Залуу уран бүтээлч Г.Бурмаатай үзэсглэнгийн талаар ярилцлаа.
-Энэ үзэсгэлэн “Уламжлал” нэрнээсээ л үндэсний урлаг гэдгээ илтгэх мэт байна л даа. Үзэсгэлэнгийнхээ талаар сонирхуулахгүй юу?
-Өнгөрсөн жил хамгийн анхны арьсан урлагийн үзэсгэлэнг зохион байгуулсан юм. Энэ жил уламжлал ёсоор хоёр дахь үзэсгэлэнгээ дэлгэн тавьж байна. Энэ удаад есөн уран бүтээлчийн 30 гаруй уран бүтээл дэлгэгдлээ. Манай энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь арьсан урлагийн залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготой. Тэднийг нэг жилийн дотор ямар амжилттай ажиллан, юу шинээр хийж вэ гэдгийг л харуулахыг зорьсон. “Уламжлал” нэрнээсээ л их онцлог ихтэй үзэсгэлэн. Нэгдүгээрт монголын уламжлаж ирсэн арьсан урлалыг бүтээлийн хэмжээнд болгон хөгжүүлж үлдээж байгаа, хоёрдугаарт залуу уран бүтээлчдийг дэмжье гэсэн утгаараа байгалийн түүхийн музей монголын арьсан урлалийг хөгжүүлэх холбоотой хамтраад уламжлал болгон зохион байгуулсан юм.
-Үзэсгэлэнгээ яагаад Байгалийн түүхийн музейд гаргах болов оо?
-Монголын Байгалийн түүхийн музейд ихэвчлэн биологийн чиглэлийн үзмэр дэлгэсэн байдаг. Гэхдээ соёл шинжлэх ухааны байгууллага шүү дээ. Энэ утгаараа уран бүтээлчид, төрийн бус байгууллагуудтай хамтарч ажилладаг. Иймээс энэхүү үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулж байгаа юм.
-Өнгөрсөн жилийн үзэсгэлэнд хичнээн бүтээлээрээ оролцож байсан бэ? Энэ жил хичнээн бүтээлтэй ирэв?
-Өнгөрсөн жил гурван бүтээлээрээ оролцож байсан. Энэ жил дөрвөн бүтээлээ дэлгэлээ.
-Арьсан урлаг эмэгтэй хүнд амар урлал биш байх аа?
-Зарим хүмүүст тэгж санагддаг байх аа. Гэхдээ тухайн хүн дур сонирхолтой байж ямар ч зүйлийг даван туулж чаддаг гэдэг шүү дээ. Тэрэн шиг би энэ ажилдаа дуртай. Энэхүү үзэсгэлэн миний оутан цагаасаа бусад уран бүтээлчидтэй хамтран гаргасан арав дахь үзэсгэлэн болж байна.
-Анх яагаад арьсан урлалыг сонирхон суралцах болов?
-Анх гэж ярих юм бол их сонин түүхтэй. Аравдугаар ангиа төгсөөд арьсны анги гэж мэдэхгүй арьс ширэн урлалын ангид зурах сонирхолдоо хөтлөгдөн орж байсан. Одоо сургуулиа төгсөөд бие даасан уран бүтээлчээр ажиллаж байна.
-Монголын арьсан урлагийн онцлог юу вэ?
-Эрт дээрээс үеэс арьсаар янз бүрийн зүйлс хийн эдэлж хэрэглэдэг байсан. Тэр нь одоо хөгжисөөр байгаад урлагийн төвшинд хүрсэн. Хүмүүс арьсан урлал гэхээр цүнх, бүс, түрийвч гээд хэрэглээ талаас нь л бодоод байдаг. Энэ удаагийн үзэсгэлэн маань хэрэглээ, урлаг хоёрыг холбож өгсөн ч урлаг талаас нь илүү давуу харуулахыг хичээсэн. Бас Монголын урлаг гэхээр монгол зураг, уран зураг гэхээс биш арьсан урлагийн талаар дутмаг ойлголттой байдаг. Энэ чинь бас Монголын урлагийн нэгэн төрөл шүү гэдгийг үзүүлэхийг зоьсон. Цаашид монголдоо төдийгүй дэлхий дахинд энэхүү сайхан урлагаа таниулна гэж бодож байгаа.
-Гадаадад энэ чиглэлээр үзэсгэлэнгээ гаргаж байсан уу? Ойрын үед ямар төлөвлөгөөтэй байна?
-Гадаадад гаргаж байгаагүй. Энэ жилдээ багтаад эх орондоо бие даасан үзэсгэлэнгээ гаргана. Түүний дараа Өмнөд Солонгост үзэсгэлэнгээ гаргахаар ярилцаж байгаа.
Г.Даша