Covid-19 халдварын батлагдсан тохиолдол өнөөдрийн /2020.11.09/ байдлаар дэлхий дахинд 50 саяд хүрлээ. Үүний 20 хувь буюу 10 сая орчим нь зөвхөн АНУ-д бүртгэгдээд байна. Тус улсад сүүлийн дөрвөн хоногийн турш нэг өдөрт 100 мянгаас дээш тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал эхэлснээс хойш дэлхийн аль ч улсад байгаагүй хамгийн муу үзүүлэлт болж байна.
Харин энэ өвчний улмаас нас барсан хүний тоо дэлхий даяар 1,2 сая болсон бол эдгэрсэн хүний тоо 35 сая болжээ. Батлагдсан тохиолдлын тоогоор Энэтхэг улс хоёрдугаарт жагсаж байгаа ба тус улсад нийт 8,5 сая хүн Covid-19 өвчний халдвар авсан байна. Гуравдугаарm 5,6 сая хүн өвчлөөд буй Бразил, дөрөвдүгээрт 1,8 сая хүн халдвар авсан Франц, тавдугаарт 1,7 сая тохиолдолтой ОХУ улсууд жагсаж байна.
Covid-19 халдварт өвчнийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага энэ оны гуравдугаар сарын 11-ний өдөр “цар тахал”-ын хэмжээнд хүрснийг зарлаж байсан ба өдгөө дэлхийд нэг сая хүн тутмын 6,508 нь уг халдварыг аваад байна. Мөн нэг сая хүн тутмын 161 нь уг өвчний улмаас хорвоог орхижээ. Дэлхийд хамгийн анхны тохиолдол арванхоёрдугаар сүүлээр Хятадын Хубэй мужийн Ухань хотод бүртгэгдсэн билээ.
Эх сурвалж: WORLDOMETERS
Холбоотой мэдээ