Дэлхий нийтээрээ АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиар амьсгалсан долоо хоног болж өнгөрлөө. Гэхдээ дэлхий дахинд их гүрний сонгуулиас гадна олон чухал үйл явдал өрнөсөн ч сонгуулийн дуулианд дарагдаж, хэний ч анхааралд өртөлгүй өнгөрчээ.
Израилийн цэргүүд Палестинчуудын тосгоныг сүйдэлжээ
Израилийн цэргийнхэн Иордан голын баруун эрэгт байрладаг Палестины нэгэн тосгоны нэлээд хэсгийг нурааж, нийт 73 хүн орон гэргүй болжээ. Үүний 41 нь хүүхэд байгаа юм.
НҮБ Мягмар гариг (2020.11.03)-т Хирбет Хумса тосгоны ард иргэдийн орон гэрийг нураан сүйдэлснийг "Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гарсан хамгийн их цар хүрээг хамарсан албадан нүүлгэн шилжүүлэх үйл явц боллоо" гэж тодорхойлов. Эзлэгдсэн Баруун эргийг удирддаг Израилийн нутаг дэвсгэр дэх Засгийн газрын үйл ажиллагааны зохицуулагч (COGAT) байгууллага мэдэгдэхдээ эдгээр иргэд нь Иорданы хөндий дэх галын бүсэд хууль бусаар хуарагнасан тул ийм арга хэмжээ авсан гэжээ.
Палестин дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтнүүд хүмүүнлэгийн тусламжаар барьж байгуулсан хуаранг нь нурааж сүйдэлсэн явдлыг эрс шүүмжилж байгаагаа илэрхийлжээ.
2020 онд л гэхэд баруун эрэг болон Зүүн Иерусалимд амьдардаг 869 палестин иргэн өргөн хүрээний албадан нүүлгэлтийн улмаас орон гэргүй болсон гэж НҮБ-ын тайланд дурдсан байна.
Этиопт иргэний дайн үүсэх нөхцөл байдал бүрдэв
Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед хойд Тиграй муж руу цэргээ оруулах тушаал өгчээ. Тиграйн Ардын Чөлөөлөх Фронт (TPLF)-оос бүс нутгийн нийслэл Мехелле мужийн холбооны цэргийн бааз руу дайрсаны хариуд ийм шийдвэр гаргасан байна.
Абий Тиграйн ардын чөлөөлөх фронтыг холбооны эвлэрүүлэн зуучлах, яриа хэлэлцээ хийх хүчин чармайлтыг үгүйсгэж, харгис, хэнэггүй үйлдэл гаргаж байна хэмээн буруутгажээ. Харин Тиграй мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Дебрецион Гебремайкаел хурцадмал байдал үүссэн учир өөрсдийгөө хамгаалж байна гээд, ийм нөхцөл байдал үүссэнд Холбооны Засгийн газар буруутай гэж үзэж буй аж.
Холбооны засгийн газар Тиграй хотод зургаан сарын хугацаатай онц байдал зарласнаар бүх эрх мэдлийг өөрсдийн гарт оруулах боломж бүрджээ. Орон нутгийн сэтгүүлчдийн мэдээлж буйгаар, энэ бүс нутгийн интернет, харилцаа холбооны шугамыг тэр чигт нь зогсоосон байна. Ийнхүү хоёр хүчин мөргөлдөж эхэлсэн тул хөрш зэргэлдээ Судан улс болзошгүй аюулаас сэргийлэн хилээ хаажээ. Тиграй дахь хурцадмал байдал наймдугаар сард Абийн Засгийн газар Сovid-19-ийн эрсдэл хэт өндөр байна гэж үзэн, товлосон сонгуулийг хойшлуулснаар эхэлсэн юм.
Трампын Засаг захиргааны 2.9 тэрбум ам.долларын өртөгтэй дрон худалдах ажил нэг алхмаар урагшлав
Трампын засаг захиргаа ойролцоогоор 2,9 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэглэсэн 18 ширхэг “MQ-9B” дроныг Арабын Нэгдсэн Эмират улсад зарах гэж байгаа талаар АНУ-ын Төрийн департамент Пүрэв гаригт мэдэгджээ. Түүнчлэн 10 тэрбум ам.долларын өртөгтэй агаараас агаарт, агаараас газарт тусдаг маш өндөр нарийвчлалтай алсаас удирддаг байлдааны зэвсэг хэрэгсэлүүдийг борлуулах гэж байгаа тухай Төрийн Департаментийн нэрээ нууцалсан албан тушаалтан мэдээлжээ. Энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Конгресст газрын тосоор баялаг Персийн булангийн орнуудад 50 ширхэг F-35 онгоц зарах болсон тухай албан бус мэдэгдэл хийснээс ердөө долоо хоногийн дараа гарсан мэдээлэл юм.
“CNN” агентлагийн олж авсан мэдээллээр Йемен дэх Ираны дэмжлэгтэй хоути босогчдыг цохих кампанит ажлын гол холбоотон болох Арабын Нэгдсэн Эмират Улс болон Саудын Араб улсууд нь АНУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг Аль-Каида болон бусад бүлэглэлүүдэд нийлүүлж байсан нь тогтоогджээ. Энэ нь дээрх хоёр улс Вашингтонтой хийсэн гэрээгээ зөрчсөн гэсэн үг юм. Саудын Араб болон АНЭУ нь бусад улс орон, бүлэглэлд АНУ-д үйлдвэрлэсэн зэвсэг нийлүүлэхдээ АНУ-аас хууль ёсны зөвшөөрөл авах ёстой юм.
Танзани улсын Ерөнхийлөгч маргаантай санал хураалтын дараа тангараг өргөв
Танзани улсын Ерөнхийлөгч Жон Магуфули сөрөг хүчний зүгээс дахин сонгууль зохион байгуулахыг шаардаж байсан ч Пүрэв гаригт тангаргаа өргөжээ. Тэрбээр ард иргэдийн 84 хувийн дэмжлэг авсан гэж мэдэгдэж байгаа ба ийнхүү дахин таван жилийн хугацаатай тус улсыг удирдахаар болж байна.
Өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр болсон сонгуулийн үеэр нэр дэвшигчид болон жагсагчдыг баривчлах, олон нийтийн мэдээллийн хэрэгслийг хаах, улс төрийн намуудын төлөөлөгчид санал авах байранд нэвтрэхийг хязгаарлах, олон удаа санал өгөх зэрэг шударга бус үйлдлүүд даамжирсан гэж тус улс дахь АНУ-ын Элчин сайдын яам мэдээлжээ. Долоо хоногийн эхээр сөрөг хүчний эвслийн удирдагчид сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, Магуфулиг Ерөнхийлөгчийн суудалд дахин суух ёсгүй гэж мэдэгдэж байсан юм. Гэсэн ч Танзанийн цагдаа нар сөрөг хүчний гол нам болох “Чадема” намын удирдагч Фрийман Мбовег бусад дөрвөн удирдагчийн хамт хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан хэмээн баривчилжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч нар насан туршдаа эрүүгийн хариуцлагад татагдахааргүй болж магадгүй
ОХУ-ын хууль тогтоогчид экс Ерөнхийлөгч нарт насан туршид нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх хуулийн төслийг өргөн барьсан гэж тус улсын төрийн мэдлийн ТАСС агентлаг Пүрэв гаригт мэдээлэв.
Оросын одоогийн хууль тогтоомжийн дагуу Ерөнхийлөгч нар албан тушаал хашиж байхдаа гэмт хэрэг үйлдвэл халдашгүй эрхийнхээ дагуу хариуцлагад татагдахаас зайлхийх боломжтой байгаа юм. Харин дээрх хуулийн төсөл нь энэ боломжийг насан туршид нь олгох аж. Энэ оны эхээр Ерөнхийлөгч Владимир Путин 2036 он хүртэл засгийн эрхэнд үлдэх сонголтыг өөртөө олгосон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг хууль тогтоогчдоороо өргөн бариулсан.
Дээрх хууль хүчин төгөлдөр болохын тулд Оросын парламентын доод танхимд гурван удаа хэлэлцэгдэж, дээд танхимд хянуулсны эцэст Путин гарын үсэг зурж баталгаажих юм.
Эх сурвалж: CNN