УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс ирэх оны төсвийн талаар зарим зүйлийг тодрууллаа.
-УИХ-ын чуулганаар 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн зарлагыг хангалттай танаж чадсан уу?
-Аймгуудын хөрөнгө оруулалт харилцан адилгүй байна гэсэн шүүмжлэл байсан. Үүнийг төсвийн хоёр дахь хэлэлцүүлгээр засахыг оролдсон. Тухайлбал, Дундговь, Хэнтий аймгийн хөрөнгө оруулалтуудыг тодорхой хэмжээгээр бууруулсан. Нийтдээ 73 тэрбум орчим төгрөгийн эх үүсвэрийг гаргасан. Уг эх үүсвэрийг шаардлагатай зарим бүтээн байгуулалтад хөрөнгө оруулна. Ажил нь эхэлчихсэн атлаа санхүүжилт нь дутуу байсан объектуудыг дуусгая гэсэн зарчмыг баримталсан.
-УИХ-ын даргын урсгал зардлыг 14 тэрбум төгрөг, Монгол Улсын Ерөнхий аудиторын төсвийг 5.1 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн шалтгаан нь юу вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Аудитын байгууллагын төсөв хараат бус байхаар тусгасан. Засгийн газар 2021 оны төсвийн төслийг боловсруулахдаа Аудитын байгууллагын төсвийг бууруулчихсан юм билээ. УИХ-ын даргын төсөвт Их хурлын Тамгын газрын цалингийн нэмэгдэл ороогүй байсан. Цалингийн нэмэгдэл нийт 10 тэрбум орчим төгрөг болсон.
-Элдэв янзын халамжуудыг танаж чадсан уу?
-Цаашид халамжийн зардлуудыг бууруулах шаардлагатайг гишүүдийн олонх нь хэлж байгаа. Тиймээс үүнийг хууль эрхзүйн хүрээнд нь анхаарах буюу нийтдээ халамжтай холбоотой 40 гаруй хуулийг цөөлөх, цэгцлэх шаардлагатай байна гэдэгт санал нэгдсэн. Хуулийг нь өөрчлөөгүй байж шууд хасчихаж болохгүй байгаа юм.
Мөнгө олдог салбарт бус эсрэгээрээ зарлага нь нэмэгддэг зүйлд хөрөнгө оруулалт хийж ирсэн. Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн нь сайн хэрэг. Гэхдээ эдгээр салбарын зарлага тогтмол нэмэгддэг. Өмнөх жил нь нэг тэрбум төгрөгөөр цэцэрлэг барилаа гэхэд дараа жил нь нэг тэрбум төгрөгийн урсгал зардал нь төсөвт суудаг. Нийгмийн салбарын хөрөнгө оруулалтын муу тал нь энэ юм. Ийм байдлаар удаан үргэлжлэвэл цаашдаа зарлагаа дийлэхгүй болно. Тиймээс төсвийн төлөвлөлтийг эргэж харах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооноос Х.Булгантуяа гишүүнээр ахлуулсан.
-Хэд хэдэн музейн барилгуудыг танах боломж бий юу?
-Зураг төсөл нь хэдийнээ хийгдээд ажил нь эхэлчихсэн бүтээн байгуулалтуудын зардлыг хасах боломжгүй. Бариад л дуусгах нь зөв.
-Ирэх онд цалин, тэтгэвэр нэмэгдэх үү? УИХ дахь АН-ын бүлгээс тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх хуулийн төсөл өргөн барьсан?
-Ирэх жил цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй. Ажлын хэсэг дээр төсвийн байгууллагуудын зардлыг 3-5 хувь бууруулсан.
Холбоотой мэдээ