Номин нарыг ЭМЯ-ын жуух бичгээр шагналаа.
Сэлэнгэ аймагт урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэг,оношилгооны “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулахаар болов
Эрүүл мэндийн сайд Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт ажиллах үеэрээ эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд аймгийн иргэд Улаанбаатар хот руу зорьж компьютер, томографийн шинжилгээнд ордог байсан. Тэгвэл ирэх жилээс эхлэн иргэд аймагтаа цаг алдалгүй, шуурхай Компьютер, Томографийн шинжилгээндээ ордог болохоор болов. Сайдын бодлогод нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэл болгосон.
Энэ хүрээнд Сэлэнгэ аймагт “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг байгуулахаар боллоо. Ингэснээр тус аймгийн ард, иргэд жилдээ нэг удаа бүтэн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагдах, эрт илрүүлэх боломжоор хангагдах юм. Тус дэмжих төв нь 1.5-2 тэрбум төгрөгийн өртөг бүхий иж бүрэн тохижилт, тоног төхөөрөмж гээд шаардлагатай бүх талын тоноглолоор бүрэн хангагдах юм байна. Түүнчлэн ЭМЯ-аас тус аймгийн найман суманд нэн хэрэгцээтэй байгаа зөөврийн ЭХО аппарат, аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын CRM аппарат, зөөврийн буюу хөдөө түргэн, дуудлаганд ашигладаг унтуулгын аппарат, Алтанбулаг сумын ЭМТ-д лабораторын шинжилгээний аппарат, Сайхан сумын Хөтөл сум дундын эмнэлэгт зөөврийн дижитал рентген аппаратуудыг шуурхай шийдвэрлэж өгөхөөр боллоо. Ковид-19 цар тахлын үед ачаалал өндөртэй ажиллаж байгаа хэмээн аймгийн Эрүүл мэндийн газарт шинэ авто машиныг гардуулан өглөө.
Эрсдэлтэй цаг үед сайн ажилласан их эмч И.Ундармаа, Лабораторын эмч Б.Элбэгзаяа, жолооч Ү.Ганхуяг, Д.Бат, сувилагч Н.Цэцэгмаа, бага эмч А.Энхжаргал нарыг “Эрүүлийг хамгаалах тэргүүний ажилтан”-аар, Их эмч Б.Төртогтох, С.Эрдэнэтуяа, Лаборант Б.Баярцэцэг, Ж.Энхтуяа, бага эмч Г.Энхчимэг, үйлчилгээний ажилтан Л.Одонгэрэл, бага эмч Д.Хүслэн, их эмч Б.Бат-Эрдэнэ нарыг ЭМЯ-ны жуух бичгээр шагнаж, ажлын амжилтыг хүслээ.
Холбоотой мэдээ