АНУ-ын Конгресст өргөн баригдсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль хүлээгдэж байгаа билээ. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Йохо нарын нэр бүхий гишүүд 2018 оны долдугаар сарын 26-ны өдөр Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм. Үүнээс хойш АНУ-ын Конгрессын 116 дахь бүрэлдэхүүн сонгогдсонтой холбогдуулан дээрх хуулийн төслийг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Сенат дахь Ардчилсан намын гишүүн Бен Кардин Конгресст дахин өргөн барьсан.
Гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох, Монгол Улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олноор нэмэгдэнэ гэж үзэж байгаа.
Уг хуулийн явц ямар байгаа талаар хэвлэлийнхэнтэй уулзах үеэр Гадаад харилцааны сайд Н.Энхтайванаас "АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа энэ ажил тодорхой үр дүнд хүрч, гарын үсэг зурах хэмжээнд хүрнэ гэж ойлгож байгаа. АНУ-ын Төрийн нарын бичгийн дарга М.Помпей Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Энэ айлчлалын үеэр дээрх асуудлыг нарийвчлан ярихаар төлөвлөж байсан" гэсэн юм.
Сонирхуулахад, манай улс дэлхийн ноолуурын 40-50 орчим хувийг нийлүүлдэг. Гэвч, санхүү технологийн шалтгаанаар ноолуурынхаа дөнгөж 10 хүрэхгүй хувийг дотооддоо боловсруулж, 90 орчим хувийг нь өмнөд хөрш рүү түүхий эдээр нь буюу хямд өртгөөр экспортолдог.