“Зэс эрдэнийн хувь” ХК нь Эрдэнэтийн овоо ордын исэлдсэн хүдрийг түшиглэн зэсийн үйлдвэр байгуулахаар болжээ. Энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажлын эхлэл болсон хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг өнөөдөр талууд хамтран байгууллаа. Тодруулбал, гэрээг “Зэс эрдэнийн хувь” ХК-ийг төлөөлж тус компанийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал, БльюМон группийг төлөөлж тус группын ерөнхий захирал Ц.Санжжав нар байгууллаа.
Ингэснээр жилд 5000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж байгуулах ажил ирэх тавдугаар сараас эхлэх болж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 45 сая ам.доллар аж.
Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ХБНГУ-ын “Ферростаал” компани, технологийн тоног төхөөрөмжийн нийлүүлэгчээр Финланд улсын “Оутотек” компани тус тус ажиллах юм байна.
“Зэс эрдэнийн хувь” ХК-ийн катодын зэсийн үйлдвэр ашиглалтад орсноор дөрвөн жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхөж, шинээр 140 гаруй ажлын байр бий болж, 40 мянга гаруй хувьцаа эзэмшигчид жил бүр ногдол ашиг хүртэн, жилд доод тал нь 7.084 тэрбум төгрөгийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх тооцоо байна.
Энэ талаар болон бусад асуудлаар “Зэс эрдэнийн хувь” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Алтанхуягаас тодрууллаа.
-“Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал овоолгыг дахин боловсруулах асуудал өнгөрсөн хугацаанд төр засгийн хэмжээнд тавигдаж, нэлээд асуудал үүсгэж байсан. Одоо ОХУ-ын зүгээс ч юм уу, ямарваа нэг шалтаг шалтгаан гарч ирэхгүйгээр овоолгыг ашиглах асуудал шийдвэрлэгджээ гэж ойлголоо зөв үү?
-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Монголын тал эзэмшдэг. Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж. Компанийн тухай хуулийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал нь компаниа төлөөлөөд аливаа үйл ажиллагааг эрхлэн явуулдаг юм байна. Тус үйлдвэр “Зэс эрдэнийн хувь” компаниас өмнө нь “Эрдмин”, “Ачит ихт” гэсэн хоёр компанитай энэ жишгээр ажилласан. Зөвхөн овоолгон дээр шүү. Үүнээс бусад чиглэлд тус үйлдвэр 10-аад компанитай хамтран ажиллаж байна.
Исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээг бид 2015 оны арван сарын 30-нд Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, “Эрдэнэт” үйлдвэр ХХК-тай байгуулсан. Эрдэнэтийн овоо ордын исэлдсэн хүдрийн овоолгыг 20 жилийн хугацаанд уусган хандалт, цахилгаан химийн технологиор дахин боловсруулах юм. Овоолгуудад нийтдээ 130 мянган тонн зэс агуулагдаж байгаа. Овоолгууд нь жилд доод тал нь 1 сая тонн хүдрээр өсөн нэмэгддэг. Ийм үйлдвэр байгуулах нь орон нутагт ч иргэд ч Монгол Улсад ашигтай учраас аль аль талаасаа татгалзах зүйлгүйгээр исэлдсэн хүдрийн овоолго ашиглах гэрээ байгуулсан.
Одоо харин үйлдвэрийг барьж байгуулахтай холбоотой хөрөнгө оруулалтыг БльюМон металс ХХК хийнэ. Жилд 5000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг барьж байгуулахад 45 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн.
-Үйлдвэрийг хэдий хугацаанд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байна вэ?
-Үйлдвэрийг 18 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулна.
-Үйлдвэрийн ажиллах нас хамгийн багадаа 20 жил гэсэн үү?
-Тийм ээ, хамгийн багадаа 20 жил ажиллана гэж тооцож байна. “Эрдэнэт” үйлдвэрт дахиад 40 жил ажиллах нөөц бий. Харин бид үйлдвэрээ “Эрдэнэт”-ээс урт хугацаагаар ажиллах боломжтой гэж харж байгаа. Яагаад гэвэл, одоо асар их хэмжээний ашиглагдаагүй хүдэр байна. “Эрдэнэт” үйлдвэр 40 жил ажиллахад мөн ийм хэмжээний овоолго гарна. Хуулиараа ч тэр технологийнхоо хувьд ч үүнийг ашиглах ёстой.
Г.ДАРЬ