Хип Хоп од ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.08.06-нд нийтлэгдсэн

Хип Хоп од ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Хип Хоп дуучин Wyclef Jean Хайтигийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр төлөвлөж байна хэмээн “CNN”-ний “Larry King Live” нэвтрүүлэгт оролцохдоо ярьсан байна. Энэ оны нэгдүгээр сард Хайтид хүчтэй газар хөдлөн их хэмжээний хохирол учруулж, олон хүний аминд хүрсний дараа тус улсад тусламж үзүүлсэн олон алдартнууд дундаас хамгийн ялгарч байсан нь Вайклэф Жан байсан бөгөөд тэрээр “Yele Haiti Foundation” сангаараа дамжуулан тусламжийн ажил зохион байгуулсаар байгаа юм.

“Тийм ээ, би одоо л анх ТВ-ээр энэ тухай шууд ярьж байна. Би өнөөдөр тэнд очоод, Хайтигийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр албан ёсоор мэдэгдэж, гарын зурсан” хэмээн энэ талаар ярьсан байна. Хайтигийн ерөнхийлөгчийн сонгуулиар 11 сард сонгогдох шинэ ерөнхийлөгч гамшигт нэрвэгдсэн тус улсыг сэргээн босгох нүсэр ажилтай тулгарах болно. Энэ оны 1 сарын 12-нд болсон газар хөдлөлтөөр Хайтид 220,000 хүн амиа алдаж, 180,000 гаруй хүн орон гэргүй болж, их хэмжээний дэд бүтэц сүйдсэн юм. Олон улсын байгууллагууд болон улс орнууд тус оронд олон тэрбум ам.долларын тусламж үзүүлэхээр амлаад байгаа юм.

Жан 1990-ээд оны дунд үед  нэрд гарч эхэлсэн америкийн хип хоп, регги стилийн “Fugees”хамтлагийн гишүүн юм. Тэр Хайтид төрсөн бөгөөд бага байхдаа АНУ-д ирсэн  байна. Тэрээр улс төрийн хувьд ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч “President” хэмээх дуундаа тэрээр “Дайн байлдаанд олон тэрбумыг зарцуулж байхаар ядуусын амьдралыг сайжруулна” гэж дуулдаг юм.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж