"Төрийн компаниуд ашигтай ажиллах нь ашиггүйгээсээ илүү эрсдэл үүрдэг"

Хуучирсан мэдээ: 2020.11.09-нд нийтлэгдсэн

"Төрийн компаниуд ашигтай ажиллах нь ашиггүйгээсээ илүү эрсдэл үүрдэг"

"Төрийн компаниуд ашигтай ажиллах нь ашиггүйгээсээ илүү эрсдэл үүрдэг"

“Ярилцах танхим”-даа Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газрын Удирдлага зохицуулалтын хэлтсийн  дарга Ц.Баяр-Эрдэнийг  урьж, ярилцлаа.


-Төр өмчтэй ч юм шиг, өмчгүй ч юм шиг харагдах мөртөө төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө мөнгөөр туйлдаг, алдагдлаас айхаа больсон дүр зургууд нийгэмд таалагдахгүй байгаа. Үүний шалтгаан нь хууль, эрх зүйн орчин уу?

-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг  бүхий  нийгмийн харилцааг өөрчилж, улсын өмчийг хувьд шилжүүлснээс хойш 24 жил өнгөрчээ. Тэр он жилүүдэд  хуулийн хүрээнд гэхээс  илүүтэй  нийгмийн шаардлагаар төрийн өмчийг яаралтай хувьд гаргах, хувьчлах асуудлыг шийдэх  явдал байсан. Юун хууль, эрх зүйн орчин. Нөхцөл байдал ийм байсан тул өмчийн харилцааг зөв зохистой зохицуулж чадаагүй хэрэг. Орхигдсон, эргэж харах асуудал өнөөдөр ч гарсаар байна. Тухайлбал, Төрийн өмчит үйлдвэрийн газрын тухай ойлголт түүнтэй холбоотой зүйл заалт Компанийн тухай хуульд  байдаггүй. Зөвхөн компанийг дотор нь ХК, ХХК, нөхөрлөл, хоршоо гэсэн хэлбэртэй байхаар хуульчилсан. Тэр байтугай Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль маань эдүгээ орчин цагийн шаардлагад нийцэхээ больж, эрх зүйн орчин нь хоцрогдон, үндсэндээ хэрэгжих аргагүй болоод байна. Гэхдээ цаг үеийн шаардлага, хэрэгцээг хуульд нийцүүлэн тухайн зүйл, заалтыг өөрчилж сайжруулсаар ирснийг энд онцлох нь зөв байх. Зөвхөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд гэхэд л 30 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байх жишээний. Өнөөдрийн байдлаар 200 гаруй заалт өөрчлөгдсөн байна. Тэр хэрээр хуулийн үндсэн агуулга нь алдагдсан гэсэн үг.

Өмч хувьчлалын асуудал цаг үргэлж хэл ам дагуулдгийн учрыг та сая тайлбарлалаа. Нэн даруй хууль, эрх зүйн орчныг шинэчлэх ёстой юм байна?

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль нь өөрөө төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг бүхий нийгэм задрах үеийн тусгал учраас нэлээд задгай шинжтэй гэж хэлж болно. Тухайлбал, орон нутгийн өмчийн зохицуулалтуудыг төрийн өмчийн харилцааг зохицуулж буй жишгээр явна гээд орхисон байх жишээний. Гэвч амьдрал дээр хуулийн эл заалтаар зохицуулах боломжгүй асуудлууд гарсаар байгаа. Учир иймд гаднын улс орнуудын өмчийн харилцааг ихээхэн сонирхон судлахад асуудлыг хамгийн зөвөөр шийдсэн орон бол АНУ.

Харин манайд АНУ-ын жишгээр явах боломжгүй. Өнөөдөр хэрэгжиж буй хуулиар Баян-Өлгий аймаг нүүрс, зэсийн хэд хэдэн уурхай нээж аваад бие даах сонирхолтой  болохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр орон нутаг хязгаарлагдсан эрх мэдлийн хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх учиртай. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өмчийн эзэн биш удирдлага нь тодорхой эрх мэдлийн хүрээнд менежмент хийнэ гэсэн үг. Тэгэхээр орон нутгийн өмч, төрийн өмч хоёрыг төр бүхэлд нь хянадаг, удирддаг төвлөрсөн удирдлагын системээр хангадаг тогтолцоотой байх ёстой.

-Төрийн өмчит компаниудын ихэнх нь яамдын мэдэлд байна. Хуулийн эл гажуудал төрийн өмчит үйлдвэрийн газрыг улс төрийн хүчний саалийн үнээ болгож хувирсан жишээг та бид мэднэ. Үүнийг засч залруулах нь та бүхний үүрэг. Төрийн өмчийн хорооны бодлого, зохицуулалтын газрын шинэ удирдлагууд ажлаа юунаас эхэлж байна вэ?    

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмчит компаниуд, төрийн өмчийн оролцоотой компаниудын эрх мэдлийг Төрийн өмчийн хороо зохицуулна гэж заасан байсан өмнө нь. Харин 2014 оны нэмэлт, өөрчлөлтөөр төрийн өмчийн компанийн хувьцаа эзэмших эрхийг Засгийн газар тогтооно гэсэн заалтыг оруулж өгсөн. Засгийн газар төрийн өмчит компанийн хувьцаа эзэмших эрхийг хуульд оруулсан  нэмэлт, өөрчлөлтөөр Сангийн яам 34 хувийг,  Уул уурхай яам 20 хувийг, Хөдөө аж ахуйн яам төдөн хувийг гэх мэтчилэн ерөнхийдөө компаниудаа хуваан хувь хэмжээг нь тогтоосон. Үүний цаана улстөрчдийн эрх мэдэлтэй байх гэсэн хувийн эрх ашиг нэн тэргүүнд тавигдсан нь харагдаж байгаа биз. Тодруулж хэлбэл, 2014 оны нэмэлт, өөрчлөлт төрийн өмчит компанийн эзэн нь УИХ, Засгийн газар юм аа гээд хуульчлаад өгч. Гаднын судлаачид төрийн эрх мэдлээ хуваалцаж буй манай тогтолцоог маш буруу заалт хэмээн шүүмжлэх нь бий. Засгийн газар нэг бол өөрөө хэрэгжүүлэх, үгүй бол мэргэжлийн байгууллагад эрх мэдлийг нь өгөх ёстой. Хуульд “Төрийн өмчит компанийн хувьцаа эзэмших эрхийг Төрийн өмчийн хороо хэрэгжүүлнэ” гэж заасан байгаа. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тухайд хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Тодруулж хэлбэл, найман яамны Төрийн нарийн бичгийн дарга, дээр нь манай байгууллагын газрын даргатай нийлээд хамтын шийдвэр гаргана гэсэн үг. Тэгэхээр манайх төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага. Харин төрийн өмчит компанийн тухайд Хувьцаа эзэмшигчдийн хурал нь хамтын шийдвэр гаргана. Компанийн тухай хуульд төр хувьцаа эзэмшигч нь юм бол хувьцаа эзэмшигчийн эрх нь төр өөрөө гэж маш тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл, төр цорын ганц хувьцаа эзэмшигч юм чинь хамтын шийдвэр гаргадаг бүтэц дээрээ алдаа, оноогоо ярих учиртай. Яамны тухайд сайд нь улс төрийн албан тушаалтан. Тэгэхээр сайд тусдаа субьект. Харин яам бол сайдын ажлыг хийдэг аппарат юм. Сайд улс төрийн шийдвэр гаргадаг учраас тухайн яамыг Төрийн нарийн бичгийн дарга нь төлөөлдөг. Иймд аливаа баримт бичиг дээр Эрчим хүчний сайд гэхээс биш Эрчим хүчний яамны сайд гэж бичдэггүй юм аа. Гэтэл одоогийн хэрэгжиж буй хуульд сайд шууд хувьцаа эзэмшигчийн эрхийг эдлээд явж байна. Хуульд зааснаар бол сайдад ийм эрх байхгүй. Энэ тухай нэг үг, өгүүлбэр ч бичигдээгүй. Шүүх талаас нь яривал энэ бол байж болохгүй тогтолцоо. Асуудал гарвал маш их маргаан дагуулах сэдэв. Холдинг маягийн компани захиргааны байгууллага байгаад л хэргийн учир оршиж буй. Жишээлбэл, “Эрдэнэс Монгол”-ын үйл ажиллагаа холдинг маягаар явж байгаа шүү дээ.

-Холдинг гэхээр олон аж ахуйн нэгжийн нэгдэл гэж ойлгодог?  

-Тийм. Өмнөд Солонгосын Засгийн газар "SAMSUNG"-ийн 10 хувийг эзэмшдэг. Хамгийн том хувьцаа эзэмшигч гэж ойлгож болно. "Samsung"-ийн гүйцэтгэх захирал хэн байх вэ гэдгийг Засгийн газрынхаа оролцоотойгоор шийддэг. “Korea Telecom” ч гэсэн ялгаагүй. Монгол Улсын тухайд "Эрдэнэс Монгол"-ыг нэрлэж болно. Хамгийн том хувьцаа эзэмшигч нь Засгийн газар. Харамсалтай нь өнөөдөр "Эрдэнэс Монгол" холдингийн үүрэг гүйцэтгэж байгаа юу гэвэл үгүй.

-Төрийн өмчит компаниудын зовлон нь ашигтай ажиллах явдал гэсэн. Захиран зарцуулах эрх нь хязгаарлагдмал байдаг учраас ашгийн төлөө ажиллах захирал цөөн. Энэ асуудал Та бүхний өргөн барих хуулийн төсөлд хэрхэн тусч байгаа вэ?

-Хувь, хувьсгалын аж ахуйн байгууллагын нэн тэргүүнд тавьдаг зүйл бол удирдлагууд нь тогтвортой ажиллах явдал. Үүний араас ашигтай ажилласан тохиолдолд урамшууллын системийн асуудал яригддаг. Эцэст нь хөгжлийн хэтийн төлөвлөгөө, түүнд зориулсан хөрөнгө оруулалт. Ингэж байж компани хөгждөг юм байна, үйл ажиллагаа нь тогтвортой болдог юм байна. Ер нь хөгжлийн хэтийн төлөвлөгөөгүй, 10 жилээс цааших дүр зураг нь харагдахгүй бол тэр компани компани биш. Өнөөдрийн нөхцөл байдлаар гайгүй ажиллаж байгаа нь ашиггүй ажиллаж байгаагаасаа ч илүү эрсдэл үүрдэг. Тэр эрсдэл нь улс төр. Гайгүй ашигтай ажиллаад ирэхээр нь би очьё гээд бужигнуулж орхидог. Асуудал ердөө энэ. Энэ бүхэн зөвхөн Монголын зовлон биш дэлхийнх. Ашигтай ажиллуулж байгаа хүнд, багт нь үргэлжлүүлэн ажиллах хууль, эрх зүйн орчныг  бий болгож өгөх ёстой. Нэг ёсондоо хуульчилж өгнө гэсэн үг.

Хуулийн төсөлд төрийн өмчит компанийн эрх бүхий бүх албан тушаалтнуудыг сонгон шалгаруулдаг байх заалтыг тусгаж өгсөн. Өнөөдөр хэрэгжиж буй хуульд сонгон шалгаруулалт гэсэн заалт байхгүй мөртөө тухайн салбарт ажиллаж байсан ажлын туршлага, удирдах албан тушаал хашиж  байсан, ял шийтгэлгүй байх ёстой гэх мэт заалтууд бий.

-Хуулийн төсөлд Улсын үйлдвэрийн газар, төсөвт байгууллага, компанийн ялгааг нэгбүрчлэн тусгаж өгөх үү?

-Ер нь ТӨҮГ гэдгийг байхгүй болгоно. Үнэхээр нийтийн хэрэгцээнд зориулсан үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө бус юм бол заавал компани гэж яваад яах юм бэ.  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр гэхэд 2016 онд 180 тэрбумын алдагдалтай байсан. Өнөөдөр гэхэд 600-гаад тэрбумын цэвэр ашигтай ажилласан байх жишээний. Алдагдалтай ажиллана гэдэг чинь хөрөнгө оруулалт энэ тэр зүйл нь байхгүй болж, үйл ажиллагаа нь доголдохыг хэлнэ. Х.Бадамсүрэн захирлын хувьд ярья л даа. Төрийн өмчийн хороо захиралтай нь контрактын гэрээ  байгуулсан. Гэрээний нөхцөлийг Иргэний хуулиас харж болно. Хөдөлмөрийн хууль дээр ч байгаа. Ажлын туршлага, удирдах арга барилын хувьд илт давуу ур чадвартай боловсон хүчинтэй хоёр талаасаа тохиролцохыг контрактын гэрээ гэдэг. Хөлсөөр ажиллах, хөдөлмөрийн гэрээ хоёр чинь хоёр өөр зүйл. Тухайн боловсон хүчин шийдвэрээ гарган байгууллагыг удирдаад явна аа гэж байгаа тохиолдолд тэр хүнд  ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөх ёстой. Том хэмжээний үйлдвэрийг хариуцан менежмент хийгээд явж байгаа тохиолдолд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө захиран зарцуулах эрхийг нь өгөх хэрэгтэй.  Хоёрдугаарт, тэр хүн хулгай хийхээргүй цалин хангамжтай, нийгмийнхээ асуудлыг шийдүүлсэн байх ёстой. Дээр нь тэр хүний алдар нэрийг хуулиар олгогдсон эрхийн хүрээнд төр хамгаалах үүрэгтэй. Ийм гурван зүйл улсын болоод хувийн компанийн гүйцэтгэх захиралтай хийж буй гэрээнд заавал тусгагддаг.

Хуулийн ийм  заалт байдгийг иргэд тэр бүр мэдэхгүй. Тийм учраас “Эрдэнэт” үйлдвэрийн захирлын нэр төрд халдаад байгаа хэрэг. “Эрдэнэт” үйлдвэртэй адилтгах хэмжээний уурхайн захирлууд ямар хэмжээний цалин авдаг, эрх мэдлийн хүрээ нь ямар байдаг тухайд?

-Уулын баяжуулах “Эрдэнэт" үйлдвэр ашигтай ажиллахын хэрээр зарлага гаргана гэдгийг уншигчид ойлгох ёстой. Өнгөрсөн жилийн байдлаар улсын төсөвт 1,1 их наяд төгрөгийн орлого оруулсан байх жишээний. Ноогдол ашиг энэ тэрээ гээд бодвол 1,3 их наяд төгрөг болно. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг бид баталсан. Саяхныг хүртэл “Эрдэнэт” үйлдвэр хөгжлийн үндсэн чиглэлгүй явж ирсэн байдаг. Дэлхийд манай “Эрдэнэт” шиг  эксковатороор шороогоо зөөдөг үйлдвэр байхгүй. Бүгд конвейрийн системд шилжсэн. "Эрдэнэт" үйлдвэрийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсанаар бол өнөөдрийн олж байгаа орлогоо 10 дахин өсгөнө гэж тооцсон байна лээ. Энэ бүхнийг мэргэжлийн хүмүүс нь олж хараад тооцоо судалгаагаа хийсэн хэрэг. Үе шаттайгаар  хийх хөрөнгө оруулалтын үр дүнд 60 жил ашигтай ашиглах нөхцөл бүрдэх нь. Үүний тулд 2028 оноос хөрөнгө оруулалтаа хийж эхэлнэ гэсэн үг. Тэгэхээр нэлээд их мөнгө зарцуулах хэрэг гарч байгаа биз. Урт хугацааны хөгжлийн бодлого нь тодорхой, хөрөнгө оруулалтууд нь тодорхой зүйлд бид саад болж болохгүй. Хийх ёстой ажлаа хийх л хэрэгтэй. Өнөөдөр корона гарлаа гээд "Эрдэнэт" үйлдвэрийн бүх орлогыг улсын төсөв татаж болно. Гэвч өнөөдрийн өөхөөс маргаашийн уушиг гэдэг байх аа. Цаг хугацаанд нь хийх ёстой хөрөнгө оруулалтыг нь хийхгүй  хугацаа алдах юм бол зэсийн агууламж нь муудаж, тэр хэрээр өртөг нь өндөр болно. Өртөг өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн хэрээр үйлдвэр өөрөө ашиггүй ажиллаж таарна. Шат дараатай, төлөвлөлт нь тодорхой зүйлд  хөрөнгө оруулалтаа цаг алдалгүй хийх нь зөв. Жишээ нь, 50 саяын массажны сандал гээд л яриад байна, тэр чинь дөрвөн ширхэг юм шүү дээ. Уг сандлыг сувилалдаа авсан. Уурхайн ажлын нөхцөл хүнд учраас эрүүл мэндэд нь анхаарал тавих ёстой. Олон хүн өвдөж зовбол дөрвөн сандал авснаас илүү мөнгө зарна. Үүнийг иргэд ойлгох ёстой.

-Та бүхэн ямар ямар хууль дээр ажиллаж байна вэ?

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн өмчит компанийн тухай хууль. Дээр нь Төрийн нийтийн өмчийн тухай хууль гэсэн ийм гурван хуулийн төсөл дээр ажиллаж байна.

-Цаашид үргэлжлэх хувьчлалууд нь аль хуулиар зохицуулагдах вэ?

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд төрийн өмчит компанийн асуудлыг цэгцлээд бүлэг, бүлэг болгоод оруулчихвал заавал Төрийн өмчит компанийн тухай хууль гэсэн тусгай хууль байх хэрэг байгаа юм уу гэх асуудал гарах байх.

-Төрийн нийтийн өмч гэж юуг хэлж байна вэ?

-УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хуулийн төслийг хэлэлцэх явцад Төрийн өмч дээр нийтийн өмч гэсэн үг нэмэгдээд ороод ирсэн. Төрийн гээд таслал байгаад нийтийн гэсэн бол агуулгын хувьд арай өөр байсан байх. Төрийн нийтийн гэхээр төр гэдэг чинь биежсэн, ард түмнээс зөвшөөрөл авсан, өөрийн гэсэн өмчтэй, өөрийн гэсэн дотоод бүтэцтэй, өөрийн гэсэн удирдлагатай ийм субьект юм. Үүн дээр төрийн нийтийн гээд нэмэхээр нийт гэдэг чинь өөрөө ард түмэн л гэсэн үг. Маш энгийнээр хялбаршуулаад тайлбарлах юм бол хүүхэд, аавын өмч ч гэх юм уу. Төрийн өмч дотроо төрийн өөрийн өмч. Үүнд нь төрийн өөрийн барилга байгууламж , машин тэрэг, төрийн ажил үйлчилгээнд хэрэглэгдэж байгаа техник хэрэгсэл багтана. Харин төрийн нийтийн зориулалттай өмчид байгалийн баялаг, газар, ус, ан амьтан, агаар, орон зай гэх мэт. Энэ бүхэн нийтийн зориулалттай өмч юм.

-Яам, сайд бүхэн дэргэдээ нэг компанитай болох гэдэг болж. Үүнийг хуулийн төсөлд ямар байдлаар тусгаж байгаа вэ?

-Байхгүй болно. Бүх компани бодлого, зохицуулалтаар нэгдэнэ. Өөрөөр хэлбэл, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нарыг Ерөнхий сайдын захирамжийн дагуу ТӨБЗГ-ын хамтын шийдвэр гаргадаг хурлын нэг төлөөлөгч гэж ойлгож болно. Хэдхэн жилийн өмнө манайд 6000 гаруй төрийн өмчит байгууллагын эд хогшил, тоног төхөөрөмж бүртгэлтэй байдаг байсан. Нэгээс нөгөө байгууллагад шилжүүлэх асуудал яригдахад энд  ярьж шийдэгдэнэ. Тэгэхээр хөрөнгийг нь энд шийдээд байгаа хэр нь компанийнх нь асуудлыг манайд яагаад шийдэж болохгүй гэж.

-МИАТ компанийн хувьчлал олон жил яригдаж буй. Та бүхэн энэ асуудлыг юу гэж харж байгаа вэ?

-МИАТ компанийн 49 хувийг нь хувьчилна гэж 2018 онд оруулж ирсэн. Төрөөс иргэний нисэхийн талаар баримтлах бодлого гэж нэг юм бий. Түүнд үндэсний авиа компанитай байна, төр бодлогоор дэмжинэ гээд заасан байдаг. Эл монополь байдалтай заалтыг авч хаяад, иргэний нисэхийг либералчилна гэж оруулсан. Үүнтэй  уялдуулан хувьчилья гэдэг зүйл яригдсан. Монгол Улс гаднын авиа компаниудад зах зээлээ чөлөөтэй нээвэл МИАТ дампуурна. Үнэн хэрэгтээ үндэсний авиа компани маань байхгүй бол корона мэтийн асуудал тулгарахад Монгол Улс яах юм. Төр 51 хувийг нь эзэмшиж байна аа гэдэг чинь бүр байхгүй болгочихож байгаа зүйл биш шүү дээ. Өнөөдөр зарим улс орон шоронгоо хүртэл хувьчилж буй. Манайх циркээ хувьчилсан шиг. Манайд шоронгоо хувьчилна гэвэл ой тоонд буухгүй л дээ. Хувьчлал хэзээ ч дуусахгүй. Бүх юмыг төр хийгээд яваад байх уу, үгүй юу гэдэг чинь харьцангуй ойлголт юм. Хувьчлал тасралтгүй, мөнхөд үргэлжилнэ. Төрийн өмчит компаний  хувьчлалыг дандаа Хөрөнгийн бирж , хувьцаа гаргах замаар л явуулах ёстой.

-Төр өмчтэй байх ёстой юу?

-Төр өмчтэй байх ёстой, гэхдээ  өмчийнхөө менежментэд оролцдог оролцоо нь хязгаартай байх ёстой. Компанийн тухай хуульд алтан хувьцаа гэх нэг ойлголт байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр төр хөрөнгө оруулалт, шийдвэр гаргах үйл ажиллагаанд нь оролцохгүй ч буруу шийдвэр гаргасан тохиолдолд бүхэлд нь хүчингүй болгох эрх бүхий субьект юм. Алтан хувьцааны зарчим ердөө ийм. Тэгэхээр төр өмчтэй байх ёстой. Харин компаниудтайгаа алтан хувьцааны зарчмаар ажиллах учиртай.

-Төрийн өмчит компаниудыг тойрсон нэлээд хэл ам гараад удаж байна. Нийгэм, ямар  хариуцлага тооцохыг нь харж, хүлээж байгаа?

-Гэрээн дээр нь ажлаас чөлөөлөх үндэслэлүүдийг тавьсан байгаа. Ер нь төрийн, хувийн хэвшлийнх байхаас үл хамаарч ажлаас чөлөөлөх арга хэмжээ авлаа гэхэд эцэст нь асуудал шүүх дээр очно. Бид хариуцлага тооцон чөлөөлж болно. Гэрээнд заасан хариуцлагын хүрээнд л чөлөөлнө. Бусад нь улс төр, ёс зүй, тохиролцоо шүү дээ, бодит байдал дээр. Жишээ нь, Х.Бадамсүрэн гуайн тухайд гэрээн дээр нь заасан л байгаа байхгүй юу. Гаднын өндөр хөгжилтэй улс оронд сурч байгаа нэг хүүхдийнх нь сургалтын төлбөрийг ашигтай ажилласан тохиолдолд хариуцна гээд. Гэрээнийхээ дагуу л явж байгаа. Урьд нь ч  ийм л байсан юм билээ. Ёндонгийнх нь тусдаа. Яагаад гэвэл дэд захирал учраас захиралтайгаа гэрээ байгуулсан. Бас л ялгаагүй гэрээний хүрээнд явагдсан асуудал. Ард түмэн буруу зөрүү ойлгоод байна. Та ажлаа өг гээд шахах юм бол зүгээр л улс төр байхгүй юу даа. Түүнээс биш тэр хүн чинь хулгай хийж, худлаа яриагүй шүү дээ. Гэрээнийхээ дагуу л явсан байна. "Монголросцветмет"-ийн хувьд монгол захирал байвал, Оросын тал  гүйцэтгэх захирлаа тавих  зарчмаар явж ирсэн. Тухайн үедээ нууц байсан болохоос биш оросуудын авч байсан цалин хангамж бол маш өндөр байсан юм билээ. Тэрийг бодвол бидний одоо өгч байгаа цалин чинь 5-10 дахин буурсан цалин, шагнал. Төрийн өмчит компанийн хамгийн том захирлын цалин 15 сая төгрөг. "Эрдэнэт"-ийн захирал 15 сая төгрөгийн цалин авч байгаа. "Монросцветмет"-ийн захирал 12 сая төгрөгийн цалинтай. Ашигт ажиллагаа, хүний тоо, орлого гээд нэг аргачлал байдаг. Тийм журмыг баталсан. Тэр журмаараа явж байгаа. Өнөөдөр "Эрдэнэт" шиг үйлдвэрээр жишээ татан дундажлаад аваад үзэхэд захирлын цалин 25 мянган ам.доллартай тэнцэх учиртай. "Эрдэнэт" үйлдвэр маань дэлхийд долоод орж байгаа. Тэгэхээр цалин нь болж л байна. Ам.доллараар тооцвол долоон  мянга орчим гэсэн үг.

-Цирк, "Ард" кино театрын  хувьчлалын асуудал нь ямар зарчмаар явсан бэ гэдэг дээр албан ёсны хариултыг өгөх үү? 

-"Ард" кино театр тухайн үед нийтийн өмчийн газар буюу орон нутгийн өмч байхгүй юу. Хувьчлал нь Нийслэлийн өмчийн газраар явсан. Үйл явцыг нь би сайн мэдэхгүй. Цирк бол тухайн үедээ төрийн өмч байсан. Хууль тогтоомжуудыг нь үзвэл УИХ-аар циркийг хувьчилна гээд Засгийн газарт үүрэг өгсөн. Засаг нь менежментийн хувьчлалаар хувьчилна гээд Төрийн өмчийн хороонд үүрэг өгсөн. Төрийн өмчийн хороо хувьчлах эд хөрөнгийн жагсаалт гаргахдаа салбар хариуцсан байгууллагынх нь саналыг үндэслэн хамтарч шийдсэн юм билээ. Тэгээд БСШУСЯ, Сангийн сайдтай хамтарсан ажлын хэсэг гаргасан. Тэр үед цирк 300-гаад сая төгрөгийн жилийн төсөвтэй, татаас авдаг байсан. Татаас өгөхөд хүндрэлтэй байсан тул үндсэн үүргийг нь алдагдуулахгүйгээр менежментийн хувьчлал хийхийг нь зөвшөөрсөн байдаг. Сонгон шалгаруулалт зарлахад Аса шалгарсан. Аварга маань циркийг авсан даруйдаа мундаг ажиллуулсан юм билээ. Ажилчдынхаа цалинг хоёр дахин нэмж, засвар үйлчилгээ хийн гаднын циркчдыг уриад л. Ажлын хэсэг ч болох юм байна, хувьчилья гэж шийдээд худалдах, худалдан авах гэрээ хийсэн байдаг. Би өнөөдөр гэрээнийх  нь нэг хувийг нэг газар руу явуулсан. Худалдах, худалдан авах гэрээний заалтыг биелүүлээгүй тохиолдолд  хувьчлалыг буцаана гэсэн заалтыг олж харлаа. Түүнийг хэрэгжүүлж байна уу, үгүй юу гэдгийг эргэж харан дүгнэх ёстой.  Мэргэжлийн яам нь дүгнэх биз. Яаж ч дүгнэсэн шүүх дээр очиход худалдан авах гэрээ хийсэн болохоор төр, иргэн  хоорондын бизнесийн харилцаа болчихож байгаа юм. Асуудал үүсэхэд шүүх  шийднэ. Соёлын яам ажлын хэсэг гаргасан. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өмнө нь зориулалтын дагуу ашиглахгүй байна гэдэг үндэслэлээр шүүхэд хандсан удаатай.  Гэтэл шүүх  уг  байгууллагыг гомдол гаргах субьект биш байна гэж үзсэн. Ингээд  гомдол гаргах ёстой газар нь Төрийн өмчийн хороо, БСШУЯ  юм байна гээд хаасан.

ЭХ СУРВАЛЖ: 24barimt.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж