“Өнөр бүл”-ийнхэн өргөөндөө цуглаж, өссөн орчноо эргэлээ

Хуучирсан мэдээ: 2020.11.08-нд нийтлэгдсэн

“Өнөр бүл”-ийнхэн өргөөндөө цуглаж, өссөн орчноо эргэлээ

“Өнөр бүл”-ийнхэн өргөөндөө цуглаж, өссөн орчноо эргэлээ

Эцэг, эхийн хайр халамж үгүйлэгдэж буй хүүхдүүдэд амьдрах арга ухааны төлөвшил, ёс суртахууны хүмүүжил зэрэг нийгэмд биеэ авч явах цогц чадвар олгох эрхэм зорилготой  “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн үе үеийн төгсөгчид өчигдөр /2020.11.07/ өссөн өргөөндөө чууллаа. “Өнөр бүл” төвийн нийт 700 гаруй төгсөгчөөс 120 нь тус уулзалтад ирэв.

Тэд бүгд том хүн болсон ч ахан, дүүсээрээ цуглаж, догдолсон сэтгэлээ барьж ядан нэг нэгнээ тэвэрч, багш нартаа үнсүүлэн, ээж, аавдаа эрхэлж байгаа жаахан хүүхдүүд шиг харагдаж байв. Балчир багаас нь эхлэн насанд хүртэл нь анхаарал хандуулж, аз жаргалтай байлгах юмсан, амьдралд хөл алдах вий дээ хэмээн санаа, сэтгэлээ чилээж байсан үрс нь аль хэдийн ажил, мэргэжлээ амжилттай эзэмшин, өөрсдөө аав, ээж болцгоон хүний дайтай сайхан явааг нь хараад зогсох багш нар огшиж байгаа нь илт. Олноороо цуглаж, охид, хөвгүүдийн шивнээ хийн, үе үеийн олон дурсамжаа эргэн санах боломжоор хангаж өгсөн нь энэхүү нэгдсэн уулзалтын хүрээнд зохиосон спортын нөхөрсөг тэмцээний гол онцлог болов.

Тодоос тод өнгөтэй барилга, багачууд шуугисан их өргөөний эзэд “Миний өрөө ингэж өөрчлөгдөж, заал, сургалтын төв, танхимууд маань ийм сайхан болжээ” хэмээн уулга алдан нэг өдрийг хөөр баяр дүүрэн өнгөрүүллээ. Зовлон, шаналал амсан, хүний орчлон түүнд хатуу ханджээ гэж хэлэхэд харамсам хэрсүүжсэн хүүхдүүд коридортоо дэгтэй нь аргагүй цуван алхана.

Хамгийн сонирхолтой нь тэд зөрөх хүн бүрийг таних бөгөөд “Сайн байна уу, өдрийн мэнд” гэж мэндчилснийхээ дараа нэрийг нь заавал дуудах аж. Харин танихгүй хүн байвал та хэмээн хүндэтгэнэ. Хүүхдэд дутагдаж буй хайрыг нөхөж ажиллана гэдэг ухаан зарсан ажил. Тиймдээ ч энд баргийн хүний сонгож, дурлаж чаддаггүй багш хэмээх мэргэжил нь ээж, аав хэмээх алдрыг дагуулдаг байна.

Аав, ээж гэж түмэн үрсээр дуудуулах нь ямар ч шагналаас илүүтэй хүндлэл хэмээн ярих Өнөр бүл хүүхдийн төв-ийн багш, ажилчид хүүхэд бүрийг хайраар дутаахгүй өсгөж байгаа нь бахархалтай.

ОХИДЫГ ГҮНЖ ШИГ, ХӨВГҮҮДИЙГ ХАНХҮҮТЭЙ ИЖИЛ БАЙЛГАХ ОРЧИНГ БИЙ БОЛГОХЫГ ЗОРЬСОН

“Өнөр бүл хүүхдийн төв”-ийн захирал М.ӨНӨРЧИМЭГ:

-Манай төв анх 1974 онд Асрамжийн 58 дугаар цэцэрлэг нэртэйгээр байгуулагдаж, 2014 оноос Хүүхдийн хөгжил, хамгааллын төвийг нэгтгэн өргөжүүлж үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаас одоог хүртэл нийт 700 гаруй хүүхэд “Өнөр бүл төв”-өөр овоглон суралцан хүмүүжиж, амьдралд хөл тавьсан түүхтэй. Өнөөдөр тэдгээр төгсөгчдийн маань төлөөлөл өссөн төвдөө хүрэлцэн ирж, нэг өдрийг халуун дулаан уур, амьсгалаар бүрдүүлж байгаад талархаж байна. Манай төвийн багш, ажилтнууд сурагчдынхаа авьяас билгийг нээн хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг. Сурах, хөгжих эрмэлзэлтэй урлаг, спортын олон авьяастныг төрүүлсэн бүтээлч хамт олон. Бид өглөөд ажилдаа ирж байна гэж бодохоос илүүтэй хүүхдүүд рүүгээ яаран ирдэг. Сургуульд сурдаг хүүхдүүдийг зөөх автобус эвдэрлээ гэхэд багш, ажилчид маань ирэх цагаасаа ч өмнө цуглаад, өөрсдийн машинаараа хүүхдүүдээ хүргэж өгнө. Бид яг л нэг гэр бүл. Өвдөхөд, инээхэд, уйлахад үргэлж хамт байж, баяр, зовлонгоо хуваалцаж чаддаг халуун дулаан орчин манайд бүрдсэн. Хэдийгээр эцэг, эхийн хайрыг 100 хувь орлох боломжгүй ч хүүхдүүддээ хайр, халамж харамгүй мэдрүүлэхийг хүсдэг. Авьяаслаг хүүхдүүдийн дуу хуур, инээд баясал, шуугиан  цангинасан манай төв улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүргээс 2-18 насны хүүхдийг асрамждаа авдаг цор ганц хүүхэд хамгааллын төв. Тиймдээ ч охидыг гүнж шиг, хөвгүүдийг ханхүү шиг орчинд байлгах зорилго тавьсан. Асрамжийн төвийн багш, ажилтан, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, удирдлагууд бүгд хүүхэд бүрт ирээдүйд сайн хүн болох төлөвшил өгөх үүрэгтэй. Гэхдээ манай төвийн багш, ажилтнууд ажлын цагийн ачаалал зэргээс хамаараад өөрсдийн гэр бүл, үр хүүхэд, хувийн амьдралаа ямагт хоёрдугаарт тавьдаг. Гэсэн ч олон жил ажилласан, зүтгэл гаргасан багш нарт маань төрөөс шагналын хур буудаггүй гэх мэт тулгамдаж байгаа асуудал их бий. Энэ тал дээр төр, засгаас зохих анхаарал хандуулахыг манай байгууллагын зүгээс удаа дараа хүссэн боловч нааштай хариу ирдэггүй. Миний хувьд 2016 оны есдүгээр сараас ажлаа хүлээн авсан. Тэр үеэс хүүхдүүдийн амьдарч байгаа орчин нөхцлийг сайжруулах, нэн яаралтай хийх ёстой хэд хэдэн ажлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол Улсын ирээдүйг бүтээх хүүхдүүдийн өсөн торних орчин сайн байх нь тэднийг сэтгэл хангалуун байлгах эхний алхам. Тиймээс бид нэгдэж, 2016 оны аравдугаар сараас эхний ээлжинд жишиг хоёр өрөөг тохижуулсан. Энэ ажил хүүхдүүдийн сэтгэлд ихэд нийцэж, бүх өрөөг тохижуулах ажлыг эхлүүлэх урам болсон. Бүтээн байгуулалт хийхэд хамгийн хүндрэлтэй асуудал нь төсөв санхүү. Төрөөс олгож байгаа санхүүгийн хүрэлцээ бага. Хүүхдийн төлөө сэтгэлтэй хүмүүс төдийгүй багш, ажилчдын хандивласан нэг, хоёр өдрийн цалингийн дэмээр дотоод заслаа хийсэн. Мөн 2016 он хүртэл манай төвийн гадна хүүхдүүдийн тоглох талбай дутагдалтай байсан. Тиймээс машины зогсоолоо тоглоомын талбай болгож, төв дотроо охидын ярилцах өрөө, хөвгүүдийн тоглох өрөө, компьютер, мэдээлэл зүйн тэнхим зэргийг тохижуулсан.

ЗЭЭЛЭЭР ХУДАЛДАН АВСАН ОРНЫ ТӨЛБӨРИЙГ ОДОО ХҮРТЭЛ ТӨЛЖ ЧАДААГҮЙ БАЙНА

Төрийн харьяалалд амьдарч байгаа хүүхдүүд наад зах нь сэтгэлзүйн ямар нэгэн дарамтгүй, өөрийн гэр шигээ тухтай орчинд амьдрах ёстой. Үүний тулд төвийн хамт олон маань хүүхдүүдийн ахуйн хэрэгцээг хангаж ажиллахыг хичээсээр байна. Харамсалтай нь, өнгөрсөн жилийн зургадугаар сард манай төвд гал гарч, эд хэрэгслүүд угаарын хийд удаан байсан учир ашиглах боломжгүй болсон. Харин тэр үед сайн дурын байгууллагууд, олон улсын сангуудын тусламжтай сэргээн засварлах ажлыг зохион байгуулсан. Гэвч зээлээр худалдан авсан орны төлбөрийг одоо хүртэл төлж чадаагүй явна. Энэ бол шантрах асуудал биш л дээ. Хүүхдэд ээж, аавын хайр мэдрүүлэхэд тодорхой бэрхшээл тулгарах нь гарцаагүй асуудал.

Хийе гэвэл арга нь олдож, хийхгүй гэвэл шалтаг нь мундана гэдэгчлэн Өнөр бүл хүүхдийн төв-ийн хамт олон төрөөс олгосон төсвийн хүрээнд бус, өөрсдийн бий болгож чадах эдийн засгийн чадамжид тулгуурлан төвийнхөө бүх өрөө, танхимыг стандартын дагуу нэг айлын загварчлалтай тохижуулжээ. Мөн тус төвийн хүүхдүүд ч багш нараасаа үлгэрлэн нийгмийн эмзэг бүлгийн бусад хүүхдүүдэд туслах сайн дурын үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг байна.

АСРАМЖИЙН ТӨВД СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД ЭЦЭГ, ЭХТЭЙ ХҮҮХДҮҮД ИРЭХ БОЛСОН

Өнөр бүл хүүхдийн төв”-ийн сэтгэлзүйч М.ЭНХЦЭЦЭГ:

-Миний хувьд 14-18 насны 59 хүүхдийг хариуцаж ажилладаг. Манай төвд амьдарч байгаа хүүхдүүд бага насандаа сэтгэлзүйд нь нөлөөлсөн олон сөрөг хүчин зүйлээс хамаараад хайрын хэрэгцээ дутуу, өөрийгөө илэрхийлэх чадвар, итгэлтэй байдал муу зэрэг асуудалтай байдаг. Тиймээс эдгээр хүүхдүүдэд багийн, урт хугацааны үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болдог. Мөн нийт хүүхдүүдийн арван хувийг сэтгэлзүйн өөрчлөлттэй хүүхдүүд эзэлдэг. Энэ төрлийн хүүхэд бусадтай харилцаа холбоо тогтоохдоо удаан хэдий ч маш үнэнч харилцаа холбоо тогтоодог. Тиймээс тэдгээр хүүхдүүдэд анхаарал хандуулж, нийгэмшүүлэх, амьдрах дадал суулгахын тулд СЭМҮТ-тэй хамтран үйлчилгээ үзүүлэх, 16 насанд хүрэхэд нь группд хамруулан амьдралын хэрэгцээг нь хангах зорилго тавин ажилладаг. Хагацал, өнчрөлийг бага насандаа үзэж, туулна гэдэг бол хэцүү. Хүүхэд бүр өөрийн онцлогоос хамаарч тухайн үйл явдлыг тусгаж авдаг. Хэн нэгэнд дахин орхигдох вий, гадуурхагдвал яах вэ зэрэг айдас, түгшүүртэй хүүхдийн сэтгэлзүйг засах нь хугацаа их шаарддаг ажил. Манай улсад эцэг, эхэд үүрүүлэх үүрэг хариуцлагын асуудал дутмаг байгаа нь олон жилийн кейс дээрээс харагдаж байна. Хүүхдээ асрах төвд авч ирээд хүүхэдтэй гэдгээ нууж хоёр дахь амьдралаа эхлүүлэх тохиолдол байгаа нь нийгэмд энэ асуудалд зайлшгүй анхаарах хэрэгтэй асуудлын нэг болсныг илтгэнэ. Манай төвийн статус зорилтот бүлгийн хүүхдүүд авах ёстой байтал сүүлийн жилүүдэд эцэг, эхтэй хүүхдүүд ирэх болсон. Энэ нь нөгөө л нийгмийн тулгамдсан асуудал болох ядуурал, архидалт, бэлэнчлэх сэтгэлгээ зэргээс хамаарч хүүхдээ орхих үзэгдлийг даамжруулж байгаа хэлбэр.

Манай улс эцэг эхийн үүргээсээ татгалзаж байгаа хүмүүсийг тодорхой хугацаанд аав, ээж байх эрхийг нь хязгаарлаж, албадан хөдөлмөр эрхлэх, хүүхдийн тэтгэмжийг олгох зэрэг үүрэг, хариуцлагыг ухамсарлуулах зохицуулалттай байх хэрэгтэйг албаныхан хэлж байлаа.

Өнөөдрийн байдлаар Өнөр бүл хүүхдийн асрах төв-ийн нэг, хоёрдугаар байранд нийт 79 хүүхэд амьдарч байгаагаас 46 хүүхэд бүтэн өнчин, 56 хүүхэд хагас өнчин, 77 хүүхэд нь эцэг, эх асран хамгаалагчийн хараа хяналтгүй байдлаас үүдэн иржээ.

“Өнөр бүл” төвийнхөн хүүхдүүдийг нийгэмшүүлж, гэр бүлтэй дүйцэхүйц орчинд амьдруулах эрхэм зорилттой. Түүндээ ч хүрч ажиллаж чаддаг гэдгийг тус төвийн төгсөгчид хэлж байв.

МЭРИЙСЭН, ЗҮТГЭСЭН ХҮНИЙГ АМЬДРАЛ ШАГНАДАГ

Өнөр бүл хүүхдийн төв-ийн 2012 оны төгсөгч А.ГАНСҮХ:

-Миний хувьд 2003 онд гуравдугаар ангийн сурагч байхдаа “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв”-д ирж байсан. Тухайн үеийн дурсамжаа сэргээн санахад ногоон хашаатай гурван давхар ягаан байшин руу Оюун-Эрдэнэ багшдаа хөтлүүлэн орж ирж байлаа. Орчин нөхцөл одоогийнх шиг сайхан байгаагүй ч багш, ажилчдын маань харилцаа, хүүхдийг хүмүүжүүлэх үйл явц маш сайн байсан. Тухайн хүүхэд ирээдүйд хэн болж төлөвших нь гэр бүлийн хүмүүжлээс хамаардаг. Тиймээс бүтэн арван жилийн хугацаанд хамт байж, чиглүүлж байсан багш нараа их санана. Татвар төлөгчдийн мөнгөөр, улсын харьяалалд амьдрах орон байр, идэх хоол, ундаар хангалуун аж төрж, хараа хяналттай амьдарч байсан хүүхэд насны минь дурсамж хамгийн сайхан. Хүн хүүхэд насныхаа дурсамжаар их хөглөгддөг. Би хичээлдээ их шамддаг хүүхэд байсан. 2009 онд асрамжийн газраасаа анх удаа 53 дугаар сургуулийн шилдэг сурагч болж байлаа. 2016 онд МУИС-ийг бизнес сэтгэлзүйн мэргэжлээр төгсөж, ажлын байран дээр гарсан. Одоо эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Энэ бүхнээс дүгнэхэд хүн өөрөө л байхгүйн зовлонд шаналж, боломжийг ашиглаж чаддаггүй мэт санагдсан. Мэрийсэн, зүтгэсэн хүнийг амьдрал шагнадаг. Арванхоёрдугаар ангиа төгсөөд, асрамжаасаа гарахад хэцүү бэрх санагдах үе цөөнгүй тохиолдсон. Тухайлбал, 18 нас хүрээд асрамжийн төвөөсөө бор чемоданаа бариад гарахад сэтгэл харанхуйлаад л явчихсан. Ах, эгч нартайгаа хэсэг цуг байрлаж байгаад их сургуулийн дотуур байранд орж байлаа. Тухайн үеийн бодлого нь насанд хүрсэн л бол тэр хүүхдийг нийгэмд гаргах ёстой байсан учраас хэн нэгэн хүнд хүлээлгэж өгдөггүй байсан. Харин одоо эргэх холбоо гэдэг зүйл бий болсон нь их зөв санагдаж байна. Асрамжийн төвөөс гарч байгаа хүүхдүүдэд тэр дундаа охидод илүү анхаарах хэрэгтэй. Хараа хяналтгүй, зөвлөгөө өгөх хүн байхгүйн улмаас өсвөр насандаа жирэмслэн, өрх толгойлж буй залуу ээжүүдийн тоо нэмэгдэж байна.

НАМАЙГ БҮХ ТАЛААР ДЭМЖИЖ, ЗӨВ ХҮН БОЛОХ ЁСТОЙ ГЭДГИЙГ ХҮРЭЭЛЭЛ МИНЬ УХААРУУЛСАН

Тус төвийн 2007 оны төгсөгч Д.ЭНХЧИМЭГ:

-Ээж минь нас барж, 2003 онд төв дээр хоёр дүүтэйгээ ирж байлаа. Олон хүүхдийн дунд яаж амьдрах учраа олохгүй байх үеэс багш нар маань дэмжиж ирсэн. Даалгаврыг минь хийлгэж, дугуйлан секцэд хамрагдах бүхий л боломж олгосон. Миний хувьд амьдрал дээр гарч байсан учраас хоол хийж сурахыг зориод коллежид элсэн орсон ч тухайн үед сэтгэлзүйн таагүй уур амьсгал, бусдын гадуурхах үзлээс болоод сургуулиа орхиж байлаа. Түүний дараа 2009 онд Үйлдвэр, урлалын дээд сургуульд аялал жуулчлалын мэргэжлээр элсэн орсон. Хүнийг сул талаар нь доош нь хийдэг хүмүүс байхад, өргөөд гараад ирдэг хүн ч байдаг гэдгийг тэр үед их сургуулийнхаа багш, захирал зэрэг олон хүнээс мэдэрч байлаа. Намайг бүх л талаар дэмжиж, зөв хүн болох ёстой гэдгийг хүрээлэл минь ухааруулсан. Одоо хоёр хүүхдээ бусдыг хүндлэх, хайрлах, хэнийг ч ялгахгүй харьцах хэрэгтэй гэж хүмүүжүүлэхийг хичээж байна.

Ахмад төгсөгч Д.ИЧИННОРОВ:

-Би одоогоос 35 жилийн өмнө 1977 онд цэцэрлэгт ирж, 1985 онд анхны төгсөгч болж байлаа. Тухайн үед 104 хүүхэд хүмүүжиж байсан. Тэр үеийн гол онцлог бол хүмүүжлийн цаг гэж боддог. Багш нар маань хоол хийх, оёдол хийх зэрэг амьдралд хэрэгтэй бүхий л зүйлийг зааж, сурган, орос сургалтаар хүмүүжлийн төлөвшил олгодог байсан нь маш зөв санагддаг. Төвдөө ирэхэд сэтгэл их догдолж байна. Өдий зэрэгтээ авч яваа хамт олондоо баярлалаа.


“Өнөр бүл хүүхэд хүмүүжлийн төв” нийт хүүхдүүдээ нийгэмшүүлэх, өөр хүүхдүүдтэй харилцуулах үүднээс олон сургууль, цэцэрлэгт хүүхдүүдээ хүргэж өгдөг байна. Түүн дотор  хувийн сургуулиуд ч мөн тодорхой тооны сурагчдыг үнэ төлбөргүй суралцуулах боломжоор хангадаг ажээ. Тус төв тун дэг сайтай аж. Нэг багш 10 хүүхэд хариуцан ажиллах бөгөөд хүүхдүүд өрөөндөө дөрөв, таваараа амьдарна. Өрөөнд нь ороход эмх цэгцтэй. Тэд өдрийн хоолоо идэж, зарим нь зурагт үзэж байв.

Давхар бүр нь зохион байгуулалт сайтай төдийгүй шүдний кабинет, хүүхэд хөгжлийн хэсгүүдийг тусгайлан тохижуулж өгсөн нь хүүхдийн төлөө сэтгэлтэй байгууллага болохыг илтгэж байлаа. Хүүхдүүд багш нартайгаа яг л ээж, аавтайгаа харьцаж буй юм шиг ярилцах нь сайхан сэтгэгдэл төрүүлж байв.

Хүүхдийн дуу, инээд цангинасан газар хэзээд жаргалтай байдаг.

С.УНДАРМАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Д.БҮЖИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж