“Хилийн пиу” хөгжилд нэмэр болно

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

“Хилийн пиу” хөгжилд нэмэр болно

БНХАУ-ын хойд хилийн хот Эрээн наймааны орон болсоор богинохон хугацаанд тун чиг хурдан хөгжжээ. Арилжааны наймааны жижигхээн хотод манай нийслэлээс дутахааргүй зам харгуй тавьж, барилга байшин сүндэрлэжээ. Удахгүй Эрээн-2 хотыг байгуулахын тулд газар доорх хот болох инженерийн байгууламжийг нь урьдчилаад бэлдчихсэн байхын дээр зүлэг модоо ч суулгаад амжжээ. Монголчуудын ой тойнд орохын ч аргагүй нарийн ухаанаар урд хөршинйхөн маань, хөгжиж хөлжиж байна. Тэр бүхнээс олныг эс нуршин ганцхан зүйлийг энд өгүүлэхийг хүслээ. Эх орны маань  үүд хаалга болсон Замын-Үүдээс гармагц харийн орны татвар эхэлнэ. Энэ нь “Хилийн пиу”юм. Манайхны амарчлан нэрлэдэг “цэнхэр  тасалбар” буюу хилийн пиуг хүн бүр таван юаниар худалдан авна. Худалдан авсан пиугаа хилээр орох, гарахдаа хураалгах учиртай. Хэрэв тэрхүү цэнхэр тасалбарыг аваагүй бол хилээр нэвтрэх эрх үүсэхгүй. Хүн бүрээс таван юань буюу 1000 гаруй  төгрөгийг чухам юуны учир ийн “худалддаг”-ийг тайлбарлаад өгчих хүн олдсонгүй. Гэвч гадаадын иргэн бүр тус улсын хилээр орох, гарах болгондоо ийн таван юань төлөх болсоор удаж байгаа ажээ. Чухам Эрээн боомтоос  өөр газарт энэ татвар байдаг эсэхийг мэдэхгүй юм. Монголчуудын хамгийн ихээр зорчдог энэ хэсэгт зөвхөн монголчуудад зориулсан онцгой нэгэн татаас байхыг ч үгүйсгэх аргагүй л юм. Ямартай ч БНХАУ-ын хилээр зорчсоныхоо төлөөсөнд нэг удаагийн зорчилтоороо 2000 төгрөг хандивласаар байна, бидний монголчууд. Түүнийг хүний тоогоор үржүүлээд үзвэл багагүй тоо гарах нь дамжиггүй. Замын-Үүдийн гаалиар өдөрт 200-300 машин зорчдог гэсэн тооцоо бий. “УАЗ-469” машинаар багаар бодоход таван зорчигч үйлчлүүлнэ гэж тооцвол 1000-1500 зорчигч хилээр орж гардаг гэсэн үг. Тэд цөм орж гарахдаа 10 юань хураалгана гэхээр өдөрт 10-15 мянган юань хилийн пиугаар хятадууд олж байна. Юаниа хамгийн бага ханшаар буюу тооцоход хялбараар нь 200 төгрөгөөр бодъё л доо. /Одоо юаний ханш 206-208 төгрөгт хэлбэлзэж байгаа. Шинэ жил, цагаан сарын үеэр бол 218 төгрөгт хүрч байсан/  Тэгвэл урд хөршийнхөн маань өдөр тутам хамгийн багадаа л 2-3 сая төгрөгийг хилийн пиу гэж хэнд зориулсан нь үл мэдэгдэх нэгэн “татвар”-аар олж байдаг ажээ. Түүнийгээ юунд зарцуулдаг, хэрхэн ашигладгийг нь асуухын ч хэрэг алга. Манайхан шиг тооцоо томъёогүй улс биш болохоор “Эрээн-2”-ынхоо дэд бүтцийг зөвхөн пиугаар бүрдүүлсэн байхыг ч үгүйсгэхгүй. Харин манайхан гадаадын иргэдээс ширхэг мо  /хятадын мөнгөн тэмдэгтийн хамгийн бага нэгж /  ч авалгүйгээр нэвтрүүлсээр байна. Ядуу буурай гэх тодотголоос дөнгөж л дээгүүр “хөгжиж байгаа орон”-ы тоонд чадан ядан яваа бидний хувьд энэ мэт олон давталттай татаас татварыг нэвтрүүлэхэд буруудах зүйлгүй мэт санагдана. Монголчууд бүгд нэрэлхүү зантай. Ядруухан яваа ч чадуугаасаа дутахгүй зарлага гаргадаг. Яг энэ зарчим төрийн бодлогод ч тусгалаа олсон байдгийн нэг нь энэхүү хилийн пиу юм. Одоогоос хэдэн жилийн өмнө хилээр орж ирж буй хятад иргэдээс 500 төгрөг авч байсан түүх бий гэнэ. Гэвч хөгжилтэй, соёлтой орнуудад энэ мэт бүдүүлэг, тэгээд бас шалихгүй бага татвар, татаас байдаггүй тул уг мөнгийг авахаас татгалзсан гэдгийг Замын-Үүдийнхнээс сонсоод галууг дуурайж хөлөө хөлдөөсөн хэрээний үлгэр л санагдаж байсныг нуух юун. Хилийн пиуг нэвтрүүлээд тэр мөнгөөрөө Замын-Үүдээ хөгжүүлж яагаад болохгүй гэж. Замын-Үүд Эрээн хоёрыг харьцуулахад “Алтан загас”-ны эмгэний өмнөх, хойдох хоёр амьдрал шиг эрс ялгаатай харагдана. Энэхүү ялгааг арилгахад хилийн пиу бага боловч нэмэр хандив болох нь дамжиггүй. Урин дулааны улиралд бол урд хөршөөс манай улс руу зорчигчдын тоо эрс нэмэгддэг. Тэднээс 1000 төгрөг аваад оруулахад гайхах зүйл огтхон ч байхгүй. Учир нь тэд өөрсдөө ч биднээс татдаг. Гагцхүү тэрхүү пиугаар орсон орлогоо юунд зарцуулахаа товлоод нарийн хяналт тавиад явчихад Замын-Үүдийн өнгийг засахад багагүй нэмэр болмоор санагдана.
Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж