Монгол Улс дотооддоо цар тахал алдаагүй ч эрсдэл маш ойрхон байгааг албаныхан сануулж буй. Сүүлийн нэг сарын дотор гадаадаас зөөвөрлөгдөн орж ирж байгаа иргэдийн шинжилгээнээс вирус тогтмол илэрч байна. Өчигдөр (2020.11.08) гэхэд таван хүнээс халдвар илэрч нийтдээ батлагдсан тохиолдлын тоо 362 болсон. Арваннэгдүгээр сарын 6-н хүртэл Монголд дотоодоос Covid-19-ийн халдвар илрээгүй байсан ч халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан нэг сувилагчаас уг вирус илэрсэн нь сонор сэрэмжээ алдаж болохгүйг сануулсан хэрэг болсон юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад өмнө нь Covid-19-ийн халдвар гаднаас зөөвөрлөгдөж байсан бол анх удаа дотооддоо халдвар авсан нь хамгийн том сануулга, анхааруулга болж байна.
Түүнчлэн цар тахлын голомтод ажиллаж буй ХӨСҮТ-ийн ажилтнуудын халдвар хамгааллын асуудал олон нийтэд болгоомжлол, эргэлзээ төрүүлж буйг нуух юун. Одоогоор сувилагчтай хамт байсан бүх хүмүүсийг тусгаарласныг албаныхан мэдэгдсэн. Гэвч, ХӨСҮТ-өөс дотоодод вирус алдахгүй, тараахгүй гэсэн баталгаа бий юу.
Covid-19-ийн халдвар авсан сувилагчийн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодруулахад “Халдвар авсан сувилагчийн биеийн байдал хэвийн, ямар нэгэн шинж тэмдэг, зовиур илрээгүй. Бид халдварын голомтод 14 хоног ажилласан багаа дахин 14 хоног тусгай өрөөнд ажиглалт, хяналтад байлгаж байгаад 28 хоногийн дараа гэрт нь хариулдаг.
Халдвар авсан сувилагчаас голомтод ажилласан эхний 12 дахь хоногт шинжилгээ авахад Covid-19-ийн халдвар илэрсэн. Өдийг хүртэл ХӨСҮТ-д ажиллаж байсан эмч, сувилагч нар халдвар аваагүй байсан. Бид лабораторийн шинжилгээгээр халдварыг илрүүлж, алдаа дутагдал хаана гарав гэдгээ шалгаж байна. Ажлын багийг хяналтад авсан, шинжилгээг үргэлжлүүлэн хийж байна.
Хүн болгон робот шиг адилхан ажиллахгүй. Бид анхнаасаа эмч, сувилагч нараа сургалтад суулгаж, ногоон бүсэд бэлтгэл хийлгэж байгаад халдварын голомтод ажиллуулдаг. ХӨСҮТ-д ажиллаж буй эмч, сувилагч нарынхаа хүний нөөцийг бүрдүүлж, бэлтгэх шаардлагатай байна. Алсдаа эдгээр хүмүүс хүн л юм чинь ядарна. Тийм учраас дараагийн ээлжийн хүнийг сургах, нэмэлтээр ажиллуулах зохицуулалтыг хийж байгаа. Өөрөөр хэлбэл, шинээр баг бэлтгэж байгаа” гэв.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д халдварын голомтод 200 орчим эмч, мэргэжилтнүүд ээлжээр ажиллаж байгаа аж. Халдвар авсан сувилагч анх удаа халдварын голомтод ажиллаж байжээ. “Халдвар хамгааллын дүрэм алдагдсан учраас тэр хүн халдвар авсан. ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд бие биеэ давхар хянаж ажилладаг. Бас давхар камераар шүүнэ. Иргэд маань энэ хүнийг буруутгаж, давхар сэтгэл санаагаар унагах биш сэтгэлээр дэмжих хэрэгтэй” хэмээн Д.Нямхүү захирал хүссэн юм.
Тэгвэл Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "Тухайн сувилагч ХӨСҮТ-ийн дотор халдвар авсан гэхээс илүүтэй наймдугаар сард Солонгос Улсад ажиллаж байгаад ирсэн, тусгаарлалтад ороод гарсан. Ажилдаа ороод нэг сар болж байгаа гэх мэдээлэл байна. Тиймээс бид түүнийг үнэхээр эмнэлгийн дотоод замаар халдвар авсан уу үгүй юу, эсвэл урьд нь тусгаарлалтаас гараад үргэлжилсэн халдвар явж байгаа эсэхэд шинжилгээ судалгаа хийж байна. Бид ХӨСҮТ-д ирсэн өдрүүдийнх нь бүх камерыг бичлэгт шалгалт хийх ажиллагаа явагдаж байна. Ирэх долоо хоногт та бүхэнд тодорхой мэдээллийг өгнө" гэсэн тайлбарыг өгсөн.
Халдварын голомтод цаг наргүй ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн аюулгүй байдал хамгийн чухал юм. Өөрөөр хэлбэл, тэд дайны галын цэгт ажиллаж буй хүмүүс. Галын цэгт ажиллаж буй тэд үхэх сэхэхэд ойрхон байгаа. Тиймээс халдвар авсан нь эмч, сувилагчдын буруу биш. Дэлхий дээр цар тахалтай тэмцэж яваад амиа алдаж буй олон мянган эмч, сувилагч байна. Тиймээс бусдын амь насны төлөө өөрийнхөө амийг эрсдэлд оруулж буй эмч, сувилагчид маань энэ мэтээр халдвар тусвал яах вэ.
Тэгэхээр цар тахлыг дотооддоо алдвал эмчлэх, эмч, хүний нөөцийн хангамж хэр сайн бэ гэж ЭМЯ-наас асуух. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд цар тахлыг эмчлэх, анагаах эмч, мэргэжилтнүүдийн нөөцийг хэр бэлтгэж чадсан бэ. Энэ бол эрсдэл өндөр нөхцөлд ЭМЯ-аас асуух ёстой зүй ёсны асуулт юм. Бид цар тахлыг дотооддоо алдаагүй гэж суртал ухуулгаас илүү хэрэвзээ алдсан тохиолдолд эмчлэх эмч, эдгээх эм тарианы нөөцөө сургаж, бэлтгэх нь төр засгийн хийх ёстой нэн тэргүүний ажил. Өөрөөр хэлбэл, эмнэлэг барьж, ашиглалтад оруулах, эмч нараа сургаж бэлтгэх хугацаа хангалттай байсан.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн долоо хоногт Монголд өдөр болгон шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Сүүлийн тохиолдлууд ихэвчлэн 18-20 дахь хоног дээрээ илэрсэн. ОХУ-д өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор тээврийн жолооч нараас халдвар илэрч байгаа учраас амны хаалт зүүж, олон хүн цугласан газар явахгүй байхыг анхааруулъя. Covid-19 халдварын хоёр дахь давалгааны хамгийн хүнд үеийг дэлхий нийт даван туулахаар хичээж байна” гэдгийг онцгойлон анхааруулсан.
Дэлхий нийтэд цар тахлаас урьдчилан сэргийлэх вакциныг үйлдвэрлэж эхлээгүй энэ цаг үед амны хаалт зүүж, хэвших нь хамгийн найдвартай арга. Цаашид ч гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол нэмэгдэхийг үгүйсгэх аргагүй. Тиймээс өөрийгөө болон өрөөлийг аюулт цар тахлаас сэргийлэх нь иргэдийн үүрэг. Нөгөө талаар эмнэлэг, эмч, эрүүл мэндийн ажилтнуудынхаа нөөцийг бэлтгэх нь төрийн үүрэг юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ