Жо Байден: Би бүх америкчуудын Ерөнхийлөгч байх болно

Хуучирсан мэдээ: 2020.11.08-нд нийтлэгдсэн

Жо Байден: Би бүх америкчуудын Ерөнхийлөгч байх болно

Жо Байден: Би бүх америкчуудын Ерөнхийлөгч байх болно

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяаг шийдэх мужуудын нэг Пенсильвани мужийн дүн өчигдөр орой /2020.11.08/ гарснаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Тус мужийн 20 төлөөлөгчийн санал дээр Невада мужийн зургаан төлөөлөгчийн санал нэмэгдсэнээр Байден нийт 290 санал авч ялалт байгуулжээ. Харин түүний өрсөлдөгч Дональд Трампын хувьд 214 саналтайгаар сонгуулийг дуусгаж байна. Гэхдээ тэрбээр сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, шүүхэд хандахаа мэдэгдлээ. Тэрбээр цар тахлын улмаас шуудангаар санал хураасан явдлыг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден нь 74 сая гаруй сонгогчийн санал аваад байгаа нь АНУ-ын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Өмнөх дээд амжилтыг 2008 онд Барак Обама тогтоож байжээ. Мөн тэрбээр АНУ-ын түүхэнд өмнөх Ерөнхийлөгчтэйгөө өрсөлдөөд ялж чадсан 11 дэх хүн болж байна.

Түүнчлэн Жо Байден нь 1988 онд мөн Ерөнхийлөгчид өрсөлдөж байсан бөгөөд үүнээс хойш 32 жилийн дараа, анх сенатын гишүүн болсноосоо хойш 48 жилийн дараа Ерөнхийлөгч болж байна. Тэрбээр АНУ-ын түүхэнд хамгийн өндөр настайдаа Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн хүн болох гэж байгаа юм. Байдены сонгосон дэд Ерөнхийлөгч Камала Харрис нь тус улсын түүхэн дэх анхны өнгөт арьст эмэгтэй дэд Ерөнхийлөгч болж байгаа юм. Камала Харрисийн эх нь Энэтхэг, эцэг Ямайк хүн ажээ.

Ийнхүү АНУ-ын түүхэнд хамгийн хүнд хэцүү цаг үед болсон сонгуульд ялж, АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден өнгөрсөн шөнө ард иргэддээ хандаж үг хэлсэн юм. Тэрбээр “Энэ агуу Америк улсыг удирдуулахаар намайг сонгосон явдал нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Бидний өмнө маш олон ажил байгаа хэдий ч юун түрүүнд миний төлөө саналаа өгсөн болон өрсөлдөгчийг минь дэмжсэн бүх америкчуудын  төлөө ажиллах Ерөнхийлөгч байна гэдгээ амлаж байна. Одоо Америкийн ард иргэд та бүхэн уур хилэнгээ хойш тавьж, нэгдэх цаг болсон гэж бодож байна. Би Америкийн дундаж давхаргыг сэргээж, энэ улсын ноён нурууг дахин босгож, АНУ-ыг дэлхий дахинаа хүндлүүлэхийн тулд ажиллах болно” хэмээн хэлэв.

Жо Байдены хувьд дэлхий даяар цар тахал нүүрлэсэн, тэр тусмаа АНУ хамгийн их хохирол амсаад буй хүндхэн цаг үед Ерөнхийлөгчөөр сонгогдож байна. Түүнчлэн тус улсад арьс өнгөөр ялгаварлах үзэл гаарч, ард иргэд нь хуваагдсан байдалтай байгаа юм. Дашрамд дурдахад, АНУ-ын Үндсэн хуульд нэгдүгээр сарын 20-ны өдрийг Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр хэмээн заасан байдаг.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж